Түүнийг тайзнаа гармагц олон мянган хүн нэгэн зэрэг дэвхцэж, догдолж эхэлдэг. Хар костюм, бараан нүдний шилээр гангарсан “догшин” эр морь унаж буй мэт гараа савчуулахад үзэгчид ч түүнийг ягштал даган бүжиглэнэ. Тэр бол PSY.
Монголын үзэгчидтэй “Super con¬cert special”-ийн тайзнаа энэ сарын 19-нд уулзах PSY-ийн амьдралын түүх “Gangnam style” дуунаас нь ч илүү сонирхолтой. Түүнийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл тайзнаа юмор, эрч хүчтэй бүжиг, хөгжим, өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг төгс хослуулж чадсан жинхэнэ шоумен гэж хэлж болно. Харин хувийн амьдралын тухайд хэд хэдэн удаа хазгай гишгэж, бүдэрсэн бараан үе түүнд бий.
ОД БОЛНО ГЭЖ ЗҮҮДЭЛЖ Ч ЯВСАНГҮЙ
PSY-ийн жинхэнэ нэрийг Пак Жэ Сан гэдэг. Тэрбээр 1977 онд БНСУ-ын Сөүл хотын хамгийн баян, тансаг дүүрэг гэгддэг Ганнамд төрж өсжээ. Багадаа одоогийнх шигээ супер од, эсвэл дуучин болно гэж зүүдэлж ч явсангүй. CNN-д өгсөн ярилцлагадаа тэрбээр хошин шогийн жүжигчин, комедиан, эсвэл хөтлөгч болох мөрөөдөлтэй хүү байсан тухайгаа дурджээ.
Харин өсвөр насанд нь бүх зүйл орвонгоороо эргэв. 15 настайдаа телевизээр “Queen” хамтлагийн “Wembley” цэнгэлдэх хүрээлэнд хийсэн тоглолтыг үзээд шоконд оржээ. Олон мянган хүн нэгэн зэрэг дуулж, тайз үзэгчдийн хооронд асар их энерги буцалж байгааг хараад хөгжмийн ертөнцөд эргэлт буцалтгүй дурласан гэдэг. Түүний аав Пак Вон Хо нь хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “DI сorporation”-ийн эзэн, чинээлэг нэгэн тул хүүгээ өөрийнх нь бизнесийг үргэлжлүүлээсэй гэж хүсэв. Улмаар Бостоны их сургуульд бизнесийн чиглэлээр суралцуулахаар явуулсан ч PSY өнөөх хүсэлдээ дийлдэж, аав, ээжийнхээ сургалтын төлбөрт явуулсан мөнгөөр хөгжмийн зэмсэг, компьютер авч, эцэст нь сургуулиа хаяжээ. Дараа нь Берклигийн хөгжмийн коллежид элссэн ч бас л “тогтолгүй” эх орондоо буцаж очоод, найзуудаасаа мөнгө зээлж, уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүхтэй.
PSY ГЭДЭГ НЭР ҮНЭНДЭЭ PSYCHO-ООС ГАРАЛТАЙ
Пак Жэ Сан яагаад PSY гэх тайзны нэр сонгосон бэ. Хариулт нь тун энгийн. PSY гэдэг нь psycho буюу галзуу, солиотой, этгээд гэсэн утгатай англи үгний товчлол юм. К-поп ертөнц эрэгтэй уран бүтээлчдээс сайхан царай, төгс биеийн галбир, загварлаг дүр төрхийг шаарддаг. Өөрөөр хэлбэл, ийм стандарттай гэхэд болно. Харин PSY махлаг бие, өвөрмөц төрх, хошин мэдрэмжээ уран бүтээлийнхээ хамгийн том зэвсэг болгож чадсан нэгэн.
