Улаанбаатар хотод хэдхэн өдрийн өмнө болсон НҮБын Аялал жуулчлалын бодлого, стратегийн Ази, Номхон далайн бүсийн удирдах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Манай улс 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авч, 3-4 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлнэ” хэмээн ярьсанд салбарынхан нь ихэд унтууцаж байна. Нэг сая жуулчин авах зорилт дэвшүүлээд цөөнгүй жилийн нүүр үзсэн, “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд аялагчдыг татах элдэв ажил сэдээд ч үүнийгээ биелүүлж чадаагүй атал олон улсын төлөөлөгчдийн өмнө ийн хэмжээ, баримжаагүй “тоо” амласан нь тэднийг ийн бухимдахад хүргэв. “Эхлээд жуулчин, зорчигч хоёроо ялгаад, аяллын зорилгоор ирж буй хүмүүсийнхээ тоог бодитой гаргадаг болчхоод статистик ярья”, “Сая жуулчин хүлээж авах зорилготойгоо 21 жил зууралдаж байж таван жилийн дотор юун хоёр сая аялагч вэ” гэхчлэн салбарынхан нь түүнийг даапаалж, ам асууж байгаа харагдав.
Бодит байдал, нөөц боломжоо үнэлж дүгнэж чаддаггүй, жуулчдад тулгамдсан гол бэрхшээл, суурь асуудлуудаа шийдэж хүчирдэггүй мөртлөө амны зорго, цээжний бангаар ихийг олох, олныг угтах талаар байнга ярьдаг манай сайд, дарга нар “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үгийн утга учрыг ухамсарлаж ойлгох цаг нь болсон баймаар. Яг одоогийн нөхцөлд бол энэ салбарт жуулчдын тоо бус, бодлого, шийдэл ярих нь л хамгийн чухал. Сайдын энэ үйлдлээс улбаатай шүүмжлэл, эгдүүцэл газар авмагц салбарын яамныхан нь “Олон улсын байгууллагатай хамтран аялал жуулчлалын дунд хугацааны стратегийг боловсруулсан. Таван жилийн дараа гэхэд ийм тооны жуулчин хүлээж авах боломжтой” хэмээн түүнийг “өмөөрөв”. Хоёр сая жуулчин угтаж авах стратегиа тэд энэ сарын сүүлчээр олон нийтэд болон салбарынхандаа танилцуулах гэнэ. Сайд Ч.Номин юунд үндэслэж, ямар тооцоололд тулгуурлаж тэгж том ам гарснаа ул суурьтайгаар тайлбарлана гэж найдъя.
Н.Мишээл