Манай улсад аутизмын хүрээний эмгэг (ASD)-тэй 3000 гаруй хүүхэд бий гэх албан бус тоо байдаг. Харин ДЭМБ 2022 оны дэлхийн тархалтын тооцоо (1:100)-той уялдуулж, Монголд 30-40 мянган хүн ийм эмгэгтэй байх магадлалтай гэж тооцсон. Дэлхий нийт аутизмын хүрээний эмгэгийг судлах, эмчлэхэд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж буй.
Гэтэл манай улсад одоогоор аутизмын хүрээний эмгэгийн тархалтын иж бүрэн судалгаа ч алга. Аутизмыг олон талаас нь “харж”, дуу хоолойгоо хүргэдэг эмч, мэргэжилтэн цөөнгүй. Тэдний нэг, “Оюурах” төвийг үүсгэн байгуулагч, хүний их эмч, судлаач Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр аутизмын хүрээний эмгэг нь зан үйлийн асуудал биш, генетик, эсийн бодисын солилцоо, дархлааны систем, тархины сүлжээний түвшинд нэгэн зэрэг явагдах нарийн нейробиологийн өөрчлөлт гэж үздэг юм билээ.
-Та аутизмыг мэдрэлийн хөгжлийн эмгэг гэж тодорхойлох нь илүү оновчтой гэжээ. Саяхныг хүртэл нийгэмшихүйн эмгэг гэж үзэж байсан шүү дээ.
-АНУ-д 1930 онд аутизмын хүрээний эмгэгийг анх тогтоож, харилцаа, нийгмийн эмгэг гэж нэрлэж байв. Харин өдгөө олон улсад аутизмыг биологийн суурьтай буюу мэдрэлийн хөгжлийн эмгэг гэж нэрлэх болсон. Өндөр хөгжилтэй орнууд өргөн хүрээнд, ялангуяа мэдрэлийн эсийн ионы сувгууд руу чиглэсэн судалгаа ихээр хийж, үр дүнгүүд ч гарсаар байна. 2015 онд хэсэг эрдэмтэн аутизмыг мэдрэлийн хөгжлийн эмгэг болохыг судалгаагаар нотолсон. Үүнээс хойш дэлхий нийтэд мэдрэлийн хөгжлийн эмгэг гэх нэршил тогтсон юм. Гэвч энэ нэршил ч 3-5 жилийн дараа өөрчлөгдөх хандлагатай байна. Урьд нь таны хэлснээр нийгмийн харилцааны эмгэг, танин мэдэхүйн хоцрогдол гэх мэтээр тодорхойлж ирсэн. Харин мэдрэлийн хөгжлийн эмгэг гэж үзэх болсноор энэ нь төрөлхийнх үү, үгүй юү гэх асуулт гарч ирж буй юм. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 152 гений вариант өөрчлөгдсөнтэй холбоотой асуудал үүссэн. Ген гэхээр хүмүүс аав, ээжийнхтэй нь холбож ойлгоод байдаг. Эдгээр гений асуудал нь тухайн хүүхдэд гарсан нуклеоид дараалал өөрчлөгдсөн буюу шинэ мутац үүссэн гэсэн үг.
-Аутизмтай хүүхдүүд яагаад жилээс жилд нэмэгдэх болов. Манай улс үүний учир шалтгааныг олох нь бүү хэл, суурь судалгаа байхгүй, тэдэнд хүрэх тусламж, үйлчилгээ нь ч “бай”-гаа онохгүй байна. Энэ талаар та юу хэлэх бол?
-Аутизм хэдий бусдад халдварладаггүй ч коронавирус шиг “тэсрэлт” болж буй цаг үед бид амьдарч байна. Дэлхий нийтээрээ яагаад гэдэг шалтгааныг эрэн хайсаар. Мэдрэлийн хөгжлийн асуудал юм бол хэзээ, хэрхэн үүссэн бэ гэдэг нь мэдээж чухал. Одоогоор хөдөлшгүй нотолгоо алга. Миний таамгаар бол аутизм ихэвчлэн төрсний дараа үүсэж байна. Манай улсад хоёр жилийн өмнө 3700 гаруй хүүхэд аутизмтай гэж оношлогджээ. Тухайлбал, 2018-2022 онд нийт 1725 хүүхэд оношлогдсон бол 2022 онд хамгийн их буюу 702 хүүхэд аутизмтай гэж бүртгэгдэж. Гэтэл өнөөдөр 3000 хүүхэд бий гэж албаныхан хэлдэг. Үлдсэн 700 хүүхэд хаачсан бэ. Манай төвийн ойролцоох ерөнхий боловсролын нэг сургууль руу ороод үзэхэд л өнгөрсөн онд нэгдүгээр ангийн есөн бүлгийн наймд нь аутизмтай хүүхэд суралцаж байсан. Энэ онд гэхэд нэг ангид 1-2 хүүхэд сурч байх жишээтэй. Цаашид бүр л нэмэгдэх хандлагатай байна.
