Пиночет агсанд талтай ханддагаа Хосе Антонио Каст ер нууж байсангүй. “Тэр амьд байсан бол миний төлөө саналаа өгөх байсан” гэж Каст нэгэнтээ хэлсэн байдаг. Чилийн энэ шинэ Ерөнхийлөгч Дональд Трампад ч ойр дотно. Албан ёсны дүнгээр БНН-аас нэр дэвшсэн 59 настай Каст Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 58 орчим хувийн санал авчээ.
Тэрбээр нийслэл Сантьяго хотод дэмжиг чиддээ хандаж үг хэлэхдээ “Чили жинхэнэ өөрчлөлтийг хүлээж байна” гэжээ. Түүнд баяр хүргэхээр гудамжинд гарч ирсэн хүмүүс “Чилийг дахин агуу болгоно” гэсэн бичигтэй улаан өнгийн малгай өмссөн байв. Аугусто Пиночетийн цэргийн дарангуйлал унаснаас хойш Чили улс баруун тийш томоохон алхам хийх гэж буй нь энэ.
Каст хуульч мэргэжилтэй, чиличүүдийн санааг зовоож буй нь санал асуулгаар тодорхой болсон цагаачлал, гэмт хэрэг гэх мэт асуудалд сэтгэлээ чилээж явдаг нэгэн байв. Өмнөд Америкийн хамгийн аюулгүй орон гэгдэж байсан Чилид сүүлийн жилүүдэд гэмт хэрэг өсжээ.
Дэлхийн II дайны дараа Германаас Чилид дүрвэж ирсэн нөлөө бүхий, өнөр өтгөн гэр бү лээс Каст гаралтай аж. Есөн ах, эгч, дүү нарын нэлээд нь түүн шиг парламентын гишүүн, эсвэл сенатор болж, эрчүүдийн нэг нь Төвбанкны ерөнхийлөгч, Аугусто Пиночетийн үед сайдаар ч ажиллаж байж. Эцэг Михаэль Каст Шинделе нь Вермахтын дэслэгч цолтой, залуудаа Үндэсний социалист намын гишүүн байв. Дайны жилүүдэд ЗХУ, Италид байлдаж, америкчуудад олзлогдсон байна. Олзноос зугтаж эхлээд Баварт толгой хоргодож байхдаа гэргий болох бүсгүйтэйгээ танилцжээ. Хожим нь “хархны суваг” гээчээр дамжин 1950 онд Чилид очиж, хиамны үйлдвэртэй болжээ. Эцэг Каст нь 2014 онд 90 насандаа өөд болсон байна.
Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Каст анхны үгээ хэлэхдээ “Чили улс дахин гэмт хэрэг, түгшүүр, айдас хүйдсээс ангид байх болно” гээд гэмт хэрэгтэн, хууль журам зөрчигчдийг хайж олж, шоронд нь суулгана хэмээн амлав. Дэг журмыг сэргээж, хууль бус цагаачлалтай хатуу тэмцэж, улсын зардлыг хэмнэхээ андгайллаа.
Каст Конгрессын гишүүн байсан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр ч удаа нэрээ дэвшүүлж байжээ. 2021 онд хоёр дахь шатанд зүүнтний нэр дэвшигчид ялагдсан байна. Тэрбээр есөн хүүхэдтэй, үр хөндүүлэхийг эрс эсэргүүцдэг, байгаль хамгаалах санаачилга, хүний эрхийг хамгаалах хөдөлгөөнийг шүүмжилдэг нэгэн. Ах Мигэль Каст нь Аугусто Пиночетийн эдийн засгийн зөвлөх байжээ. Энэ хүн дарангуйлагчийн үед Хөдөлмөрийн сайд, Төвбанкны захирал зэрэг алба хашиж байв.
