Зүүн гар талаас Б.Өсөх-Ирээдүй БНСУ-ын Инчон хотод өнгөрсөн сард болсон ALLFC (All Fighting Championship) холбооны ДАШТ-д оролцож, аваргын бүсний эзэн болж буй агшин.
Кикбокс нь хурд, тэсвэр хатуужил шаардахаас гадна гар болон хөлийн техникүүдийг хослуулан ашигладгаараа тулааны төрлүүдээс ялгардаг. Үүгээрээ эрчүүдийн цусанд байдаг төрөлхийн өрсөлдөх, манлайлах, хүчирхэг, итгэлтэй байх зоригийг төрүүлдэг тул хамгийн их сонирхож дурладаг спортын нэг. Гэхдээ энэ нь зөвхөн зодолдох тухай биш юм. Бусдыг бус, өөрийгөө ялан дийлэхийн тулд унасан ч буцаад босох сэтгэлийн тэнхээтэй болж амьдралд хариуцлагатай, зөв хандлагатай болгон хүмүүжүүлдэг. Тиймээс тулаанчид бэлтгэлийн дараа дотоод сэтгэлийн амар амгалан, тайвширлыг мэдэрдэг тул кикбоксыг “хамгийн шилдэг сэтгэл заслын эмчилгээ” гэж тодорхойлдог байна. Монголд үүгээр хичээллэж, тив, дэлхийн тулааны талбарт амжилт гаргаж яваа залуусын нэг бол Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо, “Hero fighting club”-ийн тамирчин, 91 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Өсөх-Ирээдүй. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын Инчон хотод болсон мэргэжлийн кикбоксын халз тулаанд эхний минутад эзэн орны тамирчны хүнд цохилтод орж унасан ч бууж өгөлгүй тулалдсаар ялалтыг өөрийн талд эргүүлсэн билээ. Түүнийг ялахыг харсан үзэгчид ур чадвар, дайчин зангаар нь ихэд бахархсан гэдэг. Үүнээс хоёр сарын дараа Сөүл хотод хөл тавихдаа Добонг-гү дүүрэгт зохион байгуулсан холимог тулааны Азийн цомын АШТ-д түрүүлж тивийн аваргаар шалгарсан юм. Түүнчлэн өнгөрсөн сард тус улсад болсон “ALLFC” холбооны ДАШТ-д өрсөлдөхдөө хошой алтан медаль, аваргын бүсний эзэн болжээ.
-БНСУ-ын томоохон хотуудад болсон тулааны төрлүүдийн тэмцээнд та оролцлоо. Аваргын бүс гардахыг тань хараад хавраас хойш амрах завгүй хөдөлмөрлөжээ гэж ойлгосон.
-Тийм ээ. Өнгөрсөн хавраас хойш бэлтгэл сургуулилалтаа багшийнхаа удирдлагад тууштай хийж, аравдугаар сард Инчон хотыг зорьж, ALLFC холбооны ДАШТ-ээс аваргын бүс гардлаа. Надтай өрсөлдсөн тулаанчдын олонх нь зохион байгуулагч орных байв. Улс бүрийн тамирчдад өөрийн гэсэн тулалдах онцлог бий. Азийнхан бөхийн төрлүүдийн суурьтай. Тулааны үед барилдах давуу талаа ч харуулдаг. Алтан медалийн төлөө Узбекистаны тамирчинтай нэлээд үзэлцэж байж буулгаж авсан. Түүний тулалдах арга барил манайхантай төстэй. Улсынх нь уур амьсгал, цаг агаар Монголтой адил тул зан чанар, бяр хүч, тэсвэр хажуужил нь хүртэл ижил санагдаж байлаа. Гар нь хүнд байсан тул хөлөөр тулалдаж оноо илүү авахыг хичээсэн. Тэр үед “Одоо л түүнийг ялахгүй бол хожигдоно. Тиймээс заавал хожих ёстой” гэж бодсон. Аваргын төлөө гарахын өмнө Б.Батбаяр дасгалжуулагч “Чи маш их хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрлөсөн. Тиймээс сурсан бүх зүйлээ гаргаж, харамсахгүйгээр тулалд. Олон зүйл бодохгүйгээр анхаарлаа төвлөрүүлж, цэгцтэй тулалдаарай” гэв. Багш миний сул талыг хараад бэлтгэл хийлгэсэн болохоор зөвлөгөөг нь дагасан. Зорилгоо биелүүлж, ард нь гарахын тулд би ч их хичээлээ. Аваргын бүсээ зүүгээд эх орондоо ирэхдээ сэтгэл догдолж, их огшсон шүү. Өвөө, эмээ, хамаатан садны ах дүүс, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон 91 дүгээр сургуулийн удирдлага, хамт олон, ангийн багш, найзууд гээд олон хүн баяр хүргэж угтахыг хараад их баярласан.
