“Хүн бүр тэгш, хүртээмжтэй нийгмийг хүсдэг. Ийм нийгэм бүтээхэд би юу хийж чадах вэ гэх асуултдаа хариулт олсонгүй. Урам хугарсан, сэтгэл өвдсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дотоод сэтгэлийг ойлгож, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь бага ч гэсэн тусалж чадвал багш хүний үүрэг, оролцоо юм байна гэдгийг олж харсан. Ингээд сургалтын арга зүйгээ өөрчилж, хүн бүрд хүрч ажиллахыг хичээж байна” хэмээн оюун, сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхийн төлөө амьдралынхаа арваад жилийг зориулж яваа багш, “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер, боловсролын удирдлагын магистр А.Уянга ярьсан юм. Тайландын Хаант Улсын эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналыг Монгол Улсаас анх удаа хүртэхээр болсон түүнтэй ярилцлаа.
-“Энэрэл” сургуультай хэрхэн холбогдсон талаар ярилцлагаа эхлэх үү?
-Пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, улсын долоон удаагийн аварга Б.Батдорж багш маань 2016 онд “Энэрэл” мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг анх байгуулсан юм. Б.Батдорж багш дөрвөн удаагийн паралимпд дараалан оролцсон тамирчин төдийгүй олон жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй залуусыг спортоор хичээллүүлж яваа нэгэн. Бид санаа нийлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлж, амьжиргааны түвшнийг нь дээшлүүлэх зорилгоор сургалтаа эхлүүлж байлаа. Би хэдийгээр багш мэргэжилтэй ч хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах туршлагагүй байв. Хүн онол сонсохоос илүү дотор нь “орж” байж л сурдаг юм билээ.
-Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжил олгож, ажлын байранд зуучилдгаараа танай сургууль онцлогтой. Хэчнээн хүүхэд суралцаж байна вэ?
-Манай сургуулийнхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах арга зүй сайтай, туршлагатай хамт олон. Энэ жил долоо дахь төгсөлтөө хийх гэж байна. Сүүлийн дөрвөн жилд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байгаагүй оюуны бэрхшээлтэй залуусын тоо эрс нэмэгдсэн. 2023-2025 оны хичээлийн жилд нийт 70 хүн сурч байна. Тэдний 45 нь оюун, сэтгэцийн бэрхшээлтэй. Тогооч, мужаан, гар урлал, оёдол гэсэн мэргэжлээр сургадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг хувийн сургууль гэдгээрээ бусдаас онцлогтой. Хүүхдүүддээ амьдралын ухаан, биеэ авч явах соёлоос эхлээд заадаг.
Би анх оёдлын Нансалмаа багштайгаа Японы Шизуока мужийн Яйзү хотын халамжийн төв, тусгай сургуультай танилцаж туршлага судалсан маань нүд нээх шиг л болсон. Мэргэжил эзэмшүүлэхдээ хатуу хандахгүйгээр уян хатан байж, тухайн бэрхшээлийнх нь онцлогт тохирсон арга зүйгээр явах нь илүү үр дүнтэй болохыг ойлгосон. Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй залуус гадна төрхөөрөө эрүүл харагддаг ч хүн хоорондын харилцаа, нийгэмшихэд нь асуудал үүсдэг юм. Тиймээс бид ийм хүмүүсийн онцлогийг бүрэн ойлгож, сургаж чадвал хүний нөөцийн дутагдалтай байгаа салбаруудад ажиллуулах боломжтой. Тэд тогтвортой, тууштай, тасралтгүй ажиллаж чадна. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэйн улмаас ажил хийх боломж тааруу ч ахиц өөрчлөлт гарч байгаа хүүхдүүдийнхээ хөгжлийг үнэлж, төлөвлөгөө гаргаж ажилладаг. Өнгөрсөн онд оюуны бэрхшээлтэй найман залууг ажлын байранд нь дадлагажуулан сургаж, ажилтай болгосон. Бэрхшээлтэй гэж харахаасаа өмнө юу чадаж, юу хүсэж байна гэдгийг нь олж таних нь чухал.