Каст өөрийгөө хэт барууны улс төрч гэж үздэггүй. Тэрбээр Пиночетийг шүтдэг ч түүний дарангуйлах дэглэм хүний эрхийг ноцтой зөрчиж, тамлан алж, олон мянган хүний толгой залгисныг нь шүүмжилдэг. Гэлээ ч Куба, Венесуэль, Никарагуагаас ялгаатай нь Чили улс Пиночетийн үед “ардчилалд шилжсэн” гэж үздэг. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Найиб Букелегийн гэмт хэрэгтнүүдийн эсрэг “дайн”-ы гол бэлгэ тэмдэг болсон шоронг нь үзэхээр Сальвадорт очжээ. Эндхийн нөхцөл айхтар хатуу ширүүн, хоригдлуудын эрхийг ихээр зөрчиж байв.
ВВС-гийн сэтгүүлчийн бичсэнээс үзэхэд Букелегийн “хатуу гар”-ын зарчим, эдийн засгийн салбарт Аргентиний Ерөнхийлөгч Хавьер Милегийн хөтөлбөртэй төстэй арга барилыг Каст дэмждэг аж. Эдийн засагт зах зээлийн хандлагыг баримталж, төрийн үүргийг хумихыг Каст амладаг. Чили бол сүүлийн үед баруун тийш хазайсан Латин Америкийн бас нэг орон юм. Энэ байдал Аргентин, Эквадор, КостаРика, Сальвадорт одоо тохиож байна. Каст саяны сонгуульд долоон сая гаруй санал авсан нь сонгогчдын заавал санал өгөх зарчим үйл чилсэнтэй холбоотой гэж хэлж болно. Чилийн түүхэнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн төлөө хамгийн олон хүн саналаа өгсөн тохиолдол энэ болсон байна.
Хосе Антонио Каст 2026 оны гуравдугаар сарын 11-нд бүрэн эрхээ хэрэгжүүлж социалист Габриэль Боричийн халааг авна. Түүнтэй өрсөлдсөн зүүний үзэлт хатагтай Жанет Хара эхний шатанд хошуучилж явснаа дараачийн шийдвэрлэх шатанд 42 хувийн санал авч, ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Жанет Хара Хөдөлмөрийн сайд байсан бөгөөд Коммунист намаас нэрийг нь дэвшүүлсэн байна. Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдсөн энэ хоёр хүн хоёр огт эвлэршгүй лагерийн төлөөлөл, тэдний сөргөлдөөн сүүлийн жилүүдэд буцлах шахсан тус улс дахь нийгэм, улс төрийн хүч тэй хагарлын илрэл байлаа. 2019 оноос байн байн ширүүсэж, намдах гудамжны жагсаал хөдөлгөөний давлагаа Чилийг доргиож ирэв. Тус улс одоо Латин Америкийн хамгийн өндөр өртөгтэй орон болж, үндсэн бараа, үйлчилгээний үнэ Өрнөд Европын орнуудынхтай зүйрлэхүйц болоод буй. Гэтэл хүн амын олонхынх нь орлого арван жилийн өмнөхийнхөө хэмжээнд байна. Хотуудынх нь оршин суугчдын олонхынх нь цалин доогуур, эрүүлийг хамгаалах, боловсрол, нийгмийн хангамжийн тогтолцоо нь муу байна.
Нийгэм, эдийн засгийн нь тэгш бус байдал Аугусто Пиночетийн үеийнх рүү буцаж очсон гэж эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид үзэж байна. Тэр үеийн засаг захиргаа-улс төр, үзэл суртлын өв одоо ч өдөр бүр мэдрэгдэж, амьдралд нь нөлөөлж байна гэнэ. Гэхдээ 1973 онд Пиночет улсаа “большевик эргэлтээс” аварсан гэж үздэг хүн Чилийн аль ч нутагт цөөнгүй байдаг аж.
