Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газруудын нэг болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт очлоо. Амралтын, дээрээс нь автомашингүй өдөр таарсан болоод ч тэр үү, хөл хөдөлгөөн ихтэй, суух сул сандал олдохгүй шахам байлаа. Сандал, сүүдрэвчгүй хоцорсон хүмүүс цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт байрлах усан оргилуурыг бараадаж, шат, хашлага дээр нь битүү суусан харагдав. Гэвч өнөөх нь ажиллахгүй, барилгын дутуу босгоод орхисон суурь шиг ёрдойсон төмөр, цемент болж хувирсан байв. Яагаад ажиллуулахгүй байгааг нь цэцэрлэгчдээс асуухад “Тогтмол ажилладаг. Зарим үед ус нөөцлөх, амраах зорилгоор хэсэг зогсоодог юм” гэж ам таглав. Харин тэр хавьд оршин суудаг хүмүүс уг усан оргилуур ихэнхдээ “амардаг”, үзүүлэн шиг л байдаг хэмээн сэтгэл гонсгор ярьсан юм.
Манайх шиг ногоон байгууламжийн хүртээмж муу, тоос, тоосжилт их, агаар, орчны үлэмж бохирдолтой хотод усан оргилуур шиг хэрэгтэй зүйл үгүй. Ялангуяа барилга, зам, дэд бүтцийн ажлаас үүдэлтэй тоос, шороо эрс ихэсдэг, хуурайшилт нэмэгддэг яг энэ үеэр Улаанбаатарт байгаа цөөн усан оргилуураа бүгдийг нь ажиллуулах хэрэгтэй. Гэтэл нийслэл, дүүргийнхэн ийм байгууламжуудаа дураа хүрэхээр ажиллуулаад, дургүйгээ хүрэхээр амраагаад, үзүүлэн төдий үнэ цэнгүй зүйл болгочхож байна. Нийслэлийн төв хэсэгт орших усан оргилууруудаас хэд нь тогтмол ажиллаж байгааг анзаараад, бүртгээд үзээрэй. Хувийн хэвшлийнх гэддэг “Сentral tower”-ын усан оргилуур л ганцаараа ажиллаж байх вий.
Төв талбайн урд талын, Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгийн, Хүүхдийн урлан бүтээх төвийн, Арслантай гүүрний гээд нийслэл, дүүргийнхний мэдэлд байдаг “сүрчиг”-үүд бүгд ажиллагаагүй, аг чиг байх вий. Ажиллаж байвал харин онцгой тохиолдол, гайхам үйл явдал мөнөөс мөн болно. Эцэстээ хамгийн олон цагаар ажилладаг гэгддэг байсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур нь бусдынхаа араас орж, ийнхүү “ажил хаялт” зарлажээ. Дэлхийн жишигт нийцсэн амралт, зугаалгын төв болох зорилготой цэцэрлэгт хүрээлэн тогтмол ажилладаггүй усан оргилууртай байна гэж юу байх вэ.
Н.Мишээл