
ХААН Банк ажилтнууддаа зориулан интерьер дизайны орчин үеийн сонирхолтой шийдэл бүхий номын санг нээлээ. Тус номын сангаар үйлчлүүлэгчид байгалийн сайханд амарч буй мэт аятай мэдрэмж авч байхаар зохиомжлогдсон аж.
Нээлтийн үеэр тус банкны гүйцэтгэх захиралын орлогч Р.Мөнхтуяа “Манай банк Монгол Улсын шилдэг аж ахуй нэгжийн хувьд эх орныхоо нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөгөө улам нэмэгдүүлэх ёстой. Ингэхдээ бид хүний нөөцийнхөө мэдлэг, мэдээллийг улам бэхжүүлэх хэрэгтэй” гэлээ. ХААН Банкны удирдлагуудын зүгээс ажилтнуудынхаа ажиллах тав тухтай, эрүүл орчныг хангах үүднээс уг төслийг 2018 оноос эхлүүлжээ.

Энэхүү номын сан нь дэлхийн стандартад нийцсэн бүхий л шаардлагыг хангасан аж. Тухайлбал, дуу тусгаарлагч хана, орчныг чийгшүүлэх тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Хамгийн сонирхолтой нь агааржуулагч бүхий тоног төхөөрөмжөөр уншигчдад байгалийн сайханд амарч буй мэт мэдрэмжийг төрүүлдэг юм байна.
Уг төслийг Өмчийн харилцааны газрын төслийн менежер О.Тэмүүлэн хариуцан ажилласан бөгөөд ажилтнууддаа оффисоос өөр орчинд буй мэт мэдрэмж төрүүлэх, үүгээрээ дамжуулан тэдний ажлын бүтээмж, шинэ санаачлагыг нэмэгдүүлэх зорилготой хэмээн онцолж байлаа. Тэрбээр өмнө нь ХААН Банк Цамхагийн төслийг гардан гүйцэтгэж байсан аж. Өдгөө номын сангийнхаа төслийг амжилттай хэрэгжүүлээд буй нь энэ.

Одоо номын сангийн доторх зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншигч танд хүргэе.
Тус номын сан нь чөлөөт уншлагын сонголт бүхий зургаан хэсгээс бүрдэх бөгөөд 100 орчим уншигчийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай гэнэ.
Тухайлбал, Номын сангийн цонхон талаар тухтай том буйдангууд болон жижиг ширээнүүдээс тавьсан байх агаад тухайн хэсгийг “Free reading zone” хэмээн нэрлэжээ. Энд залуус чөлөөт орчинд ном уншиж, уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Бүтээлч, шинэлэг байрлаараа эрс ялгардаг ХААН Банкны ажилтнуудын шинэ санаа эндээс л урган гарах болов уу гэлтэй.
Харин “Study zone” хэсэгт цэлгэр том ширээ байрлана. Энд төвлөрч суух шаардлагатай буюу олон улсын шалгалтад бэлдэх, судалгаа хийх үедээ ирэхэд тохиромжтой аж. Үүнээс гадна хамтдаа суугаад ярилцах, бусдадаа өөрийн санаагаа танилцуулах, багийн ажил шаардлагатай үедээ “Team study zone”-ийг ашиглах боломжтой. Энэ хэсгийн дуу чимээ шингээх тоноглол нь том дэлгэцтэй төгс хосолж, багийн ажиллагааг илүү дэмжиж өгөхөөрөө давуу талтай.

Бидний сонирхлыг илүү татсан удаах хэсэг бол номын тавиуруудын ард, далд хэсэгт байрлах, нэг талын хана тэр чигтээ дэлгэц байхаар шийдсэн “Mini Theater” юм. Энд ажилтнууд хувь хүний хөгжлийн тухай видео үзэж, цахим сургалт зохион байгуулах боломжтой. Өмнө нь ийм бичил театр бүхий номын сантай тааралдаж байснаа санахгүй байна юм. Харин ажлын ширээнээс түр ч болов холдон орчноо сольж, цонхоор хотыг тольдон сууж, өөрийгөө сонсох хэсэг бол “Comfort zone”. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд орчноо солих хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгвэл энэ хэсэг яг тохирно. Харин төвлөрлийн дээд цэгт очих боломжийг олгосон дараагийн онцлох хэсэг бол “Focusing Area”. Ажлын шаардлагаар зөвхөн өөртэйгөө ярилцаж, хаалттай орчинд ганцаар суух шаардлагатай бол энэ хэсэгт сууж ажиллах боломжтой.
Чөлөөт сонголт бий энэхүү номын сан нь 500 орчим номын фондтой. Сонголтын хувьд сүүлийн үед залуусын дунд трэнд болж буй номнууд, гадаад хэлний сурах бичгүүд, толь бичиг, утга уран зохиол, хувь хүний хөгжил, түүх, намтар, бизнес эдийн засаг, бусад гэсэн долоон төрлийн номтой. Үүнээс 200 орчим нь шинэ, 200 гаруй нь йхуучин гэнэ. Ажилтнуудаас хандиваар цуглуулсан номнууд ч энд багтаж буй аж.