-Зун бэлтгэлээ хийхийн зэрэгцээ тэмцээний зардал олохоор завгүй ажилласан гэж дуулсан. Нэг л мэдэхэд намар болж, ДАШТ-ий товлосон хугацаа дөхсөн байв уу?
-Азийн цомын АШТ-ээс ирсэн даруйдаа ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ үргэлжлүүлсэн.Багш минь туршлагатай дасгалжуулагч. Миний өмнөх тулаануудыг хараад алдаа, дутагдал дээр минь ажиллаж, хамгаалалт, цээжний хөдөлгөөн, техникт анхаарал хандуулсан. Тэмцээний зардал олохоор ажиллахад өдөр хоног харвасан сум шиг өнгөрч, ДАШТ-д оролцох хугацаа хаяанд ирсэн тул жингээ хасаж эхэлсэн. Багахангай дүүргийн удирдлага намайг дэмжиж, БНСУ руу явах бүрд онгоцны тийзийн мөнгө өгсөн шүү. Өмнө нь хоёр том тэмцээнд оролцсон болохоор жинд маань өрсөлдөх тамирчид өнгөрсөн хавраас эхлээд намайг судалсан байлаа. Азийн цомын АШТ-д оролцсон зарим нь бэртлээсээ болсон уу ДАШТ-д өрсөлдөхөөс татгалзсан. Миний хувьд өрсөлдөгчдөө хажуугийн цохилт, тэр дундаа гэдсэнд цохиж унагадаг. Үүнийг надад заасан хүн бол Р.Эрхэмбаяр ах. Тэрбээр MGL холбоонд тулалддаг, “Blacк cомbat” тэмцээнд тулалдах эрх авсан. Түүний заасан техник, өрсөлдөгчийнхөө сул тал дээр нь ажиллах чадвараас суралцсан. Тулаанчид тэмцээнд толгойгоо ажиллуулж байж ялдаг. Би өмнө нь өрсөлдөгчдөө бяр хүчээр голдуу хождог байсан. Б.Батбаяр багш, Р.Эрхэмбаяр ах хоёрын удирдлагад хичээллэснээр техник, хамгаалалт чухал болохыг сайтар ойлгож, тулалдах нь ухаан, мэдрэмж шаарддагийг ухаарсан. Би босоогоос тулалддаг. Харин тэд “Чи барилдаж сурвал холимогоор сайн тулалдах юм байна” гэж зөвлөсөн шүү.
-Та дасгалжуулагчаа сольсон юм уу. П.Даваа багшийн удирдлагад анх хичээллэж, амжилт гаргасан санагдах юм.
-Азийн цомын АШТ-д оролцохоос 20 гаруй хоногийн өмнө ур чадвараа ахиулах зорилгоор багшаа сольж, Б.Батбаяр дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийсэн. Тулаан бол эрчүүдийн дуртай спортын нэг шүү дээ. Надад боксын цагаан толгой анх заасан хүн бол “Hero fighting” клубийн дасгалжуулагч П.Даваа багш. Би 13 насандаа үүгээр анх хичээллэж, тамирчны гараагаа эхлүүлсэн. Сүүлдээ манай клубт олон хүүхэд хичээллэдэг болсноор багшийн ажлын ачаалал нэмэгдэж, миний сурах зүйл багассан. Амжилт гаргахын тулд техникээ сайжруулах шаардлагатай болж хаана бэлтгэлээ үргэлжлүүлэх вэ гэж судалж байтал Б.Батбаяр дасгалжуулагчийн нэр дуулдах болов. Нэг өдөр зорьж очоод түүний удирдлагад бэлтгэл хийхэд таалагдлаа. Түүнд “Анхны багшаасаа холдож, клубээсээ гарах зориг надад хүрдэггүй ээ” гэхэд “Чиний хүн чанар чамайг клубээс чинь гаргахгүй байгаа юм. Амжилт гаргахыг хүсвэл зориг гаргах хэрэгтэй. Багштайгаа сайтар ярилцаад шийдвэрээ гаргаад ирвэл би чамайг дуртай хүлээж авна” гэв. П.Даваа багш тамирчин хүн болохоор намайг ойлгож, шийдвэрийг минь хүндэлсэн. Би одоо ч багштайгаа холбоотой байдаг.
