Монголын ширээний теннисний ахмад тамирчин, спортын мастер Б.Одонтуяа энэ спортоор хүүхэд байхаасаа хичээллэж, амжилт гаргажээ. Аавыгаа дагаж гүйдэг байсан охины сэтгэлийг нэг л өдөр теннис өөртөө татаж, эргэж буцахааргүй хөл тавиулсан гэдэг. “Хөдөлмөр” нийгэмлэгт бэлтгэл хийж, спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр Украйн улсад сурахаар хилийн дээс алхсан цагаасаа орос оюутнуудтай теннис тоглож, ур чадвараа ахиулсан байна. Тэндээс ирээд III цахилгаан станцад өндрийн трубиний машинистаар орж, дотоодын томоохон тэмцээнүүдэд байгууллагаа төлөөлж оролцдог болсон нь амжилт гаргах эхлэл байв. Жилээс жилд тоглох арга барил, техникээ сайжруулсан тэрбээр олон улсын тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнд багтаж, гадаадын тэмцээнээс нэг бус удаа медальтай ирсэн юм. Өдгөө ширээний теннисний спортын хүрээлэлд түүнийг танихгүй хүн ховор. Теннисээс гадна софт волейболоор хичээллэж, багийнхантайгаа дүүргийн аварга болж, Улаанбаатар хотын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн түүнийг МҮОХноос “Алтан очир” одонгоор өнгөрсөн жил шагнасан билээ.
-Хөнгөн атлетикаар хичээллэх дуртай байсан охины сэтгэлийг ширээний теннис тэгтэл их татсан нь сонирхолтой санагддаг. Спортын төрлүүдэд хүнийг татах увдис байдаг юм шиг ээ.
-Аав минь спортод дуртай, хөнгөн атлетикаар хичээллэдэг хүн байлаа. Би бэлтгэл хийхэд нь дагаад гүйнэ. V ангийн сурагч байхад аав нэг өдөр бэлтгэлээ хийж ирснийхээ дараа надтай теннис тоглоход их сонирхолтой санагдсан. Түүнээс хойш энэ спортод өөрийн эрхгүй сэтгэл татагдсан юм. Амралтын өдрөөр хашаандаа гэрийн шалнаас хамгийн уртыг нь авч теннисний ширээ болгоод тоглоно. Х ангид орсон жилээ тууштай хичээллэх шийдвэр гаргаж байлаа. Биднийг хүүхэд байхад спортын төрлүүдээс ширээний теннис эрчимтэй хөгжиж, хүн бүр тоглодог сон. Теннис хэрхэн тоглох аргыг хашаандаа анх сурсан ч бэлтгэл хийж үзээд өөр болохыг нь мэдсэн. Сургуулиа төгсөөд Украйн руу сурахаар явлаа. Тус улсад сурах оюутнуудыг авч явсан Лхагважав багш теннис сайн тоглоно. Хичээл тарсны дараа багш бид хоёр орос оюутнуудтай тоглож, арга барил, техникээс нь сурч билээ.
-Украйнаас ирээд III цахилгаан станцад ажилд орсон танд байсхийгээд л байгууллагаа төлөөлж тэмцээнд оролцох хүнд санагддаг байв уу?
