
БСШУСЯ-аас 6-12 ангийн сурагчдын сурах бичгийг сургуулийн номын сангаар нь дамжуулан түрээсээр олгохоор боллоо.
Өнгөрсөн жилүүдэд бага ангийн хүүхдийн сурах бичгийг үнэгүй тарааж, харин 6-12 дугаар ангийн хүүхдийн сурах бичгийн 40 хувийг Төрөөс, 60 хувийг сурагчид өөрсдөө худалдаж авдаг байсан юм.
Энэ жил ийнхүү худалдахгүй түрээслэх болж буй нь зохиомол хомсдол үүсгүүлэхгүйн тулд юм. Сурах бичиг 1200-5000 төгрөгийн үнэтэй худалдагддаг байсан ч зарим хэвлэлийн компани, дамлан худалдаалагчид замаас нь их хэмжээгээр авч зохиомол хомсдол үүсгэн, үүссэн нөхцөл байдлыг ашиглан үнийг 2-3 дахин нэмж худалддаг байсан аж. Энэ жилээс хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ сурах бичиг худалдахыг бүрэн зогсоож байгаа хэрэг юм.
Ирэх есдүгээр сарын эхний хагас гэхэд бүх сургуулиудад сурагчдын тоогоор сурах бичиг тараагдсан байх бөгөөд жилийн эцэст сурагчдаас ашигласны бага хэмжээний мөнгийг авах юм. Энэ нь сурах бичгийн үнийн 20-40 хувиас хэтрэхгүй байна. Энэ мөнгө дараа жилийн сурах бичгийн дахин хэвлэлт болон, нөхөн олголтод зарцуулагдах юм.