Гар урлал бол зoвхoн гоёл чимэглэл, хэрэглээний эд зүйлс бус, тухайн угсаатны түүх, со ̧лын гүн гүнзгий илэрхийлэл болдог. Энэ уламжлалыг удам дамжуулан oвлoж, орчин үеийн хэлбэрт нийцүүлэн хөгжүүлж яваа уран дархан, Соёлын тэргүүний ажилтан Э.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр өвөө болон ааваасаа уран дархны ур ухааныг өвлөж, алт, мөнгө, мод, ясаар олон төрлийн бүтээл урлан, эх орныхоо нэрийг олон улсад сурталчилж буй уран бүтээлч юм.
-Та гурав дахь үеийн уран дархан байх аа. Өвөө болон аав тань уран дархан гэж сонссон?
-Өвөө минь нутагтаа нэртэй, маш уран хүн байсан. Өвөөгөөс аав, ааваас би дархны урлал, арга барилыг нь өвлөн авсан. Тэгэхээр би гурав дахь үеийн уран бүтээлч гэсэн үг. Багаасаа уламжлалт гар урлалд дуртай, юмханаар юм хийчихдэг хүүхэд байсан. Ардын гар урлал, уламжлалт хийц, эдлэлүүдийг сонирхон судалж ирсэн. Үүнээс хойш тасралтгүй 30 гаруй жил сэтгэл, зүрхээ зориулж явна. Өдгөө нүүдэлчдийн уламжлалт гар урлал, тэр дундаа мод, алт болон мөнгөөр олон төрлийн бүтээл урлаж байна.
-Урласан бүтээлүүдийг тань харахад эмээл болон монгол гэрийн иж бүрдэл цөөнгүй юм билээ. Ер нь энэ чиглэлээр түлхүү туурвидаг уу?
-Багадаа аавын хийж буй мужааны ажил, багаж хэрэгслийг нь хараад даган дуурайж, гар
урлал, тэр дундаа модон сийлбэрийн урлагт хөл тавьсан. Модон сийлбэр нь гарын ур дүй, цаг зав, тэвчээр шаарддагаараа онцлогтой. Миний хувьд эмээл, эмээлийн иж бүрдэл болон монгол гэрийг голчлон урладаг. Мoн том, жижиг хэмжээтэй алт, мoнгoн аяганууд, төрөл бүрийн гинж, бугуйвч болон хэт хутга, домбо зэрэг ахуйн хэрэглээний зүйл ч урлаж байна. Үүнээс гадна үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс ч хийнэ. Түүнчлэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын болон дотоодын байгууллагуудад амралт, жуулчны баазын төсөл, төлөвлөгөөг нь хийж өгдөг. Үйл ажиллагааных нь чиглэлд тохирсон тохижилтын ажлуудыг ч хийж гүйцэтгэдэг.
-Модон сийлбэр хийхэд юу хамгийн чухал вэ?
-Багаж хамгийн чухал. Сайтар хатаасан төмрөөр хийхгүй бол ир орохгүй. Амархан мохчихдог. Тиймээс сайтар хатаасан төмрөөр хийх шаардлагатай. Үүний тулд цаг хугацаа нэлээд шаардана. Ер нь сайн багажтай болоход маш олон цагийг төмөр боловсруулах арга барилд суралцаж өнгөрүүлсэн. Магадгүй энэ нь уламжлалт дархнаар ажиллах эхлэлийг минь тавьсан байх.
-Уран дарханд зайлшгүй байх ёстой өгөгдөл, ур чадвар гэж бий юү?
-Уран бүтээлч хүнд нүдний ур, гарын ур, сэтгэлийн ур байж гэмээнэ бүтээл ундран гардаг гэж Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Чавуучимэд багш хэлсэн байдаг. Харин би авьяас нэг, хичээл зүтгэл 99 хувь байж өөрийн гэсэн өнгө төрхтэй, хүний сэтгэлийн утсыг хөндсөн, дахин давтагдашгүй бүтээл туурвих боломжтой гэж боддог юм.