-Тэр үед ширээний теннис тоглож сурсныхаа хэргийг тэмцээний талбарт гаргаж, багтаа хожил авчирдаг байв. Манайхан байгууллагаараа аварга болж, ОХУ-ын Буриадын Иркутск хотод болсон олон улсын тэмцээнд оролцохоор явлаа. Би тус байгууллагад өндрийн трубиний машинистаар 13 жил ажиллахдаа ширээний теннис, волейболын тэмцээнд оролцох гэж олон удаа чөлөө авсан даа. Тамирчин байх сайхан. Хаана ч явсан нэр хүндтэй. Байгууллагын маань дарга хэр баргийн хүнд олгодоггүй чөлөөг надад л өгнө. Манай байгууллага олон цехтэй. Цехүү¬ дийн дунд болсон волейболын тэмцээнд манайхан түрүүлнэ. Медаль хүртсэн багууд сорил тэмцээнд хоёр удаа оролцож, түрүүлсэн нь олон улсын тэмцээнд оролцох эрх авдаг байв. Хан-Уул дүүргийн тамирчид “Хөдөлмөр” нийгэмлэгт харьяалагдана. Тухайн үед тус нийгэмлэгийнхэн Төмөр-Очир захирлын удирдлагад спортын төрлүүдийн томоохон тэмцээнд оролцож, тэргүүн байрны төлөө хүчтэй өрсөлддөг байв. Ширээний теннисний тамирчид хойд хөршийг зорьж, Буриадын Улаан-Үд хотод болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Тэр тэмцээнээс тамирчны гараагаа эхлүүлж, өнөөг хүртэл тоглож байна. Би одоо Баянзүрх дүүргийн ахмадын хорооны тамирчин. Дүүрэгтээ болсон ахмадын АШТ-д багийнхантайгаа байнга оролцдог. Миний тоглохыг харсаар байгаад ширээний теннис руу урвачихсан найз цөөнгүй бий. Тэднээс манай хороонд ажилладаг хэсгийн ахлагч бүсгүй, мөн надтай хамт III цахилгаан станцад олон жил ажилласан найз минь тамирчин болж, дүүргээ төлөөлөн өрсөлддөг. Бид ажилтай тул ойрхон уулзаад байдаггүй. Найзуудтайгаа тэмцээнд оролцохдоо таарч, тоглолтын дараа ярьж, хөөрдөг юм.
-Ширээний теннисний дотоодын томоохон тэмцээнүүдээс Улаанбаатар хотын АШТ өрсөлдөөнтэй болдог. Баянзүрх дүүргийн баг тус тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж харагдсан даа.
-Тийм ээ. Одоо алтан медаль авах л дутуу байна. Сүүлийн үед ширээний теннисний тоглолтод өөрчлөлт орж, нугалаа бий болсон. Өмнө нь нугалаа байгаагүй, хэсгээсээ гараад финалын төлөө тоглодог байв. Бид дүүргийнхээ Иргэний танхим дахь клубт чөлөөт цагаараа бэлтгэл хийдэг. Эрүүл, идэвхтэй, эрч хүчтэй амьдрахын тулд дасгал, хөдөлгөөн зайлшгүй хэрэгтэй. Хааяа ажлын алжаал, стресс бухимдлаа тайлж, хөлсөө гартал тоглох таатай санагддаг. Цар тахал дэгдсэн он жилүүдэд найз нөхдөө санаж, тэмцээн, бэлтгэлээ маш их үгүйлсэн. Ширээний теннис тоглоогүй бол би спортын мастер цол хүртэхгүй, МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнуулахгүй байлаа. Өнгөрсөн жилийн долоодугаар сард өөрийгөө энэ том одонгоор шагнуулна гэж огт төсөөлөөгүй явсан. Тамирчин хүний амжилт олны нүдэн дээр ил байдаг. Олимпын хороонд очоод шагналаа гардаж авахын өмнө “Спортын мастер цол хүртэж, “Алтан очир” одонгоор энгэрээ мялаах хэмжээнд хөдөлмөрлөжээ” гэж бодож билээ. Хүн спортоор хичээллэхэд хэзээ ч оройтдоггүй. Тэр дундаа ширээний теннист насны хязгаар байдаггүй.
-Та өнгөрсөн жил төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан ширээний теннисний тэмцээнд ахмадын хороогоо төлөөлж, дүүргийнхээ ЗДТГ-ын багийнхантай өрсөлдөөд түрүүлсэн байна билээ.
-Би тус тэмцээний ганцаарчилсан төрөлд залуустай ана мана тоглоод алтан медаль хүртсэн юм. Тэдэнтэй тоглохдоо хурдыг нь гүйцэхгүй хожигдох болов уу гэж эхэндээ эмээж байв. Бидний насанд залуусыг хожих амаргүй шүү дээ. Сурсан техникээрээ тоглож хожоод “Өөрийгөө голох болоогүй шүү” гээд бодож билээ. Ангийнхан минь намайг тамир¬ чин гэдгийг мэддэггүй. Төгсөлтийн 40 жилийн ойн баяраар уулзахдаа “Чамайг теннис мундаг тоглодог гэж үнэхээр төсөөлсөнгүй” гээд гайхаж байв. Амжилтаа бууруулахгүй ахиулах нь хичээл зүтгэлээс их хамаардаг.