-Мэдрэхүйн ачаалал өндөр байгааг нь яаж таних вэ?
-Хүн үнэрлэх, хүртэх, хүрэлцэх, харах, сонсох гэсэн таван мэдрэхүйгээрээ аливааг ялган таньдаг. Гэтэл аутизмтай хүүхдүүдийн эдгээр мэдрэхүй хэт хөгжсөн, эсвэл сул байх нь бий. Өөрөөр хэлбэл, орчны өөрчлөлтийг хэт өндрөөр мэдрэх, эсвэл огт мэдэрдэггүй. Сонсголын мэдрэхүй нь хэт ачаалалтай бол хэвийн хэмжээний дуу чимээнд ч түүртэж, чихээ дарах, уйлах, орилох гэх мэт үйлдэл гаргадаг. Энэ нь төв мэдрэлийн тогтолцооны үүрэгт ажлууд хямарсан гэсэн үг. Жишээ нь, харах мэдрэхүйд ачаалал үүсвэл ердийн гэрэлд нүдээ анивчих, гараараа дарах зэргээр эсэргүүцэх, үнэрлэх эрхтэнд “асуудал” байвал юм болгоныг үнэрлэх, бүр хэвтээд шалны үнэрийг хүртэл ялгах гэдэг. Хүнсний ногоо, жимс, хоолыг ялгах, мах огт идэхгүй байх зэрэг нь амтлах мэдрэхүйтэй холбоотой. Харин хүрэлцэх буюу арьсны мэдрэхүйд асуудал үүсвэл хувцсаа тайлж хаях, халуун, хүйтнийг мэдрэхгүй байх зэрэг эрсдэл тулгардаг. Тиймээс мэдрэлийн хөгжлийн эмгэг хаана үүссэнээс шалтгаалж эмчилгээ өөр.
Мөн гүний мэдрэхүй хямарснаас болж хүүхдийн зан үйлд өөрчлөлт гардаг. Босож, суух гэх мэтээр үений хөдөлгөөнөө мэдрэхгүй байснаар энэ хэрэгцээгээ зохиомлоор үүсгэж, шалтгаангүй гүйх, авирах, үсрэх зэргээр тогтож суудаггүй. Бусдын сэтгэл хөдлөлийг таниж чадахгүйн улмаас шалтгаангүй инээх зэрэг зан үйл гаргах нь ч бий. Ийм хүүхдүүдэд бусадтай харилцан тоглоход асуудал үүсэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, аутизмын шинж тэмдгийг түвшин түвшинд нь мэдрэлийн эсийн нейроны асуудлаар тайлбарлаж болдог. Иймд манай улс аутизмыг мэдрэлийн эсийн хаана нь хямрал байгааг тодруулах эрүүл мэндийн системийг нэвтрүүлэх ёстой. Аутизмтай хүүхдүүдийн нейрон буюу мэдрэлийн эсүүдийг хэвийн ажилладаг болгосны дараа нийгэмшүүлэхэд анхаарах нь илүү тохиромжтой. Үгүй бол мэдрэхүйн өндөр ачаалалтай хүүхэд юм сурахдаа удаан, нийгэмшихэд асуудал, бэрхшээл их тулгардаг.
-Тэгвэл мэдрэлийн эсэд үүссэн ачааллыг яаж бууруулах юм бэ?
