
Цаг уурын байгууллагаас 2019 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс 11-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны сүүлээр цас орж, цасан шуурга шуурч, бага зэрэг хүйтрэх гэнэ.
Тодруулбал, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд говийн аймгуудын нутгийн ихэнх, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 7,10-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Агаарын температур Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хагаст, 9, 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.