Гаитид булчин задрах тахал тархаж байна
Дэлхий нийтийг донсолгосон Гаитийн газар хөдлөлтөөс хойш арван сар өнгөрч байгаа ч тус улс одоо болтол ядуурал, үгүйрлийн туйлд оршсоор байна. Орон гэргүй болсон хүмүүс майханд амьдран, ундны цэвэр усгүй, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч байгаагаас янз бүрийн өвчин гарч байгаа аж. Одоогийн байдлаар 220 хүний амь насыг авч одоод байгаа энэхүү аюулт өвчний голомт нийслэл Порто- Пренсээс хойд зүгт байгаа . Нийслэл хотод булчин задрах тахлаар хүн өвчилсөн тохиолдол таван удаа бүртгэгдсэн ч бүгд хотын гадна халдвар авсан нь тогтоогдсон байна. 2010 оны эхээр болсон газар хөдлөлтөөр 300.000 хүнээ алдсан Гаити орны хувь заяа дэлхийн олон нийтийн санааг ихэд зовоож байна. Канадын Засгийн газар тус улсад нэг сая доллар хандивлахаа зарлаж, ДЭМБ-аас ч тусламж үзүүлэхээр боллоо. Булчин задрах тахал газар хөдлөлтөд өртөөгүй бүсэд тархаж эхэлсэн бөгөөд 3000 гаруй хүн халдвар авсан байж болзошгүй гэнэ. Гаитийн Эрүүлийг хамгаалахын сайд Алекс Ларсений хэлснээр энэ удаагийн булчин задрах тахал нь 01 хэмээх онц аюултай хэлбэр бөгөөд гурван цагийн дотор хүнийг үхэлд хүргэх аюултай. Өвчин тархсан бүс нутагт эмч сувилагч нарыг илгээн, цэвэр ус, эм эмнэлгийн хэрэгсэл ачуулаад байгаа ч 1.3 сая хүн амьдарч байгаа майхан хотхонд байдлыг хянахад хэцүү байгаа аж. Гаитийн ерөнхийлөгч Преваль өвчин тархсан бүс нутгуудаа эргэж тойрлоо. Тэрбээр “Энэ өвчин урьд нь манай оронд гарч байсан удаагүй тул халдвар гаднаас орж ирсэн байх магадлал өндөр” хэмээн мэдэгдээд, ард түмэндээ ариун цэвэр сахин, эмч нарын зөвлөгөөг дагахыг уриалав.
ШУВУУНЫ ХАНИАДААР НАС БАРЖЭЭ
Индонезийн Эрүү лийг хам - гаа лах яам шувууны H5N1 вирусээр халдварласан тохиолдол хоёр удаа гарсан талаар мэдээллээ. Энэ оны наймдугаар сарын 16-нд Баруун Жакартагийн 35 настай эрэгтэй шувууны ханиадны сэжигтэй эмнэлэгт хэвтэн, 10 хоногийн дараа нас баржээ. Эмч нар өвчтөний гэрийн ойролцоо их хэмжээний тахиа үхсэн байсныг олжээ. Хоёр дахь тохиолдол нь есдүгээр сард гарсан аж. Кота Депок хотын 40 настай эмэгтэй есдүгээр сарын 12-нд эмнэлгийн тусламж авсан ч тав хоногийн дараа нас баржээ. Түүнийг өвчлөхөөсөө долоо хоногийн өмнө шувууны зах дээр байсныг тогтоогоод байгаа аж. Лабораторийн шинжилгээгээр энэ хоёр хүнээс H5N1 вирус илэрсэн тул Индонезийн Засгийн газар түгшүүр зарлаад байна. Тус улсад шувууны ханиадны халдвар авсан 170 хүн бүртгэгдсэнээс 141 нь нас барсан аж.
ТӨВ АФРИКТ ХОЛЕР ГАРАВ
Төв Африкийг хамраад байгаа булчин задрах өвчин хэдэн сарын өмнө эхэлжээ. Борооны улирлын үеэр үер болж, хүмүүсийн ариун цэврийн нөхцөл муудсанаас үүссэн энэ өвчин овог аймгуудын нүүдэллэх үетэй таарсан тул их хурдан тархаж байгаа гэнэ. Энэ сарын эхний байдлаар гэхэд Камерун, Чад, Нигер, Нигери зэрэг дөрвөн улсад 40468 тохиолдол бүртгэгдэж, 1879 хүн нас баржээ. ДЭМБ-аас тэдгээр улсад ундны ус ариутгах техник, эм хэрэгслийн тусламж үзүүлж байна. Эдгээр улсын Эрүүлийг хамгаалах яамнаас Абужа хотноо булчин задрах тахалтай тэмцэх арга туршлага солилцон, харилцан туслалцах хурал зөвлөгөөн хийхээр болжээ.