Түүний карьер үнэхээр дуулиантай эхэлсэн. Анхны цомгийнх нь зарим дуу хэт хурц хэллэгтэй хэмээн насанд хүрэгчдэд зориулсан ангилалд оруулж, бүр торгуулж байсан удаатай. Мөн тэрбээр цэргийн албанаас “бултсан”, технологийн компанид ажиллахдаа журам зөрчсөн хэргээр буруутгагдаж, 2003-2005, 2007-2009 онд хоёр удаа цэргийн алба хаасан цорын ганц К-поп од болов. Гэвч эдгээр дуулиан шуугиан түүнийг мохоож чадсангүй. Эсрэгээрээ “алдаатай”, төгс бус дүр төрхөөрөө дэлхийн брэнд бүтээсэн юм.
ЮҮТҮБ Ч “GANGNAM STYLE”-Д “ГҮЙЦЭГДСЭН”
2012 оны долоодугаар сарын 15. PSY зургаа дахь цомгийнхоо “Gangnam style” клипийг юүтүбт байршуулжээ. Тэгтэл анхнаасаа зөвхөн Солонгосын үзэгчдэд зориулж бүтээсэн энэ дуу хэдхэн долоо хоногийн дараа дэлхий даяар вирус мэт тархав.
Яг үнэндээ “Gangnam style”-ийн “морин бүжиг”-ийг зохиох гэж PSY болон түүний багийнхан нэг сар гаруйн хугацаанд имж, панда, сармагчин гэх мэт төрөл бүрийн амьтны хөдөлгөөнийг туршиж үзсэн гэдэг. Ингэж бүтээсэн уран бүтээл нь Кэти Перри, Бритни Спирс тэргүүтэй дэлхийн одуудын анхааралдөртөж, бүр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар даган бүжиглэсэн удаатай. Бан Ги Мун түүнийг НҮБ-ын байрандаа урьж, “Дипломат ажиллагаанаас илүү дэлхийг нэгтгэж чадлаа” хэмээн урамшуулж, PSY-аар “морин бүжиг” заалгаж байв.
Үүгээр зогсохгүй “Gangnam style” цацагдсаны дараа PSY-ийн аавынх нь эзэмшдэг “DI сorporation” компанийн хувьцаа хэдхэн долоо хоногийн дотор 100 гаруй хувиар өсжээ. Мөн уг клипийг 2014 онд давхардсан тоогоор хоёр тэрбум гаруй хүн үзсэний улмаас юүтүбийн тоолуурын систем гацаж, дээд хязгаартаа тулсан гэдэг. Учир нь платформ зохион бүтээгчид нэг бичлэгийг 2.1 тэрбумаас олон удаа үзнэ гэж төсөөгүй аж. Өөрөөр хэлбэл, PSY-ийн ачаар инженерүүд нь системээ шинэчлэхэд хүрсэн түүхтэй. Сөүл хотоос удирдлагууд түүний энэ амжилтад зориулж “Coex” төвийн үүдэнд “морин бүжиг”-ийн гарын хөдөлгөөнийг дүрсэлсэн хүрэл хөшөө хүртэл босгосон.
“Gangnam style” дэлхий даяар аянга шиг тэсрэх үед PSY-ийн өмнө нэг том аюул нүүрлэсэн нь “One hit wonder” буюу ганцхан хит дуутай дуучин болон үлдэх вий гэх айдас байв. Алдар нэр, сэтгэл зүйн дарамтаас үүдэн тэрбээр хэсэг хугацаанд архинд донтсонооч хожим нь нуулгүй ярьсан байдаг. Гэхдээ PSY энэ хугацаанд нэг ч удаа бууж өгөөгүй аж. Тэрбээр дараагийн жилүүдэд нь “Gentleman”, “Daddy”, “New face” тэргүүтэй чанартай олон уран бүтээлээр шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж, өөрийнхөө орон зайг бататгасан. Үүнээс хойш 2022 онд BTS хамтлагийн Suga-тай хамтран “That That” дуу гаргаж, Billboard Hot 100 чартын 80-д жагсан, Америкийн зах зээлд эргэн ирсэн билээ.
