
Нийслэл дэх нийтийн эдэлбэр газрын байршлыг шинэчлэн тогтоох, эзэмшихээр олгогдсон газруудын эрхийг цуцлан газрын мэдээллийн санд бүртгэх ажил эрчимжиж байна. Ингэснээр нийтийн амарч зугаалах болон Нийслэлийн ногоон бүс бүхий газар худалдагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж буй. Өөрөөр хэлбэл хэрэв нийтийн эдэлбэр газрыг бусдад эзэмшихээр олговол эзэмшигч нь тухайн газрын зориулалтыг өөрчлөх, худалдах бүрэн боломжтой болно. Урьд нь нийтийн эдэлбэр газрыг эзэмшилд олгосноор банкны барьцаанд тавигдаж байсан тохиолдол ч гарч байсныг мөн дурдах хэрэгтэй болов уу.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “Нийтийн эдэлбэр газар”-ын байршлыг шинээр тогтоон бүртгэж байгаа ч хэдийнээ бусдад эзэмшихээр олгогдсон газрууд байгаа юм. Өнөөдрийн байдлаар таван газрыг эзэмших эрхийг цуцалж нийтийн эдэлбэр газар байхаар бүртгэн, баталгаажуулаад байна. Үүнд Сүхбаатарын талбайн урдах цэцэрлэгт хүрээлэн, Централ таурын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, МУИС-ын II байрны урд, Мэдээлэл технологийн паркийн хойдох талбай, Хан-Уул дүүргийн I хороо, 16 байрны өмнөх талбай зэрэг багтжээ.

Урьд нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 54, 2010 оны арвандүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 32, нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болгон барилга, байгууламж барихыг хориглосон боловч зарим байршилд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдож байгууламж баригдсан тохиолдол нилээдгүй гарчээ. Энэхүү шалтгаан нь 86 байршлынхаа эргэлтийн цэгийг нарийн тогтоож газрын мэдээллийн санд бүртгээгүй мөн тухайн байршлуудаа байгууллагуудад хариуцуулж өгөөгүй хяналт сул байснаас үүдэлтэй байсан аж