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА
Пакистанд болсон үерийн уршгаар зургаан сая хүн эмнэлгийн тусламж авч чадахгүй болсон хэмээн ДЭМБ мэдээл лээ. Үерт 200 гаруй эмнэлэг сүйдсэн тул хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж чадахгүй байгаа аж. ДЭМБ-аас хоёр сая хүнд эм хүргэж өгөн, арьсны болон халдварт өвчин туссан 1000 хүнийг эмчилсэн байна. Зарим бүс нутагт ард олныг вакцинжуулах ажил эхэлж, шинэ эмнэлэг барьж байгаа ч байдал хүнд хэвээр байна. ДЭМБ-аас тэдэнд нийт 200 сая долларын тусламж үзүүлэхээр болжээ.
СЕНЕГАЛД ЧИЧРЭГ ГАРСАН БОЛОЛТОЙ
Нийслэл Дакараас 50 километр зайд орших Тиес мужид чичрэг өвчин гарсан байж болзошгүй хэмээн Сенегал улсын Эрүүлийг хамгаалах яамнаас анхааруулж байна. Гамбид ажилладаг 27 настай загасчнаас авсан цусны шинжилгээгээр чичрэг өвчний шинж илэрчээ. Тэрбээр 2007 онд болсон вакцинжуулалтад хамрагдаагүй байсан аж. Тиес мужид мөн Гамбигаас ирсэн загасчны сэтгэцэд өөрчлөлт орон, халуурч байгаа ч чичрэг өвчин гэж нотолж чадаагүй гэнэ. ДЭМБ-аас Гамби улсад энэ өвчин тархсан байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлж байна.
АНГОЛООС ПОЛИОМИЕЛИТ ТАРХАВ
Ангол, Конго улсад полиомиелит өвчин гараад байна. 2007 онд анх гарсан энэ өвчин энэ удаад урьд нь гарч байгаагүй газар нутгийг хамраад байгаа аж. Судлаачид энэ өвчин Анголоос Конгод орж ирсэн хэмээн үзэж байгаа бөгөөд 2010 оны сүүлээр полиомиелит өвчнийг бүрмөсөн устгах Үндэсний төлөвлөгөөг бүтэхгүй зүйл хэмээн мэдээлж байгаа аж. Хэрэв өвчний эсрэг арга хэмжээ авахгүй бол Африк тивд аюул учирна хэмээн ДЭМБ анхааруулахын зэрэгцээ тодорхой ажил хийхгүй байгаа хоёр орны Засгийн газрыг шүүмжилсэн байна. Мөн энэ оронд аялах, очих хүмүүс вакцин тариулах шаардлагатайг сануулжээ.
УНГАРЫН АЮУЛ БАГАСЛАА
Унгарын хөнгөн цагааны үйлдвэрт болсон ослын уршиг, хүн амд нөлөөлөх хорыг судалсан ДЭМБ-ын судалгааны хэсэг ажлаа дууслаа. Судлаачид химийн хорт бодисын хор нөлөө багассан тул осол болсон бүст ундны усанд ямар ч хор байхгүй хэмээн мэдэгдэв. Химийн бодис урссан газар оронд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд байдал сайжирч байгаа ч иргэдийн эрүүл мэндэд хяналт тавьж байх хэрэгтэй гэж анхааруулсан байна. Уг ослын үеэр есөн хүн нас барж, 150 хүн гэмтсэн юм.
АРАБ ХҮҮХДҮҮД ТАРГАЛСААР
Арабын Нэгдсэн Эмират Улсын хүүхэд залуус жин нэмэгдэх, зүрх өвдөх, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх нь эрс нэмэгджээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар сүүлийн үед хүүхэд багачуул биеийн хөдөлмөр эрхлэхгүй, спортоор хичээллэхгүй байгаа нь үүний гол шалтгаан гэнэ. ДЭМБ-ын судалгаагаар АНЭ улсын 13-15 насны хүүхдүүдийн 78 хувь нь зүрх судасны өвчнөөс сэргий лэх хэмжээний биеийн хөгжилгүй байгаа аж. “Араб хүүхдүүд кафе зэрэг түргэн хоолны газарт хооллон, өдөрт гурваас доошгүй цаг телевиз үзэж, компьютерийн өмнө суун өнгөрөөж байгаа тул биеийн хөгжил дутмаг байх нь аргагүй. Тэдэнд биеийн тамираар хичээллэх цаг алга байна” гэж судалгаанд дурдсан байна. Мөн залхуу эцэг эхчүүдийн муу нөлөө үүнд их байгаа гэнэ. Газрын тосоор баяжсан Арабын орны ард түмэн биеийн хүчний ажил хийхгүй, спорт хөөдөггүйгээс бүх нийтээрээ таргалан, зүрх судас, бөөрний дутагдалд орж магадгүй хэмээн анхааруулав.
М.СУГАРАА