Дэлхийн орнуудыг төрийн чадавх, засаглалын чанараар нь үнэлдэг “Chandler good government index-2025”-д Монгол Улс 76 дугаар байрт эрэмбэлэгджээ. Сингапурт төвтэй Чандлерын засаглалын судалгааны хүрээлэнгээс гаргадаг уг индексийн үзүүлэлтээр манай улс 2021 онд 88-д жагссан бол таван жилийн хугацаанд 12 байраар урагшилж, Арабын Нэгдсэн Эмират, Итали, Вьетнам, Йордан зэрэг оронтой “өндөр ахиц үзүүлсэн” ангилалд багтсан байна. Засаглалын багц үзүүлэлтүүдээс төрийн манлайлал, алсын хараа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, олон улс дахь байр суурь, нэр хүндийн шалгуураар хамгийн өндөр буюу 84-89 оноо авчээ. Харин хамгийн муу оноог хууль, эрх зүйн орчны тогтвортой байдал, санхүүгийн удирдлага, хүн нэг бүрд чиглэсэн оновчтой бодлого гэсэн ангилалд авсан байна. Уг индекст өнөө жил 120 улсыг хамруулсан аж. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад Арабын Нэгдсэн Эмират, Испани, Хятад, Вьетнам хамгийн тогтвортой ахиц дэвшил гаргасан улсаар нэрлэгджээ.
Ж.Сувд