Мөн 2022 онд Японы “Агапэ” төвийн Азийн орнуудын нийгмийн халамжийн салбарын хүний нөөцийг дэмжих дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдлаа. Сурсан, мэдсэнээ бусдад түгээн дэлгэрүүлэх зорилгоор багш, мэргэжилтнүүдэд зориулсан богино хугацааны сургалтыг жилд хоёр удаа зохион байгуулж байна. Мөн багш, ажилтнаараа Японы ЖАЙКА төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтолцоог бэхжүүлэх төсөлд хамрагдаж, мэргэжлийн сургалтын арга зүйгээ сайжрууллаа. Өөрөөр хэлбэл, суралцагчийн хөгжлийн үнэлгээнд тулгуурлан тохирсон ажлын байраар хангаж, холбон зуучилж, эргэх холбоотой ажилладаг. Манай төгсөгч нараас тогтвортой ажиллаж буй хүн цөөнгүй.
ТАЙЛАНДЫН ГҮНЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ НЬ МАШ ТОМ ХАРИУЦЛАГА
-Та Монгол Улсаас анх удаа Тайландын гүнжийн нэрэмжит шагнал хүртэхээр болсон. Догдолж байна уу?
-Шалгаруулалтын талаар анх Боловсролын ерөнхий газрын пэйж хуудаснаас харж, дотооддоо тайлан болгож хадгалдаг материалаа илгээсэн юм. Битүүний урд өдөр “Таны материал тэнцсэн байна. Яаралтай англиар орчуулаад явуул” гэсэн хариу авсан. Өөрийн боломжит хувилбараар л бэлдээд явуулсан даа. Гэтэл тавдугаар сарын эхээр шагнал авахаар боллоо гэж Боловсролын яамны гадаад харилцаа хариуцсан дарга нь утсаар мэдэгдэв. Удалгүй Тайландаас Маха Чакри гүнжийн нэрэмжит сангаас хүмүүс ирж, ажилтай маань танилцлаа. Сургуулийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцаж, гурван цаг орчим ярилцсан. Шагналыг ирэх аравдугаар сард олгох юм билээ. Догдолж, баярлахаасаа илүү үүрэг, хариуцлага гэж ойлгож байгаа. Илүү ихийг хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ямар сайндаа, Боловсролын яамны мэргэжилтэн “Та ер нь шагналынхаа үнэ цэнийг ойлгож байна уу. Монгол Улсаас анх удаа авахаар боллоо шүү дээ” гэсэн. Олон улсын энэхүү шагналын эзнээр тодорсон багш нартай мөр зэрэгцэн судалгаа болон сайн туршлагаа Азидаа түгээн дэлгэрүүлэх юм билээ. Тиймээс хариуцлага гэдэг үг л толгойд буугаад баярласан царай гаргаагүй байх аа.
-Боловсролын салбарт тууштай зүтгэсэн, хүүхдүүдийн амьдралд бодит нөлөө үзүүлсэн хүнд эл шагналыг олгодог юм билээ.
-Манай сургуулийг зориод ирсэн хүүхдүүдэд итгэл, хайр, өөрөөрөө бахархах сэтгэлийг төрүүлэх нь хамгийн чухал. Ихэнх хүүхдийг аав, ээж, асран хамгаалагч нь дагуулж ирдэг. Сурах дуртай, дургүй, нийгэмшээгүй олны дунд орж ирээд сандрах, тэвдэх, бачимдах ч хүүхэд байдаг. Бид тухайн суралцагчид өнөөдөр юу хэрэгтэй байна, сурсан зүйл нь амьдралд нь цаашид нөлөө үзүүлж, үр дүн хүргэх вэ гэдэгт төвлөрч ажилладаг. Энэ л тэрхүү нэр хүндтэй шагналыг авах үндэс болсон болов уу.
-Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг ажил хийх нь бүү хэл, сурч хөгжих чадваргүй гэж ойлгох хүн цөөнгүй. Тэдэнд ямар нөөц боломж, далд авьяас, чадвар бий бол?
-Оюуны бэрхшээлтэй залуустай ажиллахдаа би дуртай. Хэдийгээр бие, сэтгэц нь эрүүл ч гэсэн ажиллахад төвөгтэй хүн олон бий шүү дээ. Ярьснаасаа эргэж буцдаг, хэлснээ булзааруулдаг, өнгө, мөнгө харж харьцдаг гэх мэт. Харин бидний мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй гэж боддог оюун, сэтгэцийн бэрхшээлтэй залуус маш үнэнч. Тэдний хөгжлийн онцлог өөр өөр ч чадах, чадахгүйгээ илэрхийлдэг, худал хуурмагийн талаарх ойлголт бараг байхгүй. Тиймээс давуу талд нь тулгуурлаж хөгжүүлэхийг хичээдэг юм. Тухайлбал, манай тогоочийн ангийн хүүхдүүд Боловсролын яамнаас зохион байгуулдаг хоолны үзэсгэлэнд жил бүр оролцдог. Мөн саа саажилттай хүүхдүүд маань үндэсний өв соёлыг шингээсэн сампин зангилаа бүхий торгон чихрийн таваг оёж байна. Сүү, тарагны сав болон хаягдал цаасыг дахин боловсруулж, дугтуй, цаг тооны бичиг зэргийг гар аргаар урладаг.
