Дэлхий дахин М16 гэх нэрээр нь мэддэг Британийн Гадаад тагнуулын албаны 116 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн тус байгууллагыг тэргүүлэх болсныг Засгийн газрынх нь хэвлэлийн алба өнгөрсөн ням гарагт зарлав. Энэ эмэгтэйг Блейз Метревели гэдэг, одоо 47 настай. Түүнд халаагаа өгөх хүнийг нь Ричард Мур гэнэ. Тэрбээр М16-г таван жил удирдаад албаа өгөх гэж байна.
Блейз Метревели тагнуулын албанд 1999 онд оюутан байхаасаа алба хашиж эхэлсэн байна. Одоо тэрбээр М16-гийн технологи, инновацын хэлтсийг удирдаж буй. Урьд нь сөрөг тагнуулын М15 албанд удирдах албахашиж байжээ. Тагнуулчийн ажлынхаа ихээхэн хэсгийг Ойрхи Дорнод болон Европт өнгөрөөсөн аж.
Метревели гүрж гаралтай юм байна. М16 алба хилийн чанадаас мэдээлэл цуглуулах, дайсагнасан харилцаатай улсуудын эсрэг үйл ажиллагаа явуулах, алан хядах ажиллагаатай тэмцэх ажил эрхэлдэг. Метревелийн тухай Британийн Засгийн газар мэдээлэхдээ М16 нь сөрөг тагнуул М15, Кибер тагнуул GCHQ-той хамтран ард түмний аюулгүй байдлыг хангах, хилийн чанадад Британийн эрх ашгийг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн байна. “М16-гийн ажилтнууд болон хилийн чанадын олон түнштэй мөр зэрэгцэн энэ ажлыг үргэлжлүүлэхдээ би баяртай байх болно” гэж Метревели хэлжээ
Блейз Метревели М15 албаны “захирал К” гэх нууц нэрээр 2021 онд “Telegraph” сонины сурвалжлагчтай ярилцахдаа “Орос улсын үйлдэл Британид заналхийлж, Хятад дэлхийг өөрчилж буй нь Британид сайхан боломж олгохын зэрэгцээ аюул учруулж байна” гэж хэлж байжээ. Гурван жилийн өмнө “Financial Times” сонинд Ада гэх нууц нэрээр ярилцлага өгөхдөө бүр хүүхэд байхаасаа хүссэн ганц мэргэжил нь тагнах, турших байсан гэж хэлсэн байдаг. Үй олноор нь хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийн эсрэг салбарт эрхэлсэн анхны ажил нь цөмийн технологийн хүрээнд “нухацтай шинжлэх ухааныг далайцтай” сонирхох, бидэнтэй нууцаа хуваалцахын тулд амиа золиослохоос ч буцахгүй гадаадын тагнуулчидтай харилцаагаа зүгшрүүлэх боломж олгосон” гэж Метревели ярьдаг аж.
Метревели Кембрижид удамшил зүй судалжээ. Түүнийг арабаар сайн ярьдаг, Ойрхи Дорнод, тэр дундаа цэрэг дайны зөрчил тэмцэлтэй газарт ажиллах туршлагатай гэж нөхөд нь ярьжээ. Зүйрлэшгүй, олон хүнд сорилттой тагнуулын алба тулгарах тэр цагт Метревели түүнийг удирдана гэж ВВС-гийн тоймч Фрэнк Гарднер үзэж байна.
Метревелийн томилгоог Британийн Ерөнхий сайд Кир Стармер “түүхэн” гэж нэрлэж, тагнуулын ажил өнөө цагт хэзээ хэзээнээс илүү чухал болж буйг онцолжээ. “Манай усан орон зай руу түрэмгийлэгчид тагнуулын хөлгүүдээ юм уу, хакеруудаа илгээж, кибер довтолгоон нь төрийн албыг таслан зогсооход чиглэж буй ер бусын аюултай Британи нүүр тулгарч байна” гэж түүний түгээсэн мэ¬дэгдэлдөгүүлжээ. Сүүлийн хэдэн жил М16-г удирдаж буй Ричард Мур ч мөн ийм бодолтой байгаа аж. “Блейз бол тагнуулын байгууллагын өндөр түвшний мэр гэжилтэн, удирдагч, технологийн салбар дахь манай шилдэг толгойнуудын нэг” гэж тэрбээр үнэлжээ.
Өнгөрсөн 25 жилд Метревели Британийн дотоод тагнуулын агентлагт ажиллаж, Орос, Хятад, Иран мэт “дайсагнагч орнууд”-ын зүгээс Британид учруулж болох аюулыг хянаж, ажиглаж байдаг “К” департаментыг удирдаж байж. Метревели томилогдсон шинэ ажилдаа Ричард Мурын бүрэн эрхийн хугацаа дуусахаар аравдугаар сард орох юм байна. Тэрбээр ийн Британийн Нууц тагнуулын албаны 18 дахь удирдагч нь болно.
М16-гийн албан ёсны нэр нь Нууц (гадаад) тагнуулын алба, түүнийг 1909 онд үүсгэн байгуулжээ. Гэхдээ ийм байгууллага оршин тогтнож байгааг Засгийн газар нь 1994 онд үйл ажиллагааных нь цар хүрээ, үүргийг тогтоосон Тагнуулын албаны тухай хууль батлагдсаны дараа л хүлээн зөвшөөрсөн аж. Тус алба нь Гадаад хэргийн яаманд харьяалагдана, төв байр нь Лондонд байдаг. Анхны дарга Мэнсфилд Смитекамлингийн үеэс удирдагчийнх нь нэрийг албан бусаар “Chief” гэх үгний товчлол “С” үсгээр төлөөлүүлж ирсэн бөгөөд баримт бичигт гарын үсгээ бэхээр бичдэг. Түүнээс гадна дарга нь нэрээ нууцалдаггүй ганц ажилтан нь юм.
