Австри улсад ажиллаж, амьдардаг монгол залуус “Технологийн эрэлд хамтдаа” клуб байгуулан, шинэ тутам бүртгэгдэж буй техник, технологийн ололт амжилт, туршилтуудын талаар чөлөөт цагаараа мэдээлэл солилцдог болжээ. Мөн дэвшилт шийдэл бүхий үйлдвэр, технологийн газруудтай клубээрээ танилцаж, эх орондоо нутагшуулах боломжтой санаачилгуудыг ч судалдаг гэнэ. Тэд хамгийн сүүлд Австрийн Вена хотын төвд байрлах “Spittelau” хэмээх хог шатаах үйлдвэрийн байгууламжтай танилцжээ. Тус клубийн гишүүн Б.Ундрах-Од “Бид өнгөрсөн хугацаанд хог хаана очдог, хаягдлыг яаж баялаг болгон хувиргадаг, хотоо хэрхэн цэвэр цэмцгэр байлгах талаар судалж, олон байгууллага, үйлдвэрт зочилсон. Өөрчлөх сэтгэл, хандлага байвал технологийн тусламжтайгаар юуг ч яаж ч шинэчлэх боломжтой цаг үед амьдарч байна. Жишээлбэл, манай улсын тулгамдсан асуудал болсон хогны менежментийг сайжруулах боломж, бэлэн шийдэл технологийн салбарт асар олон” гэсэн юм.
Н.Мишээл