“Netflix”-ийнхэн “Physical: Asia” шоу нэвтрүүлгийг энэ сарын 28-наас олны хүртээл болголоо. Уг шоунд Монгол, Австрали, БНСУ, Япон, Тайланд, Турк, Индонез, Филиппин улсын тамирчид эр бяраа сорьж, эх орныхоо нэр хүндийн төлөө өрсөлдөж буй бөгөөд тэмцээнд түрүүлсэн баг нэг тэрбум воны шагнал хүртэх юм. Монголчууд үндэсний бөх, солонгос- чууд сырым, тайландууд муайтай гэх мэтчилэн улс бүр үндэсний спортын давуу тал, онцлог чанарыг ашиглахаар хичээж буй нь энэ. Эл тэмцээнд Монголоос улсын арслан Б.Орхонбаяр, холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, волейболын олон улсын хэмжээний мастер Г.Хандсүрэн болон жүдоч О.Адьяасүрэн, Гавьяат жүжигчин Э.Лхагва-Очир нар оролцож буй билээ. Эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдын амьдралын замнал, хувь хүний онцлогийн талаар зарим сонирхолтой мэдээллийг хүргэе
МОНГОЛЫН БАГИЙН ТУЛАХ ХҮЧ Б.ОРХОНБАЯР
“Physical: Asia” шоунд Монголын баг зөвхөн бяр чадлаараа бус, өөрсдийн онцгой сонирхол, өвөрмөц карьераараа ялгарч буй. Монгол хүний биеийн хөгжил, эр бярыг олон улсад таниулж буй, багийн ахлагч улсын арслан Б.Орхонбаяр үндэсний бөхөөс гадна сагсан бөмбөг ч сайн тоглодог нэгэн. Мөн тэрбээр самбо бөхийн дэлхийн аваргын медальтай бөгөөд 105 кг жинтэй, 182 см өндөртэй, өдгөө 27 настай. “Боохой” хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн түүнийг “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн, “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх гэдгээр нь монголчууд андахгүй. Нэвтрүүлгийн нээлтийн үеэр багийн ахлагч Б.Орхонбаяр “Би Монголын үндэсний бөxийн улсын арслан цолтой. Үндэсний бөх бол нүүдэлчдийн эртний цэрэг дайчдын тулаан дундаас үүссэн спорт. Үндсэндээ гардан тулааны спорт гэж хэлж болно. Би улсынxаа баяр наадамд таван удаа шөвгөрсөн. Тухайн бөхийн амжилтыг малгайн дээрx залаа, тэмдэг илтгэдэг. Монголд намайг мэдэхгүй хүн гэж үгүй” хэмээв. Түүнийг ийнхүү хэлсэн даруйд бусад багийнхан ч сүрдэж, “Монголын багтай л таарчихгүй юм сан” хэмээн тэвдэж байлаа.
ЭРЧҮҮДТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭХ А.АДЪЯАСҮРЭН
Жүдо бөхийн хүнд жингийн шилдэг тамирчдын нэг А.Адъяасүрэн бол бие бялдрын хүчээрээ эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэхүйц нэгэн. Түүнийг эл шоуны босгоор алхсан мөчөөс эхлээд л бусад орны эмэгтэй тамирчид жийрхэх болсон. Дэлхийн чансааны 14 дүгээрт жагсдаг, “Алдар” спорт хорооны тамирчин А.Адъяасүрэн “Парис-2024” зуны олимпод эх орноо төлөөлөн оролцсон билээ. Түүний аав бөхийн спортод элэгтэй нэгэн бөгөөд А.Адъяасүрэнг хүүхэд байхаас нь л жүдогийн тэмцээн бүрийг алгасалгүй үзүүлдэг байж. Энэ нь түүнийг хожмоо жүдо бөхийн спорттой амьдралаа холбоход нөлөөлсөн аж.
ЭРТНИЙ МОНГОЛ БААТРУУДТАЙ ХАМГИЙН ТӨСТЭЙ ХОЛИМОГ ТУЛААНЧ Б.ЭНХ-ОРГИЛ
Холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил бол хурд, хүч, арга техник, тэсвэр хатуужлаараа багаа хурцалж буй гол оролцогчдын нэг юм. Монголын багийн хамгийн ахмад гишүүн тэрбээр холимог тулааны Азийн томоохон холбооны нэг болох “One championship”-ын тамирчин. Өсвөр наснаасаа эхлэн Канадын домогт тамирчин Жорж Сент-Пьеррийн тулаануудыг шимтэн үзсэн нь түүнийг эл спортод дурлаж, амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгоход голчлон нөлөөлжээ. Ховдын цэнхэр хязгаараас гаралтай холимог тулаанч Б.Энх-Оргил мэргэжлийн дэвжээнд нийт 13 удаа тулалдахдаа аравт нь ялсан байдаг. “Physical: Asia” шоу нэвтрүүлгийн олон орны үзэгчид түүнийг эртний монгол баатруудтай адилхан хэмээсэн бөгөөд харсан хүн бүр л “Чингис хааны дайчин шиг сүрдмээр харагдаж байна” гэв.