Блейз Метревели 1977, 1978 оны аль нэгэнд Британид рентгений эмчийн гэр бүлд мэндэл¬жээ. Түүний овог гүрж гарлыг нь илтгэх ч өөрийнх нь хийгээд төрөл садангийнхных нь үүх түүхийн талаарх бүх мэдээллийг нууцалдаг. 1990 онд Кембрижийн их сургуулийн нэг коллеж төгссөн, академик сэлэлтийн эмэгтэй багийн гишүүн байсан гэхээс ондоо мэдээлэл байхгүй. Британийн гадаад бодлогын салбарт байгуулсан гавьяаг нь үнэлж түүнийг 2024 онд Гэгээн Михаил, Гэгээн Георгийн одонгоор шаг насан байдаг.
“Алба хашсан бүхий л хугацаандаа ардчилсан зарчим, эрх чөлөө нэг шөнө л алга болчих¬дог, чөлөөт хэвлэл ч устгагддаг орнуудад амьдарлаа. Энэ нь Нэгдсэн хаант улс тун онцгой болохыг ойлгоход эрхгүй хүргэдэг. Энэ улс үнэхээр хосгүй, түүнийг жинхэнэ ёсоор хамгаалахаас аргагүй”. Үүнийг “захирал К” гэх нууц нэрээр Британийн сөрөг тагнуулын албаны (М15) даргын хувиар “The Telegraph” сонины сурвалжлагчийн тавьсан асуултад өгсөн хариултаас “сугалж” авчээ. Хариулсан эзэн нь тодорхой болоогүй байснаас “захирал К” гэгч нь Английн Гадаад тагнуулын албыг удирдах Блейз Метревели болохыг олон түмэн энэ сарын 15-нд л мэдэж авлаа.
Өрнөдийн хэвлэлүүд түүний тухай мэдээлэхдээ гадаад тагнуулын албаны толгойд эмэгтэй хүн нэлээд эрт гарч ирснийг харуулдаг Жеймс Бондын тухай киног эргэн дурсаж байна. Британийн Гадаад тагнуулын албаны шинэ удирдагчийг Оросын хэвлэлүүд “гүржийн хакерч” гэж нэрлэж байгаа нь Блейз Метревелийг энэ албанд томилсон нь түүнийг Орост хэрхэн ханддагийг харуулсан үйл явдал гэдгийг илэрхийлж буй хэрэг биз. Түүний үнэлэмжээр Орос улс нь Британид огцом заналхийлэл учруулах урьдчилан тааварлашгүй шуурга гэж төсөөлөгддөг бол Хятадыг тэрбээр цаг уурын өөрчлөлт шиг алгуур учрах аюул гэж үздэг. Дөрвөн жилийн өмнө сэтгүүлчийн асуултад хариулах-даа Британийн үндэсний аюулгүй байдалд учирч болох аюулыг “олон янз”-ын гээд, Орос, Хятадын хорлонт үйл ажиллагааг тогтоон барихад хууль тогтоомжийн өөрчлөлт чухал гэж онцолсон байна.
“Тэдний ажил тагнуултай киноны зохиол биш, иргэн бүрийн аюулгүй байдлын асуудал учраас нийгэм нь тагнуулын албадынхаа үйл ажиллагааг сайн ойлгодог байх ёстой” гэж Метревели үздэг. Түүний хүүхдүүд нь эхээсээ дутахааргүй ажигч, сэрэмж болгоомжтой, ээж нь төрийн жирийн албанд биш, тагнуулын байгууллагад ажилладаг, түүний түвшний офицеруудын бодит ажлын талаарх мэдээлэл явцуу хүрээнд, гэр бүлийнх нь хэдхэн хүнд, магадгүй хоёр гуравхан найдвартай хүнд л хүрдэг гэдгийг ойлгодог байсан нь Метревелийн ярианаас илт байдаг”. Хүүхдүүд нь эхийнхээ мэргэжлийн нууцыг чанд хадгалдаг байсныг тухайн үед М15- ыг удирдаж байсан хүн ч тэмдэглэж байжээ. Метревели бага залуугаасаа нууц бичиг тайлж унших аргыг судалж, хүүхдүүдийнхээ дор хаяж нэгийг нь Британиас өөр оронд тагнуулын ажил хийж байхдаа төрүүлсэн болох нь 2022 онд түүний ярьснаас анзаарагддаг гэнэ.
Шинэ албанд томилогдсоноо тэрбээр их нэр төр, бахархах үйл гэж үзэж байгаагаа уг үйл явдлыг албан ёсоор зарлах үеэр илэрхийлсэн аж. Блейз Метревели цагаачийн гурав дахь үеийн төлөөлөл юм. Өвөө нь Гүрж орноо орхиж Европт суурьшжээ. Блейз Метревели Хонконгод өсөж торнисон, Кембрижийн их сургууль төгссөн. Эцэг Константин Метревели нь 1986-2001 онд Хонконгийн Хятадын их сургуулийн радиологийн тэнхимийг удирдаж байв. Константин Британийн армид ажиллаж, 1982- 1985 онд гэр бүлээрээ Саудын Арабын нийслэл Эр-Риядад аж төрж байжээ. Тэрбээр 2018 онд 73 насандаа 100 километр замыг 48 цагт туулах холын зайн гүйлтэд оролцсон хамгийн өндөр настан болж байв. Константин 1984 оноос түүнд оролцох болсон нь Британийн армид алба хаагчдад ийм гүйлт бэлтгэл сургуулилалт болдог байснаас үүдэлтэй гэнэ. Константин 1966 оноос Британийн харьяат болжээ.
Р.Жаргалант