“Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагынхан төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах, ил тод байдлыг хангах, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж буй, эсэхэд иргэний хяналт тогтоох зорилгоор эдийн засгийн тодорхой чиглэлээр дагнасан судлаачдаар Монгол Улсын төсвийн төсөл, төлөвлөлт болон гүйцэтгэлд жил бүр хараат бус дүн шинжилгээ хийлгэдэг уламжлалтай. Тус байгууллагынхан өнөө жил ч уламжлал ёсоор судалгаа шинжилгээ хийлгэж, үр дүнг нь олон нийтэд танилцуулан, УИХ, Засгийн газарт санал, зөвлөмж хүргүүлээд буй. “Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар “Монгол Улсын 2027 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төслүүдийн төлөвлөлт, төсөