Улаанбаатар хот энэ хавар урьд жилүүдийнхээс илүү хөл хөдөлгөөн, үймээн бужигнаантай байна. Нийслэлийнхэн энд ч элдэв өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулаад, тэнд ч зам хааж, газар шороо малтан, барилга, байгууламж буулгаад амгалан тайван амьдрах байтугай аюулгүй зорчих боломж ч олгохгүй хотынхныг стресстүүлэх боллоо. “20 минутын хот”, “2040 төлөвлөгөө”, “24 мега төсөл” зэрэг сүржин нэртэй бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг албаны хүмүүс аманд орж, чихэнд хоногштол ярьж, үүнийхээ хүрээнд хааж боох, нураан сүйтгэх, буулган “цэвэрлэх” кампанит ажлыг хот даяар өрнүүлж буй энэ цагт нийслэлчүүд нэг л хүнийг хэн бүхнээс илүү “үгүйлж”, эрж хайжбайна. Тэр бол Улаанбаатар хотын ерөнхий архитекторын албан тушаалд томилогдоод есөн сар орчмын нүүр үзэж буй Ч.Төгсдэлгэр.
Z үеийн төлөөлөл болсон, мэдлэг, чадвартай залуу бүсгүйг хотын ерөнхий архитектороор томилсон тухай мэдээллийг нийслэлийнхэн өнгөрсөн намар сүр дуулиантай гэгч нь түгээж байв. Хотын дарга Х.Нямбаатар Яармаг дахь захиргааны шинэ байрнаасаа лайв хийж, түүнийг анх танилцуулж байсан юм. Хот байгуулалт, төлөвлөлтөөр дэлхийд үлгэрлэдэг Японд магистр, докторын зэргээ хамгаалсан, тус орны томоохон компаниуд болон Дэлхийн банканд хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажилласан туршлагатай мэргэжилтнийг улс орондоо хүчин зүтгээч ээ хэмээн урьж залж авчирсан хэмээн нийслэлийн Засаг дарга ярьсан. Харин архитектор бүсгүй тамгаа хүлээж авсан даруйдаа “Төрөлх хотоо өөрчилж, алдааг нь засахын төлөө сурч мэдсэнээ зориулахаар ирсэн. Би иргэн хүнийхээ хувьд залуучууд ажиллаж байж өөрчлөлт авчирна гэдэгт итгэдэг. Ажлаа хариуцлагатайгаар, хичээнгүй хийх болно. Улаанбаатар хот иргэндээ, байгальд ээлтэй, гамшигт тэсвэртэй, аюулгүй байх ёстой” гэж хэлж байв.
Ярьсан зүйлс, гаргасан шийдвэр болгон нь иргэдийн уур унтууцлыг хүргэж, шүүмжлэл дагуулдаг хотын мээрийн энэ томилгоо олон нийтээс “оноо цуглуулсан” гэхэд хилсдэхгүй. Хот байгуулалтын тухай хуулийн дагуу 2000 оноос хойш томилогдсон архитекторуудаас анхны эмэгтэй нь тэр байв. Мөн хамгийн залуу буюу шинэ үеийн төлөөлөл, хот байгуулалтын чиглэлээр гадаадад мэргэжил эзэмшсэн, туршлагатай гэдэг нь түүний гол онцлог, давуу тал болсон. Тиймдээ ч нийслэлчүүд “Хотын дарга архитекторын албан тушаалд өөрийн хүнээ томилж, аясаараа хөдөлгөдөг ужгирсан жишгийг халлаа”, “Өмнөх хүмүүсийн алдаа завхарлыг засаж залруулах боломж бүрдэв” гэхчлэн бичиж, дэмжиж байлаа. Тэрчлэн шинэ мэргэжилтний “Залуучууд өөрчлөлт авчирна гэдэгт итгэдэг. Төрөлх хотынхоо төлөө хариуцлагатай, хичээнгүй ажиллах болно” хэмээх үг ч олны итгэл, дэмжлэгийг хүлээхэд нь нөлөөлсөн болов уу.