-Тамирчдад цаг хугацаа хамгаас үнэтэй байдаг. Та ч гэсэн бүх зүйлээ төлөвлөж сурсан биз?
-Тамирчдын амжилт бэлтгэл хийсэн цаг хугацаа, он жилээс хамаардаг тул энгийн хү¬ мүүсээс илүү үнэ цэнийг нь мэдэрдэг. Тиймээс бүхнийг төлөвлөж, зорьсон зүйлдээ цаг гаргадаг. Миний багшийг Г.Гонгоржав гэдэг. Бид ямар ч тэмцээнд оролцсон байнга тааралдана. Ажлынхаа заваар багштайгаа Чингэлтэй дүүргийн “Оч” клубт бэлтгэлээ базаадаг. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК өнгөрсөн жил эрчим хүчний байгууллагынхны дунд тэмцээн зохион байгуулахад багш “Би медаль хүртэнэ. Харин чи хичээж, заавал байр эзэлнэ шүү” гэв. Миний хувьд түүний үг хууль л гэсэн үг. Багшийн итгэлийг даана гэдэг хүндхэн даалгавраас ялгаагүй. Намайг тааруухан тогловол толгой сэгсэрч, дориун байвал толгой дохидог хүн дээ. Тэр тэмцээнд багш алт, би мөнгөн медаль хүртсэн. “Миний шавь мундаг байна, баяр хүргэе” гээд урам хайрлахад нь их баярласан даа.
-Ширээний теннисний ахмад тамирчдаас таны гэр бүлийг их спортлог гэж сонслоо.
-Манайх гурван хүүтэй. Ууган хүү хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер цолтой. Өвөөгийнхөө хичээллэдэг спортыг өвлөсөн. Цэргийн байгууллагад ажилладаг болохоор марш тактикийн тэмцээнд байнга оролцдог. Отгон хүү Өмнөговь аймагт ажилладаг. Ширээний теннис, волейболд сонирхолтой. Намайг дуурайгаад тоглодог юм. Би хүүхдүүдтэйгээ спортын яриа өрнүүлэх дуртай. Миний ханийг Б.Баярсайхан гэдэг. “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч Я.Баатар багшийн удирдлагад бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог тамирчин байлаа. Бид нэгийгээ тэмцээнд оролцвол нь дэмжиж үздэг. Ямар ч их ажилтай байсан зохицуулаад уралдаан болж буй газарт нь очно. Залуу байхдаа бид гэр, байгууллагын ажил, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авах гээд тэр их ажлын хажуугаар спортоор Б.ОДОНТУЯА: Хилийн дээс алхаж, үеийнхэнтэйгээ өрсөлдөж үзэх сэн гэж хүсдэг хичээллэх цагийг яаж ийгээд гаргадаг сан. Завгүй байх тусмаа олон ажлыг зэрэг амжуулж ирсэн тэр үеэ бодохоор одоо гайхдаг юм.
-Та ач нартаа спортоор хичээллэхийг санал болгодог уу?
