Эрх баригч МАН-ынхны ээлжит популизм, олон нийтээс оноо авах оролдлого нь төрөөс олгодог зөвшөөрлүүдийг цуцлах “ажиллагаа” бололтой. Иргэн, аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэх гэтэл төр гараа дүрж, “Зөвшөөрөл ав” гэж шаарддаг, ингэхдээ янз бүрийн бичиг цаас, татвар, хураамж нэхэж дарамталдаг байдлыг халж, авлигыг бууруулна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал сүүлийн үед чанга дуугарч эхлэв. Гэвч түүний энэ үйлдэл тун танил төдийгүй итгэл үнэмшил ч ер төрүүлэхгүй нь. Учир нь яг ийм зүйлийг бид өмнө нь зөндөө сонссон. Ердөө гурван жилийн өмнө буюу 2022 онд Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа 74 нэр, төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаснаа мэдэгдэж, хэрэгжүүлж эхэлснээ зарласан удаатай. Гэвч тэр бүхэн нь жүжиг байсан бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахын тулд төрийн байгууллага, албан тушаалтнуудыг царайчилсан хэвээрээ гэдгийг сайд Н.Учралын мэдээллүүд нотолж буй юм.
Н.Учралын нүд урьд нь хаалттай байв уу
“2022 онд зөвшөөрлийн тоог 1000 гаруйгаас 360 болгон цөөлөхөөр хуульчилсан ч хоёр жилийн дотор 16-гаар нэмэгджээ. Үүнээс гадна зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэгчдийг боомилсон, хүнд суртал агуулсан 265 бүртгэл, 232 дүгнэлт, 132 гэрчилгээ, 30 магадлан итгэмжлэл, есөн сертификат бий. Нийслэлд зөвшөөрөл гэх нэртэй 145 “хориг” бий болжээ. Цэцэрлэг байгуулахад 93, эмийн сан нээхэд 138 шат дамждаг. Төрийн албан хаагчид бид иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх үүрэгтэйгээ мартаж болохгүй. Хуулиас давсан бүртгэл, журам, актуудыг цуцалж байгаа. Авлигыг үндэс сууриар нь цэвэрлэх “5Ш” ажиллагаа үргэлжилж байна. Түмэн олноороо хүнд суртлыг халж, авлигатай тэмцэх ажлыг дэмжиж, хянана” гэж Н.Учрал мэдээлжээ.
Тэрбээр 2016 оноос хойш өдий хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын Цахим бодлогын түр хорооны, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажилласан туршлагатай. Дижитал шилжилт, цахим засаглал гэж 2018 оноос хойш амаа чилтэл ярьсан гишүүн цаасанд булагдсан төрийн үйлчилгээг саяхан ойлгосон мэт дүр эсгэх нь сайны шинж үү, санамсаргүйн шинж үү. Ийнхүү гэнэт ухаан орж, гайхширах болсон нь тун хачирхалтай бөгөөд олон нийтэд таалагдахын тулд л зөвшөөрлийн асуудлыг барьж авав уу гэсэн хардлага төрүүлнэ. Яагаад гэвэл Засгийн газрын тусгай сангуудаас зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг ил болгож буйгаа 2023 он буюу сонгуулийн өмнө өдөр тутам мэдээлж шоудсан. Гэвч түүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч Засгийн газрын тусгай сангуудтай холбоотой зөрчлүүд цэгцрээгүй. Сангийн мөнгийг завшсан этгээдүүд ч хариуцлага хүлээгээгүй юм. Зөвшөөрлүүдийг халах гэсэн санаачилга нь ч эцэстээ үр дүнд хүрэхгүй байж мэднэ.
“Цахим үндэстэн” гэх популизм
Үнэхээр л хүнээ бодож, төрийн хүнд суртлыг халахыг хүссэн юм бол амьдралд нийцсэн, хөрсөн дээр буусан зүйл ярих хэрэгтэй байх. Жишээ нь, нийслэлийн удирдлагуудын гаргасан, Улаанбаатар хотод олгох автомашины улсын дугаарын тоонд хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хамгийн түрүүнд цуцлах ёстой гэсэн саналтай хүн цөөнгүй. Үүний улмаас Улаанбаатарт автомашины дугаар олдохоо больж, үндсэндээ дамын наймаачдын гарт орчхоод буй. Наанадаж үүнийг цэгцлээгүй цагт төрийн хүнд суртлыг арилгасан, авлигыг бууруулсан гэж ярих нь яалт ч үгүй популизм болно. Бас нэгэн иргэн хүнс үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсээд хэд хэдэн удаа буцсанаа хэлэв. Хамгийн хачирхалтай нь, төрийн байгууллагуудын хаалгыг татах бүрд зөвшөөрөл олгохгүй гэсэн шалтгаан нь өөрчлөгддөг гэнэ. Сүүлд очиход нь үйлдвэрийн хаяг нь гэрэлгүй гэдэг шалтгаанаар буцаасан байна.
