
Өчигдрийн борооны үеэр олон таагүй зүйл болсны нэг нь Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй "VIP" зочид буудлын барилга. Нилээн хазайлттай харагдах тус барилгын зургийг харсан иргэд "Хүн ороогүй байсан нь яамай даа" гэхчилэн нилээдгүй шүүмжилсэн. Харин Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх барилгад хэмжилт хийжээ.
Тайланд: "Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй “Скайциркл” ХХК-ийн захиалгатай “Сант-Од” ХХК-ийн зураг төслийн дагуу “Голомт консторакшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “VIP” зочид буудлын барилга угсралтын байдалд МХЕГ-аас хяналт шалгалт хийлээ.
2019.08.07-ны өдөр South NL32, South DSZ3, Sokkia SET210, South NTS-362R, South galaxy G1, South DSZ2, Sokkia powerset SET3000 маркийн электрон багаж хэрэгслээр хэмжилт хийхэд барилга хазайлтгүй, хэвийн байгаа нь тогтоогдлоо" гэжээ.
Тус барилгад тавдугаар сард хэмжилт шалгалт хийж байжээ.
МХЕГ-даргын батласан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/16 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, НМХГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02-01/46 дугаартай “Өргөх байгууламжид баталгаажуулалт хийх тухай” удирдамж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/103 дугаартай “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжуудын дагуу 05 дугаар сарын 21-ний хяналт шалгалт хийсэн.Шалгалтаар уг барилга нь Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0001212 008/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Утасны камерын өнцөг таараагүйгээс ийнхүү харагдаж болох аж. Зургийг нийтэлсэн сайт залруулга хийсэн байна.