-Тийм ээ. Ачнараас өндөр, биерхүү нэг охиноо волейболоор хичээллүүлдэг. Амжилт гаргаад эхэлбэл нь дуртай дэмжинэ. Би эцэг, эхээс наймуулаа. Нэг эмэгтэй дүүг минь Б.Одонцэцэг гэдэг. Цанын спортын мастер цолтой. “Алдар” спорт хорооны тамирчин байхдаа дотоодын тэмцээнд цөөнгүй өрсөлдсөн. Одоо БНСУ-д ажиллаж, амьдардаг. Отгон дүү Б.Ганболд шатар, даам тоглодог. Хонхор тосгоны сургуулийг дүүргэсэн үе үеийн төгсөлтийнхний зохион байгуулсан тэмцээнд би ч бас оролцдог юм. Ээж биднийг тэмцээнээс медаль хүртээд ирэхээр урам хайрлаж, тэтгэврийнхээ мөнгөнөөс 20.000 төгрөгөөр шагнадаг байж билээ. Тухайн үед ээжийн минь өгсөн бэлэг хамгийн сайхан санагддаг сан. Ээжийн төрсөн дүүг Д.Төмөрсүх гэдэг. Дугуйн спортын ОУХМ цол хүртсэн. Тэрбээр МҮОХ-ны Дугуйн ахмадын холбооны даргаар ажилладаг. Хүүхдүүд минь өрх тусгаарлаж, хэдийнэ тусдаа гарсан. Миний нэг ах теннис сонирхож тоглодог. Надад өнгөрсөн жил хамгийн сүүлийн үеийн загвартай бөмбөг, цохиур бэлэглэсэн шүү. Тэмцээнд оролцох бүрдээ ахынхаа өгсөн бөмбөг, цохиураар тоглодог. Спортоор хичээллэхийн ач тус их. Эрүүл, эрч хүчтэй, зорилго, тэмүүлэлтэй амьдрахаас гадна цагийг үр дүнтэй өнгөрүүлнэ. Ямар нэг шийдвэр гаргахдаа сэтгэл догдлолоор бус, олон талаас эргэцүүлэн бодож дүгнэлт хийдэг. Тамирчин хүний хамгийн дуртай гоёл бол биеийн тамирын хувцас. Хаана ч өмссөн биед тухтай.
-Та софт волейболоор хэзээнээс хичээллэв. Спортын хоёр төрлөөр хичээллэх хэцүү биш үү?
-Хүүхэд байхаасаа хичээллэсэн. Би Хонхор тосгонд өссөн. Ээж минь эмч мэргэжилтэй. Залуудаа байгууллагаа төлөөлж волейболын тэмцээнд оролцдог байлаа. Би хорооны багийн бүрэлдэхүүнд багтаж тоглоно. Ээж тэмцээн эхлэхийн өмнө “За нөхөр минь аажуухан тоглоорой. Манай багийг хожвол дэмий шүү” гэнэ. Спортын талбарт бол ээж, найз ч бай шударга өрсөлд гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Манайхан эмнэлгийн багийнхантай ана мана тоглоод хожчихно. Софт волейболын тэмцээнээс хүртсэн иж бүрэн медаль надад бий. Баянзүрх дүүргийн IX хороонд хэсгийн ахлагчаар есөн жил ажиллахдаа олон тэмцээнд оролцлоо. Багийнхантайгаа өнгөрсөн жил дүүргийн АШТ-д түрүүлж, дараа нь Улаанбаатар хотын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Би хүмүүст дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөх дуртай. Баянзүрх дүүргийн VIII хорооны иргэн, спортын мастер Оюунчимэг эгч 70 насны босго давсан гэхэд теннис сайн тоглодог. Түүний ур чадвар, туршлагыг хараад “Хойшид энэ эгч шиг л тоглох юм шүү” гэж бахархаж боддог юм. Манай сургуулиас төрсөн тамирчид бий. Даамын спортынхноос ОУИМ Г.Ганжаргал тив, дэлхийн тэмцээнээс медальтай. Үндэсний бөхчүүдээс Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын дархан аварга А.Сүхбат Хонхор тосгоны сургуулийг төгссөн алдартнуудын нэг.
-Ширээний теннис, софт волейболын тэмцээнээс хүртсэн медаль тань одоо ч олон болсон байлгүй.
-Би медалиудаа алт, мөнгө, хүрэл өнгөөр нь дагнаж өлгөдөг. Шагналуудынхаа хамгийн дээр нь МҮОХ-ноос шагнуулсан “Алтан очир” одонгоо залсан. Миний зорьдог зүйл бол мастер ангиллынхны оролцдог олон улсын тэмцээн. Одоо ахмад тамирчин болсон болохоор хилийн дээс алхаж, үеийнхэнтэйгээ өрсөлдөж үзэх сэн гэж хүсдэг.