Түүнчлэн төрийн байгууллагуудынхаа и-мэйл хаягийг тогтмол ажиллуулж, иргэдийн асуудлыг шийддэг болчих хэрэгтэйг сануулсан хүн ч бий. Эрх баригчид “Цахим үндэстэн” болно гэж байнга суртал ухуулга хийдэг. Гэвч төрийн байгууллагуудын и-мэйл хаягаар албан бичиг явуулахаар заавал биечлэн авчирч өгөхийг шаарддаг гэнэ. Эсвэл албан бичиг хүлээн авсан, эсэхээ ч мэдэгддэггүй, усанд хаясан чулуу мэт алга болдог аж.
Зөвшөөрөл авах гэсээр зун дуусчихдаг
Зөвшөөрлүүдийг цуцлахдаа хамгийн түрүүнд Барилгын хөгжлийн төвийг хамруулах нь оновчтой гэжээ. Уг нь сайд Н.Учралын чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамныхан зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон талаарх мэдээлэл цахим хуудсандаа байршуулсан байна. Гэвч тэдгээр нь косметик засвар маягийн, олны нүдийг хуурах төдий жагсаалт байж. Үнэндээ бол барилгын компаниудад хамгийн их чирэгдэл учруулдаг Барилгын хөгжлийн төвийн олгодог зөвшөөрлүүд хэвээрээ байгааг тус салбарынхан сануулжээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хувь хүн ажил хийхдээ төрөөс зөвшөөрөл авдаг хоцрогдсон, социалист тогтолцоогоо бүрэн халмаар байна. Хоолны газар ажиллуулах, шорлог шарах гэтэл зөвшөөрөлгүй гээд хөөгддөг. Барилгын салбарт эл асуудал хамгийн хүндрэлтэй. Барилгын хөгжлийн төв, Улсын комиссын эрх, үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй. Зөвшөөрлийн тогтолцоо нь авлигын үндэс болчихсон. Ийм асуудлыг цэгцлэхийн тулд зөвшөөрлийг халаад, харин стандартаа сайн мөрдүүлэхэд анхаарах боломжтой” гэсэн байр суурь илэрхийлсэн удаатай. УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл ч “Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-д ажиллаж байхдаа барилгын салбарын зөвшөөрлийг судалж байв. 100 гаруй байсан санагдана. Монгол барилгын ажил хийх маш богино улиралтай мөртлөө хамгийн урт зөвшөөрлийн тогтолцоотой улс” гэжээ. Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд зөвшөөрөл авах гэсээр зун дуусчихдаг.
Дунд шатныхан бизнесийнхний эсрэг ажилладаг
Төрийн дарамт шахалтыг бууруулах замаар бизнес эрхлэгчдээ дэмжих санаачилга нь Засгийн газрын энэ сарын 5-ны ээлжит хуралдаанаас эхлэлтэй. Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр холбогдох албаныханд даалгасан. Үүний хүрээнд Засгийн газар “Бизнест ээлтэй Монгол” гэх гоё нэртэй шинэ хөтөлбөртэй болжээ. “Алсын хараа”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг”, “5Ш” гэх мэтээр Засгийн газрын санаачилсан хөтөлбөр мундахгүй. Тэдгээрийн араас “Бизнест ээлтэй Монгол” нь төрөн гарсан хэрэг.
Гэвч Засгийн газар хөтөлбөр зохиогоод орхих бус, үр дүнд хүргэх нь чухал гэдгийг бизнес эрхлэгчдийн төлөөлөл буюу “Монголын эдийн засгийн форум”, МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын хүнсчдийн холбоо зэрэг байгууллагынхан мэдэгдээд байна. Тэд “Бизнест ээлтэй Монгол” хөтөлбөр нь янз бүрийн саад тотгорыг халах зорилготой гэж ойлгож байгаа. Бизнес эрхлэхэд тулгардаг хамгийн эхний асуудал нь татварын дарамт. Дараагийнх нь зөвшөөрөл. Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлээд гурван жил болсон. Энэ хуулийн дагуу зөвшөөрлийн тоог цөөлсөн. Гэвч зөвшөөрлийн шинж чанартай төлбөр, хураамж, баримт бичгүүд нь бизнесийн салбарынханд дарамт учруулсан хэвээр байгаа. Тиймээс зөвшөөрлүүдийн тэн хагасаас илүүг нь цуцлах хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн Монгол дахь Америкийн худалдааны танхим энэ сарын 21-нд гаргасан мэдэгдэлдээ “Ажлын байр бий болгох, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, инновацыг дэмжих, татварын орлогыг нэмэгдүүлэх болон эдийн засгийн тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд амин чухал үүрэг гүйцэтгэдэг хувийн хэвшил болон чөлөөт зах зээлийг УИХ-ын гишүүдийн зүгээс дэмжиж, тэдний талд зогсох нэн шаардлагатай үе болохыг тодотгоё” хэмээжээ. Үнэндээ төрийн бодлого бизнест ямар дарамт учруулдгийг эдгээр байгууллагынхны үг нотолж байгаа бус уу.