“That That” хэмээх бүтээл “төрсөн” түүх ч бас сонирхолтой. PSY руу нэг өдөр танихгүй дугаараас “Сайн байна уу, би Suga байна. Тантай нэг зүйл ярилцмаар байна” гэх зурвас иржээ. Улмаар түүнтэй уулзтал Suga өөрийн зохиосон аяа сонсгож, зөвхөн хөгжим бичихээс гадна дуулж, клипэнд нь хамт бүжиглэх санал тавьсан гэнэ. Ингэж л дэлхийг байлдан дагуулсан PSY, Suga нар нэг тайзнаа зэрэгцэн гарч ирсэн юм.
“ОД ҮЙЛДВЭРЛЭГЧ”
PSY өдгөө ганцаарчилсан уран бүтээлч байхаа больж, 2018 онд өөрийн “P nation” энтертайнментыг байгуулсан. Нэгэн цагт аавынхаа бизнесийг залгамжлахаас татгалзсан өнөөх “тэрслүү” хүү эцэст нь хөгжмийн салбарт өөрийн гэсэн эзэнт гүрнийг бий болгож, Jessi, Hyuna, Crush зэрэг томоохон уран бүтээлчийг нэгтгэсэн “од үйлдвэрлэгч” хэмээх хоч хүртжээ. Өөрөөр хэлбэл, тэр уран бүтээлчээс “хальж”, хөгжмийн салбарын чинээлэг эрхмүүдийн эгнээнд багтсан. Өдгөө түүний хөрөнгө 60 сая ам.долларт хүрээд байна. Мөн тэрбээр үл хөдлөх хөрөнгийн салбарт ч хүч үзэх сонирхолтой бөгөөд Сөүл хотын томоохон дүүргүүдэд олон сая ам.доллароор үнэлэгдэх нэлээд хэдэн барилга эзэмшдэг аж.
PSY-ийн жил бүр зохион байгуулдаг “Summer swag” аялан тоглолт нь түүний тайзны галзуу хэв маягийн ердөө ганцхан жишээ юм. Тоглолтын үеэр үзэгчид рүү ус цацах, өвөрмөц бүжгийн үзүүлбэр үзүүлэх, асар том дэлгэц ашиглахдаа тэр гаргууд.
БОДИТ АМЬДРАЛД МАШ ТАЙВАН, ГЭРСЭГ НЭГЭН
Тайзан дээрх галзуу, эрч хүчтэй PSY хувийн амьдралаа чанд нууцалж, хамгаалдаг. Тэрбээр 2006 онд хийл хөгжмийн багш Ю Хе Ён хэмээх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд хосууд ихэр охинтой. Дэлхийн хэмжээний од болсныхоо дараа ч хувийн амьдралаа нийтэд ил гаргахаас үргэлж татгалзаж иржээ. Мөн охидтойгоо хамтдаа чанартай цагийг өнгөрүүлж, халуун ам бүлээрээ кино үзэх нь түүний бас нэгэн хобби гэнэ.
Эцэст нь, PSY-ийн түүхийг нэг өгүүлбэрээр дүгнэвэл, тэр стандарт К-поп оддын дүрд нийцсэн “төгс залуу” болохыг хичээсэнгүй. Мөн заавал англиар дуулж байж л дэлхийн үзэгчдэд хүрнэ гэсэн ойлголтод ч баригдсангүй. Харин өөрийн этгээд зан, хошин мэдрэмж, өвөрмөц төрхөө нуухын оронд уран бүтээлийнхээ гол онцлог болгож чадсан нь түүнийг дэлхийн тавцанд онцгой байр суурь эзлэхэд хүргэжээ.
Алдарт “Bigbang” хамтлагийн ахлагч G-Dragon түүний тухай “Би PSY ах шиг амьдрахыг хүсдэг. Тэр хатуу дэглэм барьж, өөрийгөө зовоодоггүй. Хүссэнээ идэж, хүссэнээрээ амьдардаг хэрнээ тайзан дээр хамгийн шилдэг нь байж чаддаг” хэмээсэн нь бий.
У.Сүрэн