-Мэдрэлийн эсийг сайжруулах замаар бууруулна. Үүний тулд мэдрэлийн эсийг “ойлгох” ёстой. Хүний тархинд явагддаг химийн 1060 гаруй урвалыг ойлгочихвол мэдрэлийн эсийн ямар үйл ажиллагаа нь доголдоод байгааг “засах” боломжтой. Өөрөөр хэлбэл, эсийн түвшинд ямар нэг алдаа бий, эсэхийг гений шинжилгээгээр тогтоох хэрэгтэй. Гэвч манай улсад ийм шинжилгээ хийдэг газар алга. Үндэсний зөвлөл байгуулж төсөв, хөтөлбөртэй болсноор энэ эмгэгийг эрт илрүүлэх, онош нь батлагдсан хүүхдүүдэд шаардлагатай тусламж үзүүлэх боломж бүрдэнэ. Манайд аутизмтай хүүхэд, насанд хүрэгчдийн эрх, хэрэгцээг тусгайлан зохицуулсан бие даасан хууль, эрх зүйн орчин байдаггүй. Үүний улмаас эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, ажил эрхлэлт зэрэг олон салбарт шаардлагатай дэмжлэгээ авч чаддаггүй. Иймээс би Аутизмтай иргэдийн тухай тусгай хуулийн төсөл санаачилж, олон нийтийн дэмжлэг авахын тулд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гэвч ердөө 7000 гаруй хүн л цахимаар гарын үсэг зурснаар энэ ажил маань зогссон. Хүн ер нь өөртөө тулгараагүй асуудалд гараа хөдөлгөх дургүй юм билээ. Харамсалтай, аутизмын хүрээний эмгэг ганц манай улсын биш, дэлхий нийтийн асуудал болчихсон шүү дээ. Эрх мэдэл, эд хөрөнгө, шашин шүтлэгтэй, эсэхээс үл хамаарч, хэнд ч тохиолдож мэдэх тул нэг хэсгийн биш, нийтийн асуудал гэж хардаг болоосой.
-Олон нийтийн дунд мөнхийн маргаан дагуулдаг сэдэв нь вакцин аутизм үүсгэдэг үү гэх асуудал байдаг. Та судлаач хүний хувьд ямар байр суурь илэрхийлэх бол?
-Би нөлөөлж байна гээд хэлчихвэл нийтээрээ вакцинаас татгалзаж, тэр хэрээр халдварт өвчин ихэснэ. Харин нөлөөлөхгүй гээд ярьчихвал бас л учир дутагдалтай. Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд энэ талаар юу ярьж байна, ямар арга хэмжээ авч буй талаар хэн дуртай нь олоод мэдчих технологийн үед бид амьдарч байна шүү дээ. Нэг жишээ хэлэхэд, АНУ-д улаан бурхны вакцинаас татгалзсанаар эл төрлийн халдвар урьд өмнө нь гарч байгаагүйгээр дэгдлээ. Гэтэл аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүд ихэвчлэн вакцинтай холбоотой гомдол хэлэх жишээтэй.
-Хүүхдээ эмчлүүлэхийн тулд хүмүүс сайн гэсэн болгоныг л барааддаг. Сүүлийн үед аутимзтай хүүхдүүд үүдэл эс шилжүүлэн суулгуулахаар гадаад улсыг зорьж байна. Энэ нь үр дүнтэй гэж нотлогдсон уу?
-Үүдэл эсийн эмчилгээ аутизмд үр дүн багатай. Маш өндөр зардалтай хэрнээ үр дүн тааруу учир санхүүгийн хямралд орохгүй байхыг зөвлөе.
-Олдмол аутизм гэж бий юү?
-Байхгүй. Гар утас, компьютер, дэлгэцийн хэрэглээ их байснаар хүнд донтолт үүсэхээс биш, аутизмтай болдоггүй. Дэлгэцэд донтох гэсэн өөр төрлийн эмгэг юм. Энэ нь ч гэсэн хүүхдийн хөгжилд хор уршигтай гэдгийг анхаарах нь зүйтэй. Уйлаад байхаар нь гар утсаараа саатуулж, дэлгэцэд автуулснаар монгол хүүхэд гадаад хэлээр хэлд орох хүртлээ хамааралтай болчихлоо. Хүүхдийн оюун тархийг хөгжүүлэх тоглоомын арга шинжлэх ухаан болтлоо хөгжчихөөд байхад бид үүнд цаг гаргахгүй байгаа нь харамсалтай.
-Мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоо, үйл ажиллагааг сургалт, эмчилгээний аргаар сайруулах боломжтой гэж ойлголоо. Энэ нь хүүхдийн хөгжлийн түвшнээс хамаарах уу?
