Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын 04 дүгээр тогтоолоор төлөвлөгөөт мэс заслыг квоттой болгож, үүнээс илүү гарсан тохиолдолд төлбөртэйгөөр хагалгаа хийхийг үүрэгдсэн нь иргэд, эрүүл мэндийн байгууллагынхны дунд асуудал үүсгэж эхэлжээ. Энэ талаар ЭМДЕГ-ын хэлтсийн дарга Б.Ууганбаяраас тодрууллаа.
-Эмнэлгүүд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүй байна гэх юм. Энэ үнэн үү?
-ЭМЯ, Сангийн яамнаас гаргасан төсвийн хуваарь гэж бий. Үүний хүрээнд эмнэлгүүдэд санхүүжилтийг нь олгоод явж байгаа. Одоогоор нэг, хоёр, гуравдугаар сарын гүйцэтгэлийг олгосон. Гэхдээ хоёр, гуравдугаар сарын гүйцэтгэлийн мөнгө дутуу. Яагаад гэхээр сар бүр зарцуулах зарлагын тааз тулчихсан. Дөрөв, тавду¬¬гаар сарын урьдчилгаа санхүүжилтийг олгосон. Өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр сарын гүйцэтгэл гарах гэж байна. Дараа, дараагийн сард хэрэглэх мөнгийг авч, өмнөхийг нь шилжүүлж байгаа. Үүнтэй холбоотой санхүүжилт хоцорсон асуудал бий. Тухайлбал, энэ оны хоёр, гуравдугаар сард зарцуулах мөнгийг 2022-2024 онд эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн 316 тэрбум төгрөгийн өглөгт өгчихсөн. Тиймээс одоо эмнэлгүүдийн санхүүжилтийг бүрэн олгож чадахгүй байна.
-Зайлшгүй шаардлагатай мэс засалд квот тогтоосноос иргэд даатгал төлсний үр шимээ хүртэхгүй, халааснаасаа мөнгө гаргахад хүрээд байна.
-Амбулатори, хэвтүүлэн эмчлэх гэх мэт 700 өөр тарифаар санхүүжилт олгодог. Үүнийг дотор нь нэн шаардлагатай, хүлээгдэж болох тусламж, үйлчилгээ гэж ангилсан. Нэн шаардлагатайд нь ямар нэгэн тоо, хэмжээ заагаагүй. Хүлээж болох буюу архаг өвчин, хэв¬түүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд сарын төсөв тавьсан. Үүнд багтааж тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд тооноос давсан тохиолдолд дараагийн сардаа шилжүүлэх юм. Даатгалын сангийн төсөв хязгаартай. Өнгөрсөн онд эрүүл мэндийн байгууллагын үзүүлсэн тусламж, үйлчилгээ бүрийг нь санхүүжүүлээд явтал нийт төсөв буюу 1.9 их наядыг есөн сар гэхэд эмнэлгүүдэд олгоод дуусчихсан. Оны сүүлд эрчимт, яаралтай зэрэг нэн шаардлагатай тусламжид зарцуулах мөнгөгүй болсон. Энэ алдааг давтахгүйн тулд сарын хуваарь гаргаж, үүндээ багтааж эмнэлгүүдтэй гэрээ байгуулсан.
-Ингэснээр эмнэлгүүдийн төсөв хэд дахин багасав?
-Улсын эмнэлгүүдийн төсөв 8-9 хувиар буурсан. Хувийн хэвшлийн гүйцэтгэлийн санхүүжилт нь 20 орчим хувиар багассан. Харин ЭХЭМҮТ, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн санхүүжилт өнгөрсөн оныхоос нэмэгдсэн. ЭМДС эрсдэл хуваах зорилготой болохоос ашгийн төлөө биш. 2021 онд даатгалын хөнгөлөлтөөр хоёр сая хүн тусламж, үйлчилгээ авчээ. Харин энэ тоо 2024 онд 2.8 сая болж нэмэгдсэн. Мөн 2021 онд 18 сая, өнгөрсөн жилд 26 сая тохиолдолд санхүүжилт олгов. Түүнчлэн 2024 онд ЭМДС-гаас нэг иргэн хамгийн дээд тал нь 202 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна.
Ч.Болор