Мөн тэсвэр тэвчээр, нарийн мэдрэмж, гарын эв дүй маш чухал. Орчин үед техник, технологи хөгжихийн хэрээр дархчуудад зориулсан, тэдний хөдөлмөрийг хөнгөвчлөх олон багаж бий болсон. Тэр болгоныг зөв ашиглаж сурах нь бас чухал болчхоод байна. Манай оронд уламжлалт зан заншил, нүүдэлчдийн ахуй соёлтой холбоотойгоор зарим хээ угалз, өвөрмөц хийц, арга барил олон бий. Тэр ч бүү хэл, нутаг нутгийн онцлогоос хамаараад уран дархчуудын арга барил өөр байж болно. Бид нэг ширхэг хээ угалзыг ч санамсаргүй хийдэггүй. Жишээлбэл, үүлэн хээ нь тэнгэрийн ивээл, сарлаг нь хатуужлыг илэрхийлдэг бол лус байгаль дэлхийн хамгаалалт гэсэн утгатай. Энэ мэтчилэн хээ бүр ooрийн гэсэн утга агуулга, бэлгэдлийг шингээж байдаг учраас урлаачид бүхий л сэтгэл зүрхээ бүтээлдээ зориулж, төвлөрөх шаардлагатай болдог. Заримдаа цор ганц бүтээл урлахад юуг, хэрхэн чимэглэх, үйлдвэрийн шат дамжлагад яаж оруулах гэх зэргээр сэтгэл дотроо ургуулан бодох хэрэгцээ гарна. Өвөрмөц байдал, утга агуулга гээд л бүхнийг сэтгэл дотроо хослуулан бодож байж сая төлөвлөсөн, төсөөлсөн бүтээл “төрдөг” юм.
-Монгол дархны бусдаас ялгарах онцлогийг та юу гэж хэлэх вэ?
-Дархны урлаг гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг болон өнөөг хүртэл тасралтгүй хөгжсөөр ирсэн. Энэ нь монголчуудын ондоошил, уламжлалт сэтгэлгээ, гоо зүйн бэлгэдэл болдгоороо онцлогтой. Товчхондоо бол алт, мөнгө, төмөр, зэс зэрэг олон төрлийн металлыг ахуйн болон үнэт эдлэлийн зориулалтаар боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн болгодог урлаг юм.
Монгол дархчууд байгалийн ухаанд тулгуурласан, ахуй амьдралд нэн хэрэгцээтэй зүйлсийг урладаг. Ингэхдээ үндэсний уламжлалт өв соёл, зан заншлаа шингээсэн хээ угалз ашиглах нь элбэг.
-“Чингисийн хүрээ” жуулчны баазад 25 метрийн диаметртэй монгол гэр барьж, байгуулсан байх аа. Томоохон бүтээлүүдийнх нь нэг энэ үү?
-Сэтгэлд хоногшсон нэлээд хэдэн бүтээл бий. Тэдгээрээс “Чингисийн хүрээ” жуулчны баазад байгуулсан 25 метрийн диаметртэй том монгол гэр хамгийн түрүүнд санаанд бууж байна. Гэрийн доторх чимэглэлд цаг хугацаа их шаардсан. Харин дархны ажлын хувьд 2009 онд хийсэн таван ширхэг ембүү хэлбэртэй эмээл нь монгол хүний эрхэмлэн дээдэлдэг ёс бэлгэдлийг шингээж урласан сайхан бүтээлүүд болсон. Энэхүү бүтээлийг Сингапурын үл хөдлөх хөрөнгийн бизнесмен захиалгаар хийлгэсэн юм. Мөн Монголын хамгийн анхны эротик сэдэвтэй шатрыг урлаж байлаа.
-Энэ урлагт 30 гаруй жил хүчин зүтгэсэн хүний хувьд гарын шавь нараа бэлтгэж амжсан уу?
-2002 оноос эхлэн 30 гаруй уран бүтээлч, сийлбэрчийг алт мөнгөний дархан, модон сийлбэр, арьсан болон ясан урлалын чиглэлээр сургасан. Тэр дундаас Соёлын тэргүүний ажилтан Э.Даваажаргал маань цойлон гарч, бүтээлүүдээ амжилттай урлаж байна. Манай гэр бүлээс гадна энэ урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж, олон хүнийг сургаж, дадлагажуулж яваа дархны урлагт хайртай хүмүүсийн нэг юм.
-Эрт үеэс бидэнд уламжлагдаж ирсэн эд зүйлс эдэлгээ удаантай, үе дамжин өвлүүлэх дайны чанартай байдаг. Гэтэл сүүлийн үед алт, мөнгөөр үнэт эдлэлийг нэг хэвд цутгаад технологийн аргаар урладаг үйлдвэрүүд олширчээ.
