Дайны фронтын цэргийн эмнэлэгт хүч чадлаа зориулахаар 13-15-хан настай охид шийджээ. Дорнод аймгийн Баяндун сумд амьдардаг 16 зоригт охин ийнхүү шийдэж, фронт руу явсан аж. Тэдний тэсвэр тэвчээрийг цэргүүд болон эмчлүүлэгчид нь гайхан биширдэг байсан гэнэ. Энэхүү түүхийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаас энэ сарын 16-нд үзэх боломжтой. Хоц Намсрайн нэрэмжит Буриад улсын драмын академик театрынхан “Тангараг” жүжгийг буриад аялга болон монгол хэлээр тоглох гэж буй нь энэ юм. Үргэлжлэх хугацаа нь 140 минут бөгөөд зургаагаас дээш насныхан үзэх боломжтой.
Халхын голын байлдааны 85 жилийн ойг тохиолдуулан Буриадын театрынхан манайд ийнхүү айлчилж буй юм байна. Дайн монголчуудын ахуй амьдралд хэрхэн нөлөөлж, бие, сэтгэл зүйн хувьд ямар нөхцөл байдалд оруулсныг дээрх бүтээлд илүү гэгээлгээр харуулахыг зорьжээ. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн драмын жүжгийн тасалбарын үнэ нь 20 мянган төгрөг аж.