
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын эсрэг вакциныг тээвэрлэн авчирах, түгээх судалгааг хийж байгаа бөгөөд нэг хүнд ногдох тун хоногийн зай зэрэг мэдээллийг ДЭМБ-аас авч энэ оны 11 дүгээр сард багтаж тодорхой болгох, ямар төрлийн вакцин худалдаж авахаа эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дэлхийн банкнаас вакцины санхүүжилтийг хүссэн. Ний нуугүй хэлэхэд мөнгөндөө ч байгаа юм биш. КОВАКС хөтөлбөрийг хэд хэдэн байгууллага санаачилсны нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид Дэлхийн банканд хандсан. Бяртай орнууд ихэнх нь захиалчихсан. Монгол шиг хөгжиж буй орнууд шууд захиалах боломж нь хомс учраас бид дөтлөх үүднээс Дэлхийн банканд хандсан. Бид хүн амынхаа 60 хувьд эхний ээлжид вакцинд хамруулахаар захиалсан. Нэг хүний хоёр тун буюу нийт 4 ам.доллараар гэж тооцож байна. Хүмүүс үлдсэн 40 хувь нь яах вэ гэж асууж байна. Бид хүүхдүүдэд хийхгүй гэсэн байр суурьтай байна, одоогийн байдлаар. Мөнгөндөө гол нь биш. Хамгийн гол нь богино хугацаанд вакцинд хамрагдах боломж нь энэ” гэв.
ДЭМБ-аас мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нийт 202 вакцины судалгаа хөгжүүлэлт идэвхтэй хийгдэж байгаагаас 47 нь эмнэлзүйн туршилтын шатандаа яваа аж. Эмнэлзүйн судалгааны гуравдугаар шатанд 10 вакцин байна. Эдгээр нь АНУ-4, БНХАУ-д 4, ОХУ-д 1, Их Британийн Оксфордын их сургуульд 1 вакцины туршилт явагдаж байна.