-Хувь уран бүтээлчийн хийж байгаа цор ганц бүтээл бол үйлдвэрлэлийн аргаар хийсэн зүйлсээс олон талаар ялгаатай байдаг. Чухам тэрийг авч, эдэлж хэрэглэх гэж буй үйлчлүүлэгч нар эдээ зөв таньж, ялгаж чаддаг байх нь чухал. Хэдийн өөрийн арга барилыг олчихсон, өвөрмөц хийц загвараар урладаг дархчууд цөөнгүй байна. Харин хойч үедээ өвлүүлэн үлдээх зааж сургах тал дээр жаахан анхаармаар зүйлс харагддаг.
-Цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддаг урлаг гэдэг шүү дээ. Шантрах, орхиод явчихмаар санагдах үе байв уу?
-Хүн л болсон хойно шантрах үе бишгүй тохиолдоно. Нэг талаас бүтээл урлаж буй оловч нөгөөтээгүүр зах зээлийн нийгэмд ажиллаж, амьдарч байгаа шүү дээ. Тиймээс асуудал мундахгүй. Мөн ганцхан бүтээл урлахад маш их цаг хугацаа зарцуулна. Түүнчлэн захиалагчийн хүсэлд нийцүүлэхийн тулд шаардлагатай хөрөнгийг босгохоос эхлээд байж болох бүх аргаа хэрэглэнэ шүү дээ. Олон ч газраас зээл авч, арай ядан дуусгаж, эзэнд нь хүлээлгэж өгөх үе ч цөөнгүй. Ер нь сайн бүтээл туурвихад санхүү мөнгөний асуудал чухал.
-Энэ мэргэжлээр суралцахаар төлөвлөж буй залуучуудад та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Залуучуудад, тэр дундаа уран дархан болохоор шийдсэн хүмүүст зөвлөж хэлэхэд хийх гэж буй зүйлдээ сэтгэл зүрх, итгэл үнэмшил, ур ухаан гээд бүхий л зүйлээ зориулах хэрэгтэй. Тэгвэл болохгүй, бүтэхгүй зүйл огт байхгүй. Хэн хичээж зүтгэнэ, тэр хүн л амжилтын түлхүүрийг атгана шүү дээ. Тиймээс уйгагүй оролдлого, өөрийгөө олон талаар хөгжүүлэх арга барил, бас зааж зoвлoж буй хүмүүсийн зөвлөгөөг сайтар ухаж ойлгох нь чухал.
-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу бол?
-Аль болох олон хүнийг энэ урлагт сургах, тэдэнд хэрэгтэй анхан шатны сургалтын гарын авлага бичих зорилготой. Үүнийгээ санаа нийлдэг уран бүтээлчидтэйгээ эхлүүлээд л явж байна. Бас богино хэмжээний бичлэг хийж, жижигхэн ч гэсэн сургалтын төв нээх хүсэлтэй. Өв уламжлалаа марталгүй, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хүсдэг. Мөн гиннесийн номд бичигдэхүйц, дэлхийн хамгийн том хэмжээтэй оньсон углуургатай, 50 метрийн диаметртэй монгол гэрийг АНУ-д, тэр дундаа аялал жуулчлалын бүс нутаг болох Буффало хотын Ниагарад барьж байгуулах мөрөөдөлтэй. Эл муж цаг агаарын хувьд манай оронтой төстэй. Аялал жуулчлалын улиралд 5-7 сая жуулчин хүлээн авдаг. Харин өвлийн улиралд хүн цөөтэй. Тэгэхээр энэ бүс нутагт нүүдэлчин соёл, ахуйг харуулсан бүтээн байгуулалт хийвэл маш тохиромжтой. Тиймээс энэ чиглэлээр сүүлийн таван жил судалгаа хийж, тухайн бүс нутгийн байгууллагуудтай холбогдон ажиллаж байна. Түүнчлэн нүүдэлчдийн идээ ундааны соёл, хэв маягийг харуулах тoрoл бүрийн үйлчилгээ арга хэмжээг энд зохион байгуулах боломжтой. Нэг дор 1000 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай, нүүдэлчдийн гар урлал, со ̧лын онцлогийг шингээсэн урлаг со ̧лын үйлчилгээ үзүүлэхийг хүсдэг. Үүнээс гадна гэр бүлийн этник хамтлаг байгуулан ирсэн зочдодоо өдөр бүр нүүдэлчдийн соёлыг таниулахуйц арга хэмжээ зохион байгуулна гэж боддог доо.
У.Сүрэн