Нийслэлд шатахууны үнэ өнгөрсөн баасан гаргаас 200 төгрөгөөр нэмэгдэж, иргэд энэ талаар бухимдлаа илэрхийлсээр байна. Тодруулбал, жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллага АИ-92 шатахууны үнийг Улаанбаатарт 2590 төгрөг болгоод буй. Үүнийгээ тэд ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбон тайлбарласан. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас аж ахуйн нэгжүүдийг шатахууны үнийг зөвшилцөлгүйгээр нэмсэн хэмээн мэдэгдэв.
Угмэдэгдэлд “Засгийн газрын энэ оны 140 дүгээр тогтоолоор баталсан, Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдааныг саяхан зохион байгуулж, холбогдох асуудлыг хэлэлцсэн. Хурлаар шатахууны үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн, эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон. Гэтэл аж ахуйн нэгжүүд зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр шатахууны үнийг нэмж, зохисгүй үйлдэл гаргасныг буруушааж байна. Үүнтэй холбоотойгоор худалдаа эрхлэгчдийг Өрсөлдөөний тухай болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн, эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулна” гэжээ.
О.Ундрах