-Таныг өмнө нь кик боксоор тамирчны гараагаа эхлүүлсэн гэж боддог байлаа. Бокстой нөхөрлөхийг хэн танд анх санал болгосон бэ?
-Тулааны төрлүүдээс бокстой нөхөрлөсөн минь их сонирхолтой. Шинэ он айлчилж ирэхийн өмнөх орой өөртөө “Би маргаашаас шинэ хүн болно” гэж амлаад унтсан юм. Нэгдүгээр сарын 1-ний өглөө шүршүүрт ороод гараад иртэл аав өөдөөс “Чиний бие тулааны спортынх шиг харагдаад байх юм. “Hero fighting” клуб эмэгтэй дасгалжуулагчтай юм билээ. Чиний нас одоохондоо бага болохоор эмэгтэй багшийн удирдлагад бэлтгэл хийлгэе” гэж хэлээд хот руу дагуулаад явав. Бид Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгой хэмээх газар байрлах тус клубт бэлтгэл тарах үеэр очиж, П.Даваа багштай уулзаж байлаа. Амжилт гаргаж эхлэх үед толгой тэсвэрлэхийн аргагүй өвдөж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Үзсэн эмч нар “Спортоо даруй орхи. Хагалгаанд орохоос өөр ямар ч найдлага байхгүй” гэнэ. Би ч сэтгэлээр унаж, долоо хоног уйлсан. ЭХЭМҮТ-т очиход эмч нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт үзүүлэхийг зөвлөөд сар уух эм бичиж өгөв. Тэндээс гараад тус эмнэлэгт цаг авахаар очтол дараалал нь сарын дараа байлаа. Тэр хооронд зүгээр суухыг хүссэнгүй, бэлтгэлээ үргэлжлүүлэх талаар багштайгаа ярилцахад нүдэнд нь нулимс цийлэгнэж, над руу хараад “Миний хүү клубээсээ битгий гар. Хоёулаа бэлтгэлээ чамбайруулж, улам сайжиръя. Клубтээ хоёр жил үнэгүй бэлтгэл хийх эрх чамд өгье. Чи тэмцээнд нэг хэсэгтээ оролцохгүйгээр сургуулилалтаа үргэлжлүүл” гэв. Түүнээс хойш нэг жил бэлтгэл хийж, эмнэлэгт үзүүлэхэд эмч нь “Одоо зүгээр, алзахгүй ээ. Дахиж сэдэрч өвдөхгүй” гэж хэлэхэд их баярласан. Толгой маань бэлтгэлийн ачаалалтай үед их өвддөг байсан юм билээ. Миний хувьд өвчнөө итгэл, бэлтгэл, тэсвэр хатуужлаар даван туулж эдгээсэн дээ.
-Өнөөг хүртэл тууштай дэмжиж ирснийг бодоход аав нь хүүгээ тулаанаар хичээллүүлэхийг анхнаасаа зорьж байсан бололтой.
