Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Эрдэм боловсролтой, чадварлаг, сайн ээжийн буянд гэр бүлээрээ Австралид хэсэг хугацаанд амьдрах хувь тохиож, ахлах ангийн сурагч охины нүдийг нээсэн тэрхүү боломжоо яаж ашиглаж, өөрийгөө хэрхэн дайчилсан тухай “TEDxUlaanbaatar”-ын тайзнаа 2019 онд тавьсан илтгэлээрээ Хүрэлбаатарын Булгантуяа олон монгол залуу хүнд итгэл найдвар, урам зориг өгч байлаа. “Залуучууд бид нийгмээ өөрчлөхийн төлөө тус тусын оролцоотой байх ёстой” гэдэг санаагаар илтгэлээ өндөрлөсөн түүний үг, үзэл бодол, Иелийн их сургууль хүртэлх замнал нь зөвхөн тэр танхимд цугласан залуусын төдийгүй юүтүбээс бичлэгийг нь үзсэн хэн хүний цээжинд гал дүрэлзүүлсэн байх. Тиймдээ ч Сангийн дэд сайдаар ажилласныг нь эс тооцвол том улс төрд “битүү морь” Х.Булгантуяа 2020 оны УИХ-ын сонгуульд эрх баригч МАН-аас нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт нэр дэвшин, торох юмгүй сонгогдсон болов уу. Тэр жилийн сонгуульд залуус ч маш идэвхтэй оролцож, хэсгийн хороодод дээлтэй очиж санал өгсөн зургаараа нийгмийн сүлжээнд давлагаалан “Дээлтэй өглөө” хэмээн омогшиж байв.
Түүнээс хойш Х.Булгантуяа 2023 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, мөн ондоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албанд сэлгэн ажиллаж байгаад өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс дахин сонгогдож гишүүн болсон. Улмаар УИХ-ын хоёр дахь эмэгтэй дэд дарга болтлоо улс төр дэх албан тушаалын “алтан зам”-аар өгсөж явна. Тэрбээр 1998 онд Монгол, Туркийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль, 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан, технологийн их сургууль, 2008 онд АНУ-ын Иелийн их сургуулийг тус тус дүүргэсэн, эдийн засагч мэргэжилтэй, Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн магистр зэрэгтэй, англи, япон, хятад хэлтэй. Ардын намын шинэ үеийн улс төрч эмэгтэйчүүд дундаа дориун боловсролтойд тооцогддог Х.Булгантуяа 2023 онд Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо (хуучнаар НАМЭХ)-ны ерөнхийлөгчөөр сонгогдохдоо өрсөлдөгчгүйгээр, танхимд байсан 410 орчим төлөөлөгч 100 хувь дэмжсэн байдаг. Тэр сунгаанд Д.Сарангэрэл, Ч.Номин нар өрсөлдөнө гэж байсан ч нэг нь замын дундаас нэрээ татаж, нөгөө нь эцсийн мөчид больсон шалтгааныг өнөө байтугай тэр үедээ ч таамаглах аргагүй байв.
Засгийн газрын бүрэлдэхүүнд хоёр жил ажиллахдаа хоёр өөр сайдын алба хашсан түүнийх шиг намтар улс төрд тийм ч олон бичигдэхгүй болов уу. Ямартай ч 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах төсөл”-д зөвлөх, удирдагч, 2010-2012 онд “Оюутолгой” ХХК-ийн Инженерийн албаны төслийн менежер, Бизнес стратегийн газрын ахлах зөвлөх, 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульталба хашжээ.
Залуучуудаас ихээхэн дэмжлэг авсан Х.Булгантуяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах богинохон хугацаандаа буюу яамныхаа харьяа агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог өөрчилж, залуучуудын хөгжлийн асуудлыг бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнүүд, “Залуучуудын хөгжлийн төв”-тэй нь хамт тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газрын харьяанд шилжүүлсэн гэмийг нь салбарын мэргэжилтнүүд толгой сэгсрэн халагладаг юм билээ. 2023 оны Засгийн газрын 378 дугаар тогтоолын уршгаар улс орны хөгжлийн гол зүтгүүр болдог залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөгжлийн асуудал орхигдож, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах талаар хэн, ямар ажил хийх нь тодорхойгүй, салбар эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудын аль нь хариуцах нь мэдэгдэхгүй өнөөг хүрсэнд бухимдах нь аргагүй биз.
Тухайн үед залуусын цээжинд бадарсан гал дөл өдөр өдрөөр бөхөж байгаа ч Х.Булгантуяа шиг эрх мэдэл, нөлөө бүхий “кадрууд” ядаж мэдлэг, чадвар, туршлагаа намынхаа “махны машин”-ы эрэг шураг болгох бус, түмэнд хэрэгтэй зүйлд ашиглаасай хэмээн одоог хүртэл найдаж, хүлээж яваа гэдгийг бүү мартаарай.
Л.Аргамжин