Чикунгунья хэмээх вирус дахин тархаж эхэлсэн тул ДЭМБ-аас сэрэмжлүүлэг гаргалаа. Тус вирусийн дэгдэлт энэ оны эхээр Энэтхэгийн далайн бүсээс Зүүн өмнөд Ази руу тархаж, улмаар Франц, Итали зэрэг Европын оронд бүртгэгдсэн нь олон улсыг түгшээж буй аж. Одоогоор үүний эсрэг тодорхой эмчилгээ байхгүй бөгөөд денге, зика зэрэг халдвар дамжуулагчаар тархдаг тул шумуулд хазуулахаас урьдчилан сэргийлэхийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулжээ. Өнгөрөгч мягмар гарагт Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус байгууллагын эмч Диана Рохас Альварез “Анх 20 жилийн өмнө бүртгэгдсэн уг халдвар жижиг арлуудаас томоохон хотууд хүртэл тархсан. Энэ удаагийн дэгдэлт ч мөн Ла Реюньон, Майотта, Маврикий зэрэг Энэтхэгийн жижиг арлаас эхэлжээ. Ла Реюньонд л гэхэд нийт хүн амын гуравны нэг нь үүгээр өвчлөөд байна” хэмээжээ.
Өнгөрсөн тавдугаар сараас хойш Францад 800 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, 12 халдварын голомт илэрсэн байна. Харин Италид өнгөрсөн долоо хоногт нэг илэрсэн гэнэ. Уг вирус нь богино хугацаанд олон хүнд халдварлах чадвартай аж. Шумуулд хазуулахаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол битүү хувцас өмсөх гэдгийг ДЭМБ-аас анхааруулав.
Д.Хүслэн