
“Буянт-Ухаа 2” орон сууцны шалгаруулалт өчигдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгосноор эхэллээ. Урьдчилсан бүртгэлд нийт 511 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүсэлтэй ирүүлсний 30-д нь орон сууц олгогдох ёстой. Шалгаруулалтын эхний босго хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг байлаа. 100 хувь чадвар алдалттай иргэд юун түрүүнд сонгогдож 90, 80 хувь гэхчилэн эрэмбэлэгджээ. Мөн түрээсийн байрны хөлс өрхийн нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байхаар заагдсан байж. Тэгэхээр хөдөлмөрийн чадварын зэрэг өндөр, ам бүлийн тоо олон мөн тэдгээр нь орлоготой байх ёстой гэсэн үг юм. Жишээ нь энэ шаардлагад 100 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, 11 гишүүнтэй өрх нэгдүгээрт шалгарчээ.
Сонгон шалгаруултад Хараагүйчүүдийн холбооны тэргүүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн гэх мэт холбогдох иргэний байгууллагуудын төлөөллүүд хяналт тавьж оролцов.
Хяналтаар ажилласан иргэд “Энэ удаагийн сонгон шалгаруулалтад ахиц гарсан байна. Гэхдээ дутагдалтай тал ч ажиглагдлаа. Учир нь ам бүлийн орлого чухал гэдгийг мэдээгүй байсан. Басхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит байдал тэр бүр харагдахгүй шалгаруулалт боллоо. Зөвхөн хувиар жагсаасан нь нэг талаар өрөөсгөл. Яагаад гэвэл 90 хувийн чадвар алдалттай хүн нэг гэр бүлд хоёр байгаа тохиолдол байгаа шүү дээ” гэсэн бол Хараагүйчүүдийн холбооны тэргүүн “Хараагүй хэвтэрт байдаг иргэн байдаг. Тийм хүний хувьд гэр хороололд амьдрах үнэхээр хэцүү. Харин орлого, ам бүлийн тоо бага гэдгээр хасагдаж байна. Үүнийг зохицуулах шийдлийг зөв болгомоор санагдсан” гэж байлаа.
Харин зохион байгуулагчдын зүгээс “Шалгаруулалт зохион байгуулалттай боллоо. Иргэдийн хүсэлтээ бөглөсний дагуу л шалгарууллаа. Энэ бол анхан шатны шалгаруулалт. Одоо шалгарсан иргэдийн материалыг авна. Хэрэв буруу өгсөн бол хар жагсаалтад орно” гэлээ.