Хосе Антонио Каст сонгуулийн сурталчилгаагаа хуучин консерватив ухуулга, эдийн засгийн шинэ либерализм дээр түшиглэж явуулсан бөгөөд “Бурхан бидний талд байгаагүй бол юу ч бүтэхгүй байсан” гэх үгийг хэлэх дуртай нэгэн юм байна. Түүнийг “Чилийн Трамп” гэцгээдэг, бас Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонарутай адилтгах нь ч бий. Каст хатуу гараар хандана, хууль, дэг журмыг дээдэлнэ гэж ил шууд хэлдэг. Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл, цагаачид, эр, эмийн харилцааны уламжлалт бус хандлагыг шүүмжилдэг. Чилиэс бүх цагаачдыг хүчээр гаргаж, Болив, Перутэй залгаа умард хилээ хаахыг тэр амласан. Саяны сонгуульд Каст ялсан нь уламжлалт нам, бодлогод урам хугарсан, гэмт хэрэг, хүчирхийлэл, гудамжны эмх замбараагүй байдал, Венесуэль, Перу, Болив мэт ядуу дорой орнуудаас цагаачид олноор орж ирж буйгаас иргэд залхаж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байгаа юм. 18.6 сая хүнтэй тус улсад одоо 300 мянга гаруй хууль бус цагаач амьдарч буй аж. Өмднөөсөө өөр хувцасгүй хөөгдсөнөөс өөрийн сайн дураар гарч явсан нь дээр хэмээн Каст өнгөрсөн сард цагаачдад анхааруулж байжээ. Дэлхийн дунджаас хоёр дахин их болоод байгаа гэмт хэргийг өнөөгийн гол асуудал гэж чиличүүд үзэж байна. Латин Америкийн орнуудын удирдагчид дотор Кастыг дэмжигчид ч, эсэргүүцэгчид ч цөөнгүй. Чилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Каст ялсныг дуулаад хөрш Аргентиний нь Ерөнхийлөгч Хавьер Милей “Эрх чөлөө ирж байна” гэж хэлсэн бол Чили-Оросын бие даасан сэтгүүлч Telesur сувгийн Олег Ясинский хэт барууны хүчний төлөөлөл ялснаар Чили улс түүхийнхээ хамгийн аймшигтай цаг үе рүү эргэлээ гэж мэдэгдсэн байх юм. Тэрбээр Кастад залуучууд ялалт авчирсан. Ийм шинэ үе Чилид өсөн өндийж буй ч тэд “улс төрийн бодлогын гадна” хүмүүжсэн, юу ч ойлгохгүй, ойлгохыг ч хүсдэггүй. Энэ хүмүүс хэний төлөө өгч буйгаа үл ойлгон фашистын төлөө ч, популистын төлөө ч саналаа өгөхөд бэлэн” гэж онцолсон байна. Бас “Чили АНУ руу бүрэн эргэжээ. Тэгэхдээ түүнээс Хятадтай илүү бизнес хийж байна. Хятадтай хийх худалдааг нь хязгаарлахаар Трамп Чилид дарамт үзүүлэх нь мэдээж. Шийдвэрлэх хүч үл хүрэм эрх ашгийн зөрчил хэзээ нэгэн цагт эхэлнэ” гэж дүгнэжээ.
Латин Америк нь улс төрийн эрс үзлийн бүс нутаг учраас баруун, зүүн тийш савлаж байдаг нь ёс гэлтэй. Харин Чилид эрх баригчаа хуулийн дагуу, сонгуулийн замаар сольдог юм. Каст гарч ирсэн сонгууль бол Ерөнхийлөгчийн гурав дахь сонгууль юм. “Ла Монеда ордонд Аугусто Пиночеттэй биечлэн уулзаж, аяга цай хамт ууж байсан” Каст ялснаар сүүлийн 35 жил хамгийн барууны Засгийн газар байгуулагдахаар болж буй нь энэ. Тэрбээр гэр бүл салах, ижил хүйстнүүд гэрлэх, хүний амь хороож, “зовлонгоос нь салгах”-ыг эсэргүүцдэг, татвар хорогдуулах, эдийн засагт төрийн оролцоог багасгахыг дэмжинэ. Каст католик шашны их сургуульд сурч, улс төрд хөл тавиад 30 жил нэгэнт болсон. Оюутан байхдаа Аугусто Пиночетийн засаглалыг найман жилээр дахин сунгах бүх нийтийн санал хураалтад 1988 онд оролцож байжээ. Түүнийг хэт барууны үзэлт төдийгүй шинэ фашист, “барууны хувьсгалын эсэргүү” гэлцэх нь ч бий.
Р.Жаргалант