Харамсалтай хийгээд хачирхалтай нь тэрбээр сүр дуулиан, урилга заллага болж гарч ирсэн шигээ эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй, шуурхай, шийдэмгий ажиллаж чадсангүй. Сүүлийн үед нийслэл хот ерөнхий архитекторгүй юм шиг л байна. Есөн сар гэдэг бол аливаа шинэ албан тушаалд томилогдсон, ажил үүрэг хүлээж авсан хүнийг хэн нь хэн бэ гэдгийг таньж мэдэхэд, юу хийх чадамжтай вэ, ер нь цаашид үр дүнтэй ажиллаж чадах уу гэдгийг нь үнэлж дүгнэхэд хангалттай хугацаа. Засгийн газар хүртэл 100 хоногт юу хийснээ, ямар бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх суурийг тавьснаа олон нийтэд тайлагнаж, мэдээлдэг шүү дээ. Төрийн, ялангуяа хот, нийтийн ажил ийм л хурдтай, хэмнэлтэй үргэлжилдэг. Харин шинэ архитектор үүнийг мэдрэхгүй, ойлгохгүй, төөрч будилж яваа бололтой.
Хот байгуулалтын тухай хуульд эрх, үүргийг нь тусган оруулсан мэргэжлийн ганц албан тушаал бол ерөнхий архитектор. Энэ хүмүүс хот байгуулалттай холбоотой үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, зохицуулах, мэргэжил, арга зүйгээр хангах, хяналт тавихаас эхлээд үүнтэй холбоотой бодлого, дүрэм журам, эрх зүйн актуудыг боловсруулах, хэрэгжүүлэх, санал оруулах онцгой эрх, үүрэг хүлээдэг. Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахад чиглэсэн хот байгуулалтын үндсэн баримт бичиг болох хөгжлийн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, танилцуулдаг. Үндсэндээ хот суурины газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын бүх ажил энэ хүний гараар дамждаг, мэдэлд нь өрнөдөг гэж ойлгож болно. Ийм албан тушаалд очсон хүмүүсийг “ерөнхий төлөвлөгөөний манаач”, “хотын капитан” гэх зэргээр өргөмжилдөг нь хот байгуулалт, төлөвлөлтийн салбарт гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөөллийг нь тодотгосных. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд ерөнхий архитектороор ажилласан хүмүүс энэ их итгэл, үүрэг хариуцлагыг өндөрт өргөж чадаагүй. Тэр нь л дориун ажилласан гээд ам бардам хэлчихмээр, нэрлэчихээр хүн үнэндээ үгүй. Бүгд л ямар нэгэн байдлаар мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн утсан хүүхэлдэй болж, бодлого, шийдвэр, гарын үсгээ худалдсан. Үр дүнд нь авто замын түгжрэл, агаар, орчны бохирдолд живсэн, тайван алхах орон зайгүй болтлоо бетонон байгууламжид эзлэгдсэн, өнөөгийн халтар, навсгар Улаанбаатар бий болсон юм. Одоо ч яг энэ янзаараа, дордсон уу гэхээс дээрдсэн, өөрчлөгдсөн зүйл алга.
Бурангуй тогтолцоог халах, өөрчлөлт, шинэчлэл хийх нийгмийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан парламент, Засгийн газар, нийслэлийн захиргааны байгууллага гээд төрийн эрх мэдэл, чиг үүргийг хэрэгжүүлдэг шат шатны аппаратад шинэ, залуу үеийн төлөөллийг сүүлийн үед бодлогоор томилдог жишиг тогтоод байна. Олон нийт тэр болгоныг харьцангуй эерэг талаас нь хүлээн авч, залууст итгэл хүлээлгэж байгаа бол нөгөөтээгүүр, үүнийг зөвхөн нам, улс төрийн имиж, жендерийн тэгш байдлыг хангах оролдлого төдийхнөөр харж хийдэг явцуу хандлага газар авав. Бэлгэдлийн шинж чанартай томилгоо бэлгэдлийн эрх мэдэлтэй залуусыг бий болгосоор. Өөрчилж, шинэчилнэ, буруу булхайг сөрж зогсоно, мэдлэг, туршлагаа эх орондоо зориулна хэмээн зориг зүрх, итгэл үнэмшилтэйгээр орж ирсэн залуус хэсэгхэн хугацааны дараа хий нь гарсан бөмбөг шиг шалчийгаад, усанд хаясан чулуу шиг алга болчхож байна. Үүний тод жишээ нь Z үеийн төлөөлөл гэгдэх архитектор бүсгүй.
