Төрийн ордны зүүн талд буюу Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн урд талд газар цөмөрчээ. Тус газрыг цагдаа, онцгой байдал, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагаас хамгаалалтад авч шалгалт хийж байна.
Энэ талаар НМХГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргалаас тодруулахад, "Өчигдөр 17 цагийн үед газар цөмөрлөө гэсэн дуудлага манай байгууллагад ирсэн. Биднийг шалгалт хийхэд газар цөмөрч, хөндий суваг үүссэн байдалтай байсан. Магадгүй хуучны нууц хонгил эсвэл түүхийн олдвор байхыг үгүйсгэхгүй" гэв.
Харин аврах ангийн алба хаагчдаас тодруулахад, "Урьдчилсан байдлаар ойрын өдрүүдэд их бороо орсны улмаас тухайн газар цөмөрсөн гэсэн мэдээлэл байна. Хэр хэмжээний газар цөмөрснийг хэмжилт хийж байгаад мэднэ. Одоогоор тодорхой мэдээлэл алга" гэлээ.
Зарим албаны эх сурвалжаас мэдээлж буйгаар тус газар нь онцгой нөхцөл байдал үүссэн үед төрийн ордноос эрх баригчдыг нүүлгэн шилжүүлэх нууц хонгил байж магадгүй гэлээ.