-Тийм ээ. Хоол, нойрондоо сайн, мэдрэхүйн ачаалал багатай хүүхэд сургалт, эмчилгээ хийлгэснээр сайжирдаг. Гэхдээ тодорхой хувь нь сайжрахгүй үлдэж болно. Үүнд нас маш чухал. Аль болох эрт оношлуулж, асуудалтайгаа нүүр тулж, ажиллаж чадсанаар мэдрэхүйн ачааллыг бууруулж болдог. Гэтэл 10 гаруй настайдаа буюу хожуу оношлогдох тохиолдол цөөнгүй. Тухайлбал, онц сурдаг, хамт олондоо “хэвийн” мэт харагддаг 12 настай охин гэртээ маш их ядарч очдог, бусадтай харилцахдаа ихээхэн хүч зарцуулдаг байж. Гэтэл энэ нь “нуугдсан” аутизм болж таарсан. Өөрөөр хэлбэл, 11 жилийн дараа илэрч, оношлогдсон байна. Дэлхий дахинд аутизмыг “эдгээх” тухай ярих болсон. Япон, Энэтхэг, Америк зэрэг орны эрдэмтэн, судлаачид эрт оношилгооны чиглэлээр судалж, эрүүлжүүлэх үйл явцын талаар эрэлхийлж байна.
Ер нь аутизм дөрвөн бүлэг шинж тэмдгээр илэрдэг. Зан үйл буюу бусад хүүхдийн хийдэггүй үйлдэл гаргах. Тухайлбал, дороо эргэх, нааш цааш гүйх, гараа савчих, нүүрэндээ ойртуулах, өлмий дээрээ явах, уурлаж бухимдахаараа өөрийгөө болон бусдыг гэмтээх гэх мэт шинж илэрч болно. Олонх нь хэл ярианы хоцрогдолтой байдаг. Мөн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүд маш авьяаслаг байх нь ч бий. Жишээ нь, дөрвөн настай хүү гурван орны хэлээр чөлөөтэй ярьж, дараагийнхаа сурч байна. Хөгжим зохиодог, маш сайн зурдаг гэх мэт онцгой ур чадвартай байдаг.
-Та түрүүнд нас чухал гэж хэллээ. Аутизмтай хүүхдэд хэдэн настайд нь шинж тэмдэг илэрдэг юм бэ?
-Хоёр наснаас аутизмын шинж тэмдэг илэрч болдог. Гярхай эцэг, эхчүүд бол үүнээс өмнө ажиглаж, анзаарсан байдаг. 0-2 насанд хүүхдийн тархины хөгжлийн 90 хувь бүрддэг гэж үздэг бөгөөд үүнийг “их тэсрэлтийн үе” гэж нэрлэдэг. Мэдээллийн эрин үед хүүхдийнхээ хөгжил хэвийн, эсэхийг мэдэх боломж эцэг, эхчүүдэд их бий. Тухайлбал, хиймэл оюунаас тухайн насны хүүхэд хэл яриа, нийгмийн харилцаанд ямар чадвартай байхыг асуугаад, үүнтэй нийцэж буй, эсэхээр нь таньж болно. Хэрэв хөгжлийн хоцрогдол анзаарагдвал эмчид хандаж, зөвлөгөө авах шаардлагатай.
-Эцэг, эхийн нас болон хүүхдийн хүйс энэ төрлийн эмгэгт нөлөөлдөг, эсэх талаар сүүлийн үеийн судалгаа бий юү?
-Оношлогдсон арван хүүхдийн долоо нь эрэгтэй байна. Мөн аутизмтай хүүхдийн дүү нарын талаарх судалгаа бий. Ийм эмгэгтэй хүүхдийн дүү нь аутизмтай байх магадлал 30 хувьтай гарсан. 40-өөс дээш насны эцэгтэй хүүхдэд аутизмын эрсдэл нэмэгддэг нь шинээр үүсэх (de novo) мутацын өсөлттэй холбоотой байдаг. Түүнчлэн аутизмтай хүүхдийн цусны шинжилгээгээр хүнд металл тогтмол өндөр гардаг. Хөнгөн цагаан, мөнгөн ус өндөр, хар тугалганы хордлого ижилхэн хэмжээнд байдаг. Ийм хүүхдүүдийн шинжилгээний хариу яг хуулбарласан мэт адилхан байгааг анхаарах нь зүйтэй.