-Таны заах арга барил гэвэл?
-Тэднийг ойлгож, хайрлах, бэрхшээлийн онцлогийг нь таньж мэдэх, орчны судалгаа хийх нь чухал. Мэдээж цаг хугацаа орно, тэсвэр тэвчээр шалгана шүү дээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст онцлогоос нь шалтгаалан олон асуудал тулгардаг. Тухайлбал, танай сургуулийн сурагчдад ямар бэрхшээл тулгамдаж байна вэ?
-Бэрхшээлийн онцлог нь ихээхэн хамаатай. Мөн тухайн хүүхдийн ар гэр, асран хамгаалагчаас шалтгаалах зүйл ч их. Үүнд нийгмээс шалтгаалсан олон хүчин зүйл бэрхшээл үүсгэдэг. Энэ асуудлыг шийдэх цор ганц арга нь одоогийн нөхцөлд тусгайлсан ажлын байр бий болгож байгаа. Тиймээс тусгайлсан ажлын байр гаргаж, үүнд нь тохирсон ажил хийлгэж сургах нь хөгжлийн бэрхшээлтэй олон хүнийг хөдөл¬мөрийн зах зээлд гаргаж чадна. Хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа суралцагч нартаа зориулж, сургуулийнхаа хажууд тусгайлсан ажлын байр гаргаж өгөхийг хүсдэг юм. Тэдэнд урам өгч, амьдралын чанарт нөлөөлөх нь бидний тулгамдсан асуудал болоод байна. -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ар гэрийн асаргаа хэд дахин шаардлагатай байдаг. Гэтэл оюун, сэтгэцийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхэд, насанд хүрэгчдийг ар гэрийнхэн нь тоодоггүй, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлдэг гэж сонссон. Ийм зүйл танд ажиглагддаг уу? -Нэг талдаа хайрлаж, халамжилж байна гээд бие даах чадварт сургахгүй, гэрт нь “хорьдог” тохиолдол цөөнгүй. Мөн хүчирхийлэлд өртсөн суралцагчид байдаг. Хүүхэд бүрийн ар гэрийн асаргаа халамж өөр учир бид тэднийг сургуулийн үүдэнд гутлаа арчихаас нь эхлээд усанд орохыг хүртэл зааж сургадаг.
СУГА ТАЯГАА ТУЛААД ХИЧЭЭЛЭЭ ТАСЛАХГҮЙ ИРДЭГ ШАВИА ХАРААД УЛАМ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДСОН
-Шавь нараасаа сонссон хамгийн сайхан үг, эсвэл сэтгэлээс гардаггүй дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-“Ковид-19” цар тахлын үед нэг томоохон компанид ажилд оруулсан шавь маань удаагүй залгаад “Баярлалаа багш аа, ажил хийж цалин авах ямар гоё юм бэ. Би 1.5 сая төгрөг авсан” гэхэд нь маш их баярласан. Надаас өндөр цалин авч, ажиллаж чадсанд нь бахархсан. Мөн ярихдаа тааруу, өөрийгөө ойлгуулж чадахгүй, ар гэрийнхэн нь сургуульд хүргэж өгдөг байсан суралцагч маань хоёр жил сураад ярьдаг болсон. Одоо ч ажлаа сайн хийж байгааг нь хараад баярладаг. “600-хан гр төрсөн нялх амьтныг хүн болгох гэж бүх насаа зориуллаа. Ашгүй ийм сургууль байдгийг сонсоод ирлээ. За, ардын багш минь энэ хүүхдэд жаахан ч гэсэн юм заагаад өгөөч. Сурахгүй байсан ч яах вэ, их биш” гээд мөргөөд гарч явсан тэр буурайг манай хамт олон одоо ч мартдаггүй юм. Өнөөх хүүхэд нь гар нүүрээ угаахаас эхлээд олон зүйл сурсан. Гэр, сургуульдаа ганцаараа явж сураад одоо ажил хийж байгаа. Байнга холбоотой байдаг. Энэ мэтээр сайн байгаагаа дуулгаж ярьдаг олон төгсөгч бий. Уулын оройд амьдардаг, нийтийн тээвэр явдаггүй газраас