Нидерландад дэлхийн II дайнаас хойш анх удаа цөөнхийн, өөрөөр хэлбэл, парламентын олонхгүй төр, засаг бүрэлдэв. Ийм Засгийн газар өнгөрсөн сарын 23-нд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Түүнд “Ардчилагчид-66”, Эрх чөлөө, ардчиллын төлөө баруун төвийн Ардын нам, төвч үзэлтэй “Христийн ардчилсан уриа” гэсэн гурван нам оржээ. Эдгээрээс Эрх чөлөө, ардчиллын төлөө баруун төвийн Ардын нам нь 2010-2023 онд улсдаа хамгийн нэрд гарсан улс төрийн хүчин байв. Энэ эвсэл доод танхимын 150 суудлын 66, дээд танхимд 75 суудлын ердөө 22-ыг нь авсан байна. Тийм болохоор гаргасан санаачилга бү рийнхээ төлөө сөрөг хүчнээсээ дэмжлэг авах шаардлагатай болно гэсэн үг. Үүнээс өмнө 1939 онд цөөнхийн Засгийн газар байгуулагдаж, ердөө хоёр өдөр оршин тогтнож, парламент нь ганц удаа хуралдаан хийж байсан аж. Нидерландын одоогийн шинэ Ерөнхий сайд Роб Йеттен тус улсын түүхэнд хамгийн залуу буюу 38 настай юм байна. Бас анхны ижил хүйстэн, Д66 намын төлөөлөл болж байна. Йеттений Засгийн газрыг олон хүн “туршилт”-ын гэж нэрлэж буй бол өөдрөг үзэлтэй хүмүүс цөөнх нь засаглаж буй Дани улсыг жишээ болгон “хэвийн зүйл” гэцгээж буй юм байна. Гутранги үзэлтнүүд болохоор Данийн парламент нь нэг танхимтай, хууль батлахын тулд олонхын дэмжлэг бус, харин олонх саналаа эсрэг өгөхгүй байх нь л чухал гэлцэж буй аж. Нидерландад өмнө нь бас нэг туршилт хийсэн нь нам бус хүнийг Ерөнхий сайдаар томилоод Засгийн газар нь 11 сар ажиллажээ.
Төв үзэлт Д66 намын дарга Роб Арнолдос Адрионос Йеттен 1987 онд төржээ. Дунд боловсрол олоод 2005-2011 онд их сургуульд сурч, төрийн удирдлагын салбарын мэргэжилтэй болсон байна. Төмөр замын “ProRail” компанид дадлага хийгээд тэндээ зөвлөх, бүс нутгийн менежерээр ажиллах болов. Улс төрийн албыг сенат дахь “Ардчилагчид-66” фракцын улс төрийн зөвлөхөөс эхлэн хашиж, тус намын залуучуудын “Залуу ардчилагчид” байгууллагыг удирдах болжээ. 2017 онд парламентын сонгуульд оролцож, Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдов. Удалгүй намынхаа цаг уур, эрчим хүч, хий, төмөр зам, ардчилсан шинэчлэл, эдийн засгийн асуудал хариуцсан төлөөлөгч болов. 2018 онд Төлөөлөгчдийн танхим дахь “Ардчилагчид-66” бүлгийн удирдагчаар томилогджээ. 31 насандаа Йеттен Д66 намын парламентын хамгийн залуу удирдагч болжээ. Залуу насандаа хэсэгтээ хэвлэлийн бай болж үзэв. 2022 оны эхээр Рюттегийн дөрөв дэх танхим тангаргаа өргөж, Йеттен Цаг уур, эрчим хүчний сайдаар ажиллах боллоо. Дараа жил нь “Ардчилагчид-66” намынхаа даргын сонгуульд оролцохоор шийдсэнээ зарлав. Намын дарга байсан хатагтай Сигрид Кааг гэр бүлд нь заналхийлсний улмаас цаашдаа албан тушаалаасаа татгалзах бодлоо илэрхийлснээс Йеттен түүний орыг залгав. 2023 оны сонгуулиар Төлөөлөгчдийн танхимд эргэж ирлээ. НҮБ-д ажиллаж байсан Кааг огцорсны дараа Йеттен Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч болж, өөр танхим тангаргаа өргөснөөр бүрэн эрхийн хугацаа нь 2024 оны зун дуусав.
2025 онд “Ардчилагчид-66” нам парламентын сонгуульд ялж, Йеттен ирээдүйн Ерөнхий сайдаар ажиллах нь тодорхой болжээ. Түүний удирдсан нам илүүтэй бодож, тунгаасан уриа дэвшүүлж, сурталчилгаанд ахиухан хөрөнгө зарав. Намынх нь хувьд уламжлал болсон цаг уурын өөрчлөлт, боловсрол мэт сэдвээс хальж, цагаачлал, орон сууцын хямрал гэх мэт маргаантай асуудалд түлхүү анхаарсан нь сонгогчдын итгэлийг хүлээхэд нөлөөлжээ. Ингээд цөөнхийн эвслийн Засгийн газар 2026 оны хоёрдугаар сарын 23-нд тангараг өргөлөө. Аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө Европын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг Роб Йеттен онцолж байна. Нидерланд улс Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэж тэр мэдэгдлээ.
