
Энэ сарын 06-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер буужээ. Үерийн улмаас айлууд усанд автлаа гэсэн таван удаагийн дуудлага ОБЕГ-т иржээ. Дуудлагийн дагуу шуурхай арга хэмжээ аван ажилласан байна.
Тодруулбал, Налайх дүүргийн нэгдүгээр хороо “Уурхайчид”-ын 25, 26, 27 дугаар гудамж усанд автсан байна. Иймээс Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги болон Цагдаагийн хэлтсийн нийт 13 алба хаагч, хоёр автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 250 метрийн урт үерийн ус зайлуулах даланг цэвэрлэж усыг зайлуулжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 27 дугаар хороо “Мана” амралтын газрын барилгын зоорийн давхар, 27 дугаар хорооны “Чухаг” хотхоны 21 дүгээр байрны зоорийн давхар, 7 дугаар хорооны “Хилчин”-ий 119 дүгээр гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн таван алба хаагч, нэг автомашинтай ажиллаж “Мана” амралтын газрын барилга болон 21 дүгээр байрны усыг насосоор соруулж, гудамжны усыг таван метрийн урт шуудуу ухаж зайлуулсан байна.
Чингэлтэй дүүргийн 19-р хороо “Тахилт”-ын дөрөвдүгээр гудамжны 21, 67, 128 тоот хашаа. Тус хорооны “Доод салхит”-ын зургадугаар гудамжны 52/а, 52/б, 53 тоот хашаа, Хандгайт зуслангийн “Задгай”-д иргэн Н-ын гэр усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 10 дугаар ангийн таван алба хаагч, нэг автомашинтай ажиллаж 5-10 метрийн урт шуудуу ухаж усыг зайлуулсан.
Хан-Уул дүүргийн 4,10 дугаар хороо 35 дугаар байрны зоорийн давхар, нэг айлын хашаа, гэр усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн долоон алба хаагч, нэг автомашинтай ажиллаж, гэр, хашааны усыг таван метрийн урттай шуудуу ухаж, байрны зоорийн давхарт орсон усыг насосоор соруулан зайлуулжээ