-ДАШТ өндөрлөсний дараа хүмүүстэй холбогдъё гэж бодоод утаснаас хол байсан. Аваргын бүсээ гардчихаад ойр дотнынхоо хүмүүст баярт мэдээг дуулгасан юм. Би айлын ууган хүү. Багадаа эмээ, өвөө дээрээ өссөн. Тэд минь миний түрүүлснийг ааваас сонсоод хөл нь газарт хүрэхгүй баярласан гэдэг. Аавыг минь Г.Баттулга гэдэг. Залуудаа хөнгөн атлетикаас хэт холын марафоноор хичээллэдэг байлаа. Гүйлтийн уралдаануудад оролцож, зургаан цагийнхад нь түрүүлсэн юм. Аав минь залуучуудтай ана мана өрсөлдөж, эхний таван байрт шалгардаг. Нүдэн дээр амжилт гаргаж, өөрийн биеэр үлгэрлэж яваа аавыгаа хараад бахархдаг. Би их шартай. Аав цаашлуулж, шарыг минь малтана. Миний хувьд нас залуу ч ааваас дутуу санагдаад хамт дагаж нэг хэсэг гүйхдээ “Залуу байж аавыгаа гүйцэхгүй ард нь хоцорч шараа болох вий дээ” гэж боддог байлаа. Манайхан одоо миний үнэнч хөгжөөн дэмжигч. Бэлтгэлээ тараад харихад эмээ, өвөө миний дуртай хоолыг хийчихсэн угтана. Хааяа “Маргааш ийм ногоо, тийм жимс иднэ” гэхэд хэдийн зэхсэн байдаг юм. Миний төлөө бүхнээ харамгүй зориулж байгаа гэрийнхнийгээ хараад урам авч, улам хичээхийг хүсдэг. Азийн цомын тэмцээнд оролцох үед өвөө, эмээ холбогдож аварга болсныг минь хараад баярласандаа уйлж байв. Харин аав намайг зоригжуулна. Тэмцээний өмнө амаргүй учраатай таарснаа хэлэхэд “Чи түүнийг ялж чадахгүй юм бол яах гэж олон жил бэлтгэл хийсэн юм. Өөртөө эргэлзэхгүй итгээч. Адилхан сургуулилалт хийчхээд юугаараа дутдаг юм бэ. Ямар зорилго тээж явсан билээ. Одоо чамд тулалдахаас өөр арга байхгүй” гэж хурцалдаг. Намайг ялалт байгуулахад аав учиргүй догдолж харагддаггүй ч цаагуураа бол баярлаж байгаа нь мэдрэгддэг. Медалиа зүүгээд очиход нүүрэн дээр хэзээ ч магтахгүй, зүгээр байдаг л зүйл шиг хүлээж авна. Үүгээрээ өөртөө хэт бардаж болохгүй, даруухан байна шүү гэдгийг ойлгуулаад байх шиг санагддаг. Монголд марафон, гүйлтийн уралдаанууд урин дулааны улиралд болдог тул аав ажлынхаа хажуугаар бэлтгэл хийж оролцдог юм. Би хоёр дүүтэй. Дунд дүү минь марафоноор хичээллэдэг.
-Спортоор хичээллэсэн цагаасаа тамирчны амьдралыг илүү ойлгодог болсон биз?
-Бэлтгэл ид хийж байхад найзууд “Кино үзье, зааланд тоглоё” гэнэ. Тэмцээн дөхсөн үед ачаалал ихтэй, амрах ч завгүй байдаг болохоор амждаггүй. Найзуудын олонх нь спортоор хичээллэдэг тул ойлгож хүлээж авдаг. Үеийнхэн маань хичээлээ тараад сонирхдог зүйлдээ цаг гаргадаг бол би зааланд ирээд хөлсөө гартал сургуулилалт хийж, орой л гэрийн бараа харна. Хааяа хэцүү санагддаг ч дуртай зүйлдээ зав гаргах надад сайхан санагддаг. Сургуулийн захирал, ангийн багш намайг ойлгож тэмцээнтэй өдрүүдэд чөлөөлж, хамт олон хичээлийг минь нөхөж бичдэг юм. Захирал хичээл ордог багш нарт “Өсөх-Ирээдүй ДАШТ-д оролцоно. Та нар ойлгоорой” гэж хэлсэн байв. Өглөөний шуурхай дээр сургуулийн орчинд өрнөж буй таагүй асуудал, сурагчдын хүмүүжил, ёс суртахууны талаар ярьдаг юм. Тэгсэн нэг өдөр тэдэнд миний хэрхэн амжилт гаргаж, ДАШТ-д оролцохоор эрх авсан тухай ярьсныг багшаасаа сонссон. Өнгөрсөн жил би Дархан-Уул аймагт болсон тэмцээнд түрүүлсэн юм. Тэр тэмцээний дараахан сургуулийнхаа захиралтай таарахад “Алтан медаль хүртэж, аварга болсонд баяр хүргэе. Би уг нь очиж үзэх байсан юм” гэж билээ. Энэ мэтчилэн сургуулийн хамт олноос авхуулаад амьдардаг дүүргийн маань олон хүн ойлгодог болсон нь эрч хүч, урам өгдөг.
-Та ушу, муай тайгийн тэмцээнд оролцдог. Олон төрөлд өөрийгөө сорих нэг талаар бэртэж гэмтэх эрсдэлтэй шүү дээ.
-Миний тулалддаг үндсэн төрөл бол кикбокс. Харин ушу, муай тайгаар ур чадвараа ахиулах зорилгоор давхар хичээллэж, дотоодын тэмцээнд өөрийгөө сорьж үзэхээр оролцдог юм. Эдгээр төрлийн тулалдах арга барил, техник нь төстэй ч дүрэм, заалт нь өөр. Тухайлбал, боксын тулаанд хөл, кикбокст тохой оролцуулахгүй. Кикбоксын сонирхогчийн тэмцээнд дагзнаас гараараа бариад өвдөглөхийг хориглодог. Мэргэжлийн тамирчдад өөрийн арга барил, онцлог давуу талаа харуулж, үзүүштэй сонирхолтой тулаан өрнүүлэх нь чухал байдаг. Тэмцээний үед гар, хөлөөр тулалдахдаа техникүүдийг цэвэр гүйцэтгэх ёстой. Хэрэв зууралдвал шүүгч сануулга өгнө. Муай тай сонирхогчдын УАШТ энэ сарын дундуур болно. Тиймээс бэлтгэлээ хийж эхэлсэн. Би эл төрөлд хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Тулааны спортынхон нэгээс нөгөө рүү хөрвөх чадвартай байдгаараа бусад төрлийн тамирчдаас ялгардаг. Би ирэх жил зохион байгуулах ДАШТ-д түрүүлж, хошой аварга болох зорилго тавьсан. Түүнчлэн 2028 онд өөрийн тулалддаг кикбоксын төрөлд олон улсын хэмжээний мастер цол хүртэхээр зорьж буй. Мөн үүгээр хичээллэж, амжилт гаргасан хоёр тамирчин бий. Тэднийг халз тулаанд дуудах бодол бий. Миний хувьд ирэх жил элсэлтийн ерөнхий шалгалт өгч, сургуулиа амжилттай төгсөх, их, дээд сургуульд элсэн орж, сонирхсон мэргэжлээрээ суралцах гээд өмнөхөөсөө илүү хичээл зүтгэл шаардсан үүрэг хариуцлагатай он байх болов уу.
-Тамирчид байгууллага, хамт олон, клубийнхээ нэрийг өндөрт өргөж явдаг. Дэвжээнд Багахангай дүүргийн тамирчин гэж зарлуулаад гарах ямар санагддаг вэ?
-Би өмнө нь Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд сурдаг байсан. Намайг Багахангай дүүрэгт анх очиход хүмүүс таньдаггүй байлаа. Харин Азийн цомын аварга болж, ДАШТ-ээс аваргын бүстэй ирэхэд сэтгэл өндөр хүлээж авсан. Тэр үеэр олны хандлага өмнөхөөсөө өөрчлөгдсөн нь анзаарагдаж байв. Сургуулийн маань зарим нэг сурагч “Чи тулаанаар хичээллэдэг гэл үү” гээд өдөж хоргоодог байсан бол амжилт гаргасны дараа миний хамгийн үнэнч фэн болсон. Тулааны спортынхон гудамжинд зодолдох бус, хүндлэл, ёс зүй, хүнлэг энэрэнгүй, үнэнч тууштай, хүлээцтэй байх соёлд суралцдаг. Тэгж байж өөрийгөө хөгжүүлж, амжилт гаргана. Энэ утгаар яривал спорт намайг хөгжүүлж, олон талаар өөрчилсөн. УАШТ-ээс медаль хүртэнэ гэдэг миний мөрөөддөг зүйлийн нэг байлаа. Тэгвэл одоо карьераа үргэлжлүүлж, амжилтын оргил руу тэмүүлж байна. Үүнээс таван жилийн дараа бол зорилгоо хэрэгжүүлээд аваргын бүсээ нэмсэн, ажил, амьдралд хөл тавьж, дуртай мэргэжлээ эзэмшин, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байх болов уу. Би багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцахыг хүсдэг. Тулааны спорт залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг болохоор 30 нас хүртлээ хичээллээд дасгалжуулагчаар ажиллана гэж боддог.