
“Буянт-Ухаа 2” Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэх хугацаа 14 хоног үргэлжлэн, өнгөрөгч шөнө дууслаа.
Нийт 34058 хүн бүртгүүлснээс энгийн түрээслэх бүлэгт 4264, түрээслээд өмчлөх сууцанд 30794 хүн бүртгүүлжээ. Үүнээс хувиараа бизнес эрхлэгчид болон залуу гэр бүлүүд хамгийн их бүртгүүлсэн байна.
Бүртгүүлсэн иргэдийн хувьд хэзээ сонгон шалгаруулалт явагдаж дуусах вэ, гэдэг хүлээлт үүсээд буй. Харин НОСК-ийн мэдээллээр бүртгүүлсэн иргэдийнхээ мэдээллийг шалгаруулах комисст хүлээлгэн өгөх юм. Харин нэг, хоёр хоногоос хэтрэлгүй шалгаруулах комисс хуралдан дуусах хугацааг зарлах аж. Ямар нэг будлиан, хуувилдаан гарахаас сэрэмжлэх үүднээс шалгаруулах комисст ажиллах хүмүүсийн нэрийг зарлах боломжгүй гэлээ.
Комисс анхан шатны шалгаруулалтыг хиймэгц сонгогдсон иргэд гурван хоногийн дотор материалаа бүрдүүлж өгөх ёстой. Хэрэв сонгогдсон иргэдээс материал зөрчилтэй бол дараагийн хүн орох боломжтой юм. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд бүртгүүлж чадаагүй иргэдэд зориулж хугацаа сунгах боломжгүй. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах болон бүртгүүлэх хугацаа зэрэг нь хангалттай байсан гэж үзэж байгаа юм.
Энэхүү бүртгэл нь нэг талаараа НОСК-ийн хийсэн судалгааг баталсан хэрэг байсныг албаныхан хэлж байв. Ийм их эрэлт байгаа нь иргэдийг орон сууцжуулах төлөвлөгөөг боловсруулах, дараагийн алхам хийх судалгаа болсныг дурдаж байв.