Нөгөөтээгүүр, дарга нарын ярьсан сайхан зүйлүүд төрийн байгууллагын дунд шатанд очоод замхардаг талаар ч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл сануулсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын хүнд суртал ч үйл ажиллагаа явуулахад нь чөдөр тушаа болдог гэнэ. Нийслэлийн харьяа нэгэн байгууллагаас албан бичгийн хариу авах гэсэн бизнес эрхлэгч бүтэн сар хүлээснээ, энэ хугацаанд байнга царайчилж, утсаар ярьж гуйснаа учирлаж байв.
Хоёр жил ч наслаагүй хууль
Гуравхан жилийн өмнө буюу 2022 онд л Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан. Тухайн үед “Зөвшөөрөл авах гэж төрийн албан хаагчдыг царайчлахгүй боллоо” гэж УИХ-ын гишүүд ярьж байв. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Зөвшөөрлийн тухай хуулийг хувийн хэвшлийнхэн өөрсдөө хэлэлцэж, боловсруулаад, бидэнд өгч батлуулсан гэхэд болно. Энэ бол хуулийн этгээд, иргэдийн эрхийг хангасан хууль” хэмээж байлаа.
Харамсалтай нь, эл хууль шаардлага хангахгүй байгаа тул УИХ-ын ирэх хаврын чуулганаар Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөснөө Н.Учрал энэ сарын эхээр мэдээлсэн. Тэрбээр “2022 онд Зөвшөөрлийн тухай хууль баталсан. Гэвч тоо нь улам нэмэгдсэн, бас бүртгэл нэрээр зөвшөөрөл олгодог зохисгүй практик газар авлаа. Энэ нь бизнесийн орчныг боомилж, хувийн хэвшлийг дэмжих бус, харин ч саад учруулж байна” гэж тайлбарлажээ. Эндээс парламентын гишүүд хууль баталж тоглодог уу, эсвэл хууль тогтоох хэмжээний чадамжгүй хүмүүс УИХ-д сонгогдов уу гэсэн асуулт урган гарч байна. Хоёр жил болоод л хуучирдаг энэ мэт хог шиг хууль “үйлдвэрлэсээр” л байх уу.
Ерөнхий сайд ч ажлаа хийсэнгүй
Зөвшөөрлийн тухай хуулиас хэрэгжүүлж чадсан нэг зүйл нь Ерөнхий сайдын дэргэд Зөвшөөрлийн зөвлөл гээчийг байгуулсан нь аж. Уг хуулийн 9.1.1-т “Эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, энэ хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллана” гэж заажээ. Үүний дагуу 2023 онд байгуулсан Зөвшөөрлийн зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг. Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, 11 гишүүнээс бүрддэг аж. Нарийн бичгийн даргын үүргийг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гүйцэтгэдэг юм байна. Эрх баригчид ажил хийх нэрээр шинэ бүтэц үүсгэж, татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрдэг ч эцсийн дүндээ бодит үр дүн ер гардаггүйн сонгодог жишээ бол энэ зөвлөл.
Хоёр жил “амьгүй” байсан тус зөвлөлийнхөн уг нь зөвшөөрөл олгосон байдал, түүний үр нөлөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй. Бас зөвшөөрлийн хууль тогтоомж зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах санал гаргах эрхтэй.
Гэхдээ бизнес эрхлэгчдэд “Бизнест ээлтэй Монгол” хөтөлбөр, Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн зөвлөлийн аль нь ч хэрэггүй. Иргэдээ ажиллаж хөдөлмөрлөхгүй байна гэж байсхийгээд л шүүмжилдэг төрийн албаныхан, дарга, сайд нар зөвшөөрөл гэгч тээгээ л халах шаардлагатайг аж ахуйн нэгжийн төлөөлөл сануулаад байгаа юм. Жишээ нь, монголчууд олноор ажиллаж, амьдардаг Австрали улсад компани, үйлчилгээ эрхлэхэд нэг ч удаа төрийн байгууллагын хаалга татаж, ямар нэгэн албан хаагчтай нүүр тулж уулздаггүй, цахимаар бүх асуудлаа шийдүүлчихдэг талаар нэгэн иргэн хуваалцжээ. Тийм л энгийн систем хэрэгтэйг бизнес эрхлэгчид онцолсоор байна.
М.Оч