хоёр суга таягаа тулаад өдөр бүр хичээлдээ хоцрохгүй ирэх сурагчаа хараад би тэдний төлөө илүү хичээх хэрэгтэй гэж боддог юм. “Багш аа баяртай, маргааш уулзъя” гээд явсан сурагч маань өглөө нь танихгүй байхад сэтгэл үнэхээр хэцүү болдог. Тиймээс уулзсан мөч бүрдээ бусдад хайрыг мэдрүүлэх нь хамгийн чухал гэдгийг ойлгосон. Манай сургуулийг зорин ирсэн үе үеийн төгсөгчдөөсөө сурсан зүйл их. Заримдаа би багш биш, сурагч нь юм шиг л санагддаг. Намар нь ганцаараа ирээд төгсөхдөө хос болоод гарах тохиолдол ч бий. Тэр хүмүүсийн онцлогийг нь мэдэхгүй, орчныг нь бүрдүүлж чадахгүй байгаа нь харин ч хөгжлийн тушаа болдог. Монгол Улсад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган хүнийг эрх баригчид хүсвэл ажил орлоготой болгож чадна. Гол нь сэтгэлтэй хүмүүсийн л хийх ажил.
-Халамжаас хөдөлмөр лүү хэмээн уриалдаг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон ажлын байр хомс. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгджээ. Тэр дундаа оюун сэтгэц, даун, аутизмтай хүүхэд эрс нэмэгдлээ. Сурч хөгжих, ажиллах боломжоор хангаж чадвал тэдэнд ч боломж бий нь танай сургуулийн төгсөгчдөөс харагддаг байх.
-Төгсөгчдөө ажилд оруулахаар хайж явахад хүмүүс гайхаж хүлээж авдаг байлаа. “Эрүүл хүмүүсээ яая гэж байна” гэх хариулт ч сонсож байв. 2017 онд СЭМҮТ-ийн Нийгмийн сэргээн засах тасгийн эрхлэгч Б.Алтанзултай хамтарч сэтгэцийн бэрхшээлтэй залуусыг сургалтдаа хамруулсан юм. Өөрөөр хэлбэл, долоо хоногийн хоёр өдөр СЭМҮТ-д, үлдсэн хугацаанд нь сургуулийнхаа байранд хичээллэдэг байв. Үүний үр дүнд сэтгэцийн эм уух, хэвтэн эмчлүүлэх зай нь холдож, бие нь сайжирсан туршлага бий. Одоо ажил хөдөлмөр эрхлээд гэр бүлтэй бол сон залуус олон. Баяр болгоноор “Багшдаа баярлалаа” гээд ярьдаг шүү.
-Хөдөлмөрийн тухай хуульд байгууллага, аж ахуйн нэгж нь 25 ажилтан тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүн ажиллуулах заалттай. Албан байгууллагууд ажилд авах сонирхол хэр байдаг бол?
-Нуулгүй хэлэхэд, Хөдөлмөрийн тухай хууль болон нийгмийн хариуцлагын хүрээнд гэж албан байгууллагад тулгаж, хүнээ ажилд оруулах дургүй. Яагаад гэхээр хуулиар халхавчилж, квот биелүүлэх биш, хүнд ээлтэй, тохирсон ажлын байраар хангаж, тогтвортой ажиллуулахад анхаарах нь аль аль талдаа амар байдаг. Дээр дурдсанчлан ЖАЙКА-гийн төслийн хүрээнд цөөнгүй албан байгууллагын мэргэжилтэнд хөгжлийн бэрхшээл гэж юу болох, хөдөлмөр эрхлэлтийг нь хэрхэн дэмжих талаар ойлголт, мэдээлэл өгч, хандлагыг нь өөрчилж чадсан. Тиймдээ ч ажиллах хүн байна уу гэж аж ахуйн нэгжүүд манайхаас асуудаг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч нараа үнэлээд тохирох ажлыг нь олж, хамт олноороо ярилцан, ажлын байрны судалгаа хийдэг юм. Дараа нь тухайн байгууллагатай очиж уулзаж, таниулах сургалт хийнэ. Мөн дүүрэг, хороогоор явж ажил хийх хүсэл, сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй залуусыг уриалах зэргээр ажиллаж байна.