Газар нутгийн асуудлаарх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурь Европ тивийн хувьд “түгшүүртэй дохио” гэж үзэж буйгаа мөн илэрхийлэв. Түүний хэлснээс үзвэл Европын хамтын ажиллагаанд голландчууд ямар үүрэг гүйцэтгэхийг ойлгуулахын тулд эндхийн хань нөхөдтэйгөө яриа хөөрөө хийх нь албаа авсны дараах эн тэргүүний ажил байх нь. Түүнчлэн ялангуяа аюулгүй байдал, Украины дайн болон эдийн засгийн түвшинд Вашингтонтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэх аж. Тус хоёр улсын эдийн засгийн харилцаа маш нягт уялдаатай болжээ.
Йеттен Украин дахь тэмцэл нь бүх Европын аюулгүй байдалтай холбоотой гэж үздэг юм байна. Тиймээс Украинд олон жил үзүүлж ирсэн санхүү, цэргийн дэмжлэгээ үргэлжлүүлж Оросын царцаасан хөрөнгийг энэ зорилгод ашиглахын төлөө тэмцэх аж. Дэвшлийг ганцаар биш олуул хамтарч бий болгодгийг манай түүх харуулсан гэж тэрбээр хэлжээ. Цөөнхийн эвслийн Засгийн газарт тулгарсан хүндхэн асуудлын нэг нь аливаа хуулийг батлахдаа сөрөг хүч нийхээ дэмжлэгийг хүлээх явдал байх болно гэж тоймчид тэмдэглэж байна. Олонхын Засгийн газар байгуулахад одоогийн эрх баригч эвсэлд ердөө есөн суудал дутсан байна.
Сонгуулийн дүн гарсны дараа Йеттен “Бид Европтой хамтран ажиллахгүйгээр хаашаа ч явж чадахгүй учраас Нидерландыг түүний “зүрх” рүү буцааж аваачихыг сурталчилгааныхаа үед хичээсэн” гэж хэлсэн байдаг. Эвсэлд нэгдсэн гурван нам сонгуульд зориулж гаргасан тунхаглалдаа Украиныг бүрэн дэмжихээ мэдэгдэж, НАТО-гийн хүрээнд зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгөө гар татахгүй өгөхөө амлажээ. Саяхан улс төрийн нэгдсэн хүчин болсон томоохон сөрөг хүчин болох “Зүүний ногоонтнууд хийгээд хөдөлмөрчид” нам эрүүлийг хамгаалах, нийгмийн хангамжид зарцуулах хөрөнгийг хорогдуулах Йеттений төлөвлөгөөг эрс эсэргүүцдэгээ нэгэнтээ илэрхийлсэн учир Засгийн газраас санал болгосон хууль тогтоомж бүрээр түүнтэй хэл амаа ололцох нь эрх баригч эвсэлд тийм ч амар байхгүй нь мэдээж. Учир нь эрх баригч эвсэл парламентын доод танхимд 150 суудлын 66-г нь авсан билээ. Либерал төвийн үзэлт “Ногоонтнууд” нам сүүлчийн удаа Марк Рюттег Ерөнхий сайд байхад Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байжээ. Энэ Засгийн газар улс төрийн орогнол олгосонтой холбогдож үүссэн хямралын улмаас 2023 онд огцорсон байна. Рюттегийн тэргүүлсэн эвслийн сүүлчийн Засгийн газарт Роб Йеттен Цаг уур, эрчим хүчний сайдаар ажиллаж байв. Тэрбээр өртгийг нь хямдруулахын тулд “ногоон” эрчим хүчинд ихээхэн ач холбогдол өгч, “дэвшилттэй” бодлого руу эргэж очихын төлөө кампанит ажил өрнүүлж, орон сууцын хямралт байдлыг шийдвэрлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх замаар эрүүлийг хамгаалах салбарын ачааллыг хөнгөрүүлэхийг зорьж байна.
Нидерландын эдийн засаг дахь худалдааны гол түншийн нэг АНУ-тай дотно хэлхээ холбоотой байхыг Ерөнхий сайд чухалчилж байна. Одоогийн Засгийн газрыг түрүүчийнх шигээ хэт барууных гэж үзэж болохгүй ч “баруун үзэл”-ийг баримтлахад эргэлзэх юм үгүй гэж Лейдений их сургуулийн профессор хатагтай Сара де Ланге мэдэгдэв. Түүний бодлоор шинэ болон өмнөх Засгийн газруудын хооронд цагаачлалын төлөвлөгөөний хувьд үлэмжхэн залгамж чанар байгаа аж. Шинэ эвсэл бусад улсын иргэдтэй гэр бүл бололцох журмыг чангаруулж, интеграцын хөтөлбөрт зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлж, Европоос хүмүүс гадагш гаргах зөвшөөрлийг зөөллөх гэх мэт арга хэмжээ авах замаар цагаачид орж ирэхийн эсрэг тэмцлийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Йеттений эвсэл түүнчлэн зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбараа санхүүжүүлэхэд туслах үүднээс ажилгүйдлийн тэтгэмж гэх мэт нийгмийн халамжийг хорогдуулахаа амлажээ. Европт ойр үзэл бодолтой Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газар ажилдаа орж буйд талархаж байгаагаа Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйен илэрхийлэв. “Нидерландын болон нийт Европын сайн сайхны төлөө бид хамтран ажиллах болно” гэж тэрбээр мэдэгдээд, Нидерландын Ерөнхий сайдтай Брюссельд удахгүй уулзахаа зарласан байна.
Р.Жаргалант