Адал явдалт кинонд шимтэн, аймгийн төвийн хүүхдүүдтэй барилдаж ноцолдож өссөн түүний хамгийн том дэмжигч ээж нь байжээ. Анхны тэмцээндээ оролцохоор Улаанбаатар хотыг зориход ээж нь цалингийн зээл авч, замын зардлыг нь гаргасан гэдэг. Шоуны продюсер Чан Хо Ги “Бид энэ удаад аль болох Ази тивийн онцлогийг харуулахаар зорьсон. Тиймээс хоорондоо харилцан адилгүй улс орнуудыг сонголоо. Өөрсдийн гэсэн үндэсний спорттой, түүндээ дуртай, дэлхийд алдартай тамирчинтай найман орныг урьсан” гэсэн юм. Мөн манай тамирчдын талаар тэрбээр “Монголын багаас бүгд эмээж байна. Тэднийг анх орж ирэхэд л монгол цэргийн ялагдашгүй, дайчин байдал мэдрэгдэж, айдас төрж байв. Тэд хэзээ ч унахгүй аварга хад асга мэт харагдсан” гэжээ.
ТЭНЦВЭРИЙН НОЁН ОРГИЛ Э.ЛХАГВА-ОЧИР
Монголын багийн бас нэгэн сонирхолтой, олон талын чадвартай оролцогч бол Гавьяат жүжигчин, уран нугараач Э.ЛхагваОчир. Циркийн урлагтай 20 гаруй жил “нөхөрлөсөн” тэрбээр бодибилдинг, фитнесийн ДАШТ-үүдэд 2021 оноос хүч сорьж, олон удаа аваргын цом атгасан байдаг. Мөн циркийн урлагийн олимп гэгддэг Монте Карло тэргүүтэй олон улсын томоохон тэмцээнүүдийн цомыг ч “түүж”, уян хатан байдал, хөдөлгөөний эвс¬лээ дэлхийд таниулсан чадварлаг уран бүтээлч. Үүнээс гадна түүний авхаалж, самбаа, уян хатан байдал, хурдтай хөдөлгөөн нь нарийн төвөгтэй даалгавруудыг торох юмгүй биелүүлэхэд зориулагдсан гэмээр. Мөн Ази тивд хэн нь хамгийн хүчтэй, тэсвэр тэвчээртэй вэ гэдгээ сорих ширүүн өрсөлдөөн ханхалсан энэхүү тэмцээний түүхэнд анх удаа уран нугараач оролцож буй нь Э.Лхагва-Очир юм. Дөрвөн охины аав, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюушийн гарын шавь тэрбээр уран нугаралт, бодибилдингийн спортоос гадна “Торгоны маань хээ” хэмээх уран сайхны киноны Эрболдын дүрийг чадварлаг бүтээсэн нэгэн. Мөн давхар сандлын тэнцвэр төрлөөр дэлхийд анх удаа 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлсэн билээ.
“МӨРӨӨДЛИЙН БАГ”-ИЙН ТОГЛОГЧ Э.ДӨЛГӨӨН
Эл тэмцээний эхний шатанд хурд, хүч, авхаалж самбаа, спортын торгон мэдрэмжээрээ бусдаас ялгарч буй нэгэн бол Э.Дөлгөөн. Тэрбээр 1992 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд Монголын энэ цаг үеийн хамгийн шилдэг, үнэ цэнтэй сагсан бөмбөгчдийн нэг юм. Монголын сагсан бөмбөгийн түүхэнд авьяас чадвараа тодоор тамгалсан тамирчин Э.Дөлгөөний хурдан гүйх чадвар, орон зайн мэдрэмж, мөн хөдөлгөөний эвсэл нь “Physical: Asia” шоуны нарийн техник, хурд шаардсан даалгавруудыг гүйцэтгэхэд ихээхэн нэмэр болж буйг багийнхан нь онцолсон. 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн гол тоглогч тэрбээр “FIBA 3x3 world tour”-ын хүрээнд 2020 онд “Мөрөөдлийн баг”-ийн шилдэг дөрвөн тоглогчийн нэг болсон түүхтэй.
ДАРХАН АВАРГЫН ЗАЛГАМЖ Г.ХАНДСҮРЭН
Волейболын спортын олон улсын хэмжээний мастер Г.Хандсү¬рэн нь өндөр үсрэлт, багийн тоглолтын чадвараараа бусдыг гайхшируулдаг. Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин төдийгүй аав нь улсын гарди Б.Гантогтох билээ. Өөрөөр хэл¬бэл, түүний цусанд бөхийн удам, спортын авьяас, ялах хүсэл тэмүүлэл бий. Тэрбээр 16 настайдаа эл спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд Японы волейболын дээд лиг болох “V-League”-ийн легионер тоглогчоор шалгарсан Монголын анхны эмэгтэй тамирчин болсон.
“Netflix”-ийн “Physical: Asia” шоуны үзэг- чид цахим сүлжээнд Монголын багийн тухай хуваалцсан сэтгэгдлүүдээс хүргэе.
-Монгол хэл үнэхээр сэтгэл татам юм.
-Миний өмнө нь уулзсан монголчууд том биетэй хэрнээ эелдэг, сайхан сэтгэлтэй байсан.
-Тэд яг л анимэгийн төгсгөлд гарч ирдэг хамгийн хүчтэй бүлэглэл шиг харагдсан.
-Ийм бие бялдартай хүмүүс морь унаад, галзуу мэт довтлоход Еврази үнсэн товрог болох нь аргагүй.
-Монголчууд баавгай шиг бяр чадалтай. Тиймээс дэлхийн талыг эзлэх нь аргагүй.
-Тэдний уриа болон биеийн хэлэмж нь төгс. Шоу эхлэхэд л өөрсдийн байр суурийг тодорхойлж чадлаа.
Э.Сүйлэн