
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярих үеэрээ Британийг Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарсны дараа чөлөөт худалдааны гэрээ байгуулах үйл явцыг хэлэлцжээ. “Их Британийг ЕХ-ноос гарсны дараа чөлөөт худалдааны гэрээ байгуулах замаар харилцаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байгаагаа хоёр орны тэргүүн нар дахин нотоллоо. АНУ-ын Ерөнхийлөгч мөн НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах салбартаа илүү их хөрөнгө оруулах шаардлагатай байгааг цохон тэмдэглэв” гэж Цагаан ордны мэдээлэлд дурдсан байна. Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон ярианыхаа үеэр Европын автомашины импортод татвар ногдуулахгүй байхыг, мөн шотланд виски зэрэг Их Британийн бараа бүтээгдэхүүний тарифыг цуцлахыг Д.Трампт уриалсан тухай Ерөнхий сайдын тамгын газраас мэдээлжээ.