Японы Миэ их сургуулийн судлаачид дауны синдромын нэмэлт хромсомыг устгах судалгаа хийж, чамгүй амжилтад хүрчээ. Тодруулбал, “PNAS Nexus” хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд уг өвчний шалтгаан болох генетикийн эмгэгийг эмчлэхдээ ДНХ-ийг өөрчлөх технологи ашиглан эсийн илүүдэл хромсомыг устгасан тухай өгүүлэл нийтэлсэн байна. Туршилтын дараах шинжилгээнүүдээр мэдрэлийн системтэй холбоотой генүүд илүү идэвхэжсэн бол бодисын солилцооных удааширсан аж. Мөн хромсомыг устгасны дараа эсүүд илүү хурдан өсөж, хуваагджээ.
Эл судалгаанд ашигласан CRISPR технологиор дамжуулан дауны синдромыг бүрэн эмчлэх боломжтой хэмээн Японы эрдэмтэд үзэж буй. Гэвч тус технологи нь эрүүл хромсомд ч нөлөөлөх эрсдэлтэй тул аргачлалаа илүү нарийвчлах, судалгаагаа цаашид өргөжүүлэх шаардлагатайг дурджээ. Судлаачид ДНХ-ийн өөрчлөлттэй холбоотой эрсдэлийг үргэлжлүүлэн судлахаар төлөвлөж буй хэмээсэн юм. Дауны хам шинж нь хүний биеийн эсүүдэд илүүдэл хромсом агуулагдсанаар үүсэх генетикийн өөрчлөлт. Уг синдромын үед сурах чадвар тодорхой хэмжээгээр удааширдаг бөгөөд зарим өвчинд өртөмтгий болгодог байна. Үүнээс гадна өндөр наслахын хэрээр зөнөх өвчин тусах эрсдэл гурав дахин нэмэгддэг гэж үздэг аж. Дэлхий нийтэд уг өвчнийг бүрэн эмчлэх асуудал маргаантай хэвээр байна.
М.Гэгээ