Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын галт бамбарыг өчигдөр асааж, тамирчид болон шүүгчид тангараг өргөлөө. Галт бамбарын буухиа аяллыг өвөл, зуны наадмаас медаль хүртсэн шилдэг тамирчид Д.Сүхбаатарын талбайгаас эхлүүллээ. Уг галт бамбарыг буудлага спортын өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, 2025 оны залуучуудын УАШТ-ий хошой алтан медальт, Залуучуудын УАШТ-ий дээд амжилтыг шинэчлэн тогтоогч Я.Маргад болон усан сэлэлтийн спортын хамгийн залуу олон улсын хэмжээний мастер, насанд хүрэгчдийн долоон дээд амжилтыг эзэмшигч Э.Эрхэс нар асаалаа.
Нийслэлийн 19 байршилд зохион байгуулж буй эл наадамд 21 аймаг, есөн дүүргийн 9-17 насны нийт 6120 тамирчин спортын 31 төрөлд 271 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Ингэхдээ чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөг, самбо, усанд сэлэлт, таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, и-спорт, модон барилдаан, холимог тулаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөл бөмбөг, хүндийг өргөлт, бокс зэрэг төрлөөр зохион байгуулах юм. Мөн пара бочи, хөнгөн атлетик, хонхот бөмбөг, даам, тусгай хөнгөн атлетик, хамтарсан хөл бөмбөгийн төрөлд шилдгүүдийг шалгаруулах аж.
Тус наадмын урьдчилсан шатанд 9-17 насны 15 мянга гаруй тамирчин оролцсон байна.
У.Сүрэн