Уншигчид анзаарсан бол энэ жил нийгмийн зүгээс эсэргүүцэл, шүүмжлэл дагуулсан олон ажил Улаанбаатар хотод өрнөж байна. Үерийн хамгаалалтын далан байгуулах нэрээр Сэлбэ, Дунд голыг сүйтгэсэн төсөл, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэгцлэх нэрийдлээр ТҮЦ эрхлэгчдийг гудамжинд хөөж гаргасан “хөдөлгөөн”, соёлын өвийн жагсаалтад орсон барилга (нийслэлийн ЗДТГ-ын байр)-аа нурааж суурин дээр нь олон улсын зочид буудал сүндэрлүүлэх санаачилга, Яармагийн шинэ гүүрний зэргэлдээх Дунд голын үерийн даланг сэргээх стандартын бус ажил гээд дурдвал өчнөөн. Энэ болгонд улаанбаатарчууд хотын ерөнхий архитектор ямар оролцоотой, байр суурьтай буйг нь сонирхож, түүнийг ил гарч ажиллахыг шаардаж байна. Сэлбийн далангийн асуудал нийгэмд ид дуулиан болж байхад олон хүн хотын архитекторыг цахим сүлжээнд нэр цохож, эрж сурагласан ч тэр гарч ирээгүй. Инженерийн шугам сүлжээнд ээлжит засвар хийх нэрийдлээр нийслэлчүүдийн хэрэглээний халуун усыг хэдэн өдөр, сараар ээлж дараалан хязгаарлах болсон, авто замын ажлуудтай холбоотойгоор аюулгүй, чөлөөтэй зорчих эрх чөлөөгөө урьд урьдынхаас илүү боомилуулсан энэ үед ч иргэд түүнийг эрж сурагласаар.
Харин залуу мэргэжилтэн маань хотын мега төслүүд, ерөнхий төлөвлөгөө, дэд төв, “Хүннү хот”-ын бүтээн байгуулалт гээд бодит байдал дээрээ газардах сөхөөгүй яваа бололтой.
Тэрбээр “2040 он гэхэд Шарга морьтыг Улаанбаатарын дагуул хот болгож, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд байгуулна”, “Дэд төвүүдийг хөгжүүлж, хотын төвлөрөл, хүний болон эдийн засгийн урсгалыг задална”, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөнө”, “Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төв, бүс байгуулна” гэхчлэн агаарын гэмээр зүйлс ярьж явна. “Уулан дээр амьдарч буй иргэдийн газрыг орон сууцаар сольж авч, чөлөөлөгдсөн хэсгийг нь ногоон байгууламж болгоно” гэснийг нь мэргэжлийн хүмүүс доог тохуу болгон ярьцгааж байна. Үнэндээ бидэнд нийслэлд хэрэгжүүлэх мега төсөл, сураг чимээ төдий байгаа шинэ хотуудын ирээдүй бус, Улаанбаатарын одоогийн нөхцөл байдал, маргаашийн хувь заяа илүү чухал, үнэ цэнтэй. “Бетонон ширэнгэ” хэмээх хоч зүүтлээ барилгажсан хотыг амьдрахад таатай, алхах орон зайтай болгохын төлөө ажилладаг, санаа бодлоо чилээдэг хүн нийслэлчүүдэд хэрэгтэй. Улаанбаатарын тулгамдсан асуудлуудыг шийдэх чиглэлээр үр бүтээлтэй, идэвх санаачилгатай, өндөр хариуцлагатай ажиллахыг иргэд нийслэлийн удирдлагуудаас шаардаад эхэлмэгц тэд дааж давшгүй хүнд ялд унасан мэт аяглаж, урт хугацааны бодлого, төлөвлөгөө л аминд орно хэмээн ам тагладаг. Харин хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс манай нийслэл дэлхийн бусад хот, суурины л адил хөгжлийн шалгууртай нүүр тулж яваа, яадгаа алдаад хөг нь өнгөрчхөөгүй, аврах гарц шийдэл хангалттай бий хэмээн өөдрөгөөр хардаг юм. Тиймээс л хотын ерөнхий архитекторыг хөрсөн дээрээ газардаж, ажлаа хийсэн шиг хийхийг хүсэж, бас шаардаж байна. Та фэйсбүүктээ “Алхахад таатай хот бол бидний ирээдүй” гэж бичжээ.
Тийм ээ, аюулгүй, чөлөөтэй зорчих орон зай бол нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд төвөг саадгүй хүргэх гол зам, хотын хөгжлийн үндэс. Харамсалтай нь, нийслэлчүүдэд өнөөдөр 100 метр газарт ч айх айдасгүй, амар тайван алхах боломж, нөхцөл алга. Таны хэлсэн “иргэндээ ээлтэй, аюулгүй хот”-ыг цогцлоох ажил эндээс л эхлэх болов уу. Шинэ, залуу үеийн төлөөлөл болсон мэргэжилтэн, албан тушаалтнуудад иргэд итгэл хүлээлгэж, дэмждэг гол шалтгаан нь ужиг тогтолцоо, хуучин арга барилыг сөрж ажиллах зориг зүрх, шинэ жишиг, хандлагыг хүссэндээ л тэр юм.
Н.Мишээл