Манай улстай дипломат харилцаа тогтоосон 62 жилийн түүхэн дэх Австрийн Төрийн тэргүүний анхны айлчлалын эзэн болсон Александр Ван дер Белленийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Дорис Шмидауэрынх нь хамт өчигдөр төв талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн тэргүүн нар хоёр орны албаны болон олон улсын байгуулллагын суурин төлөөлөгчидтэй мэндчилснийхээ дараа уламжлал ёсоор Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Дараа нь тэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Монгол, Австрийн хамтарсан тунхаглалд манай талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, айлчлагч орноос Европ, олон улсын харилцааны яамны ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик нар гарын үсэг зурлаа. Түүнчлэн нийгмийн хамгааллын, дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх, хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх, санхүүгийн хамтын ажиллагааны тухай зэрэг Засгийн газар, яамд хоорондын хэлэлцээр, санамж бичиг, протоколд хамаарах 10 гаруй баримт бичигт холбогдох сайд, албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажуулав.
Хоёр орны Төрийн тэргүүн нар манай улсад өдгөө хэрэгжүүлж байгаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” хөтөлбөрийн зорилтыг хангах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал солилцов. Түүнчлэн дэд бүтэц, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, ус, хог хаягдал, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжиж, санхүүжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэв. Хамтын ажиллагааг өргөжүүлэх нэн шаардлагатай салбараар ой, усныхыг нэрлэв. Ойн засаглалыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй менежментийг нутагшуулан, усны нөөцөө хамгаалснаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалах чиглэлээр өдгөө хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнд хүргэх боломжтойг онцлон тэмдэглэлээ.
Уул уурхай, ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилтийн чиглэлээр цаашид хамтарсан судалгаа хийх, ноухау, технологи нутагшуулахад анхаарах бол аялал жуулчлалын салбарт шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, туршлага солилцох нь үр дүнтэй гэж үзэв. Шинжлэх ухаан, судалгааны салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд хоёр улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг хамтран ажиллах боломжоор хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Австрид дээд боловсрол эзэмшүүлэхээр болов.
Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр улсаас дэвшүүлсэн санал санаачилгуудыг хэрэгжүүлэхэд, тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэхэд хамтын хичээл зүтгэл, хувь нэмэр чухал гэдгийг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр онцлоод, цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ илэрхийлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхахдаа хүний эрх, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан хууль, эрх зүйн тогтолцоо бүрдүүлэх, парламентын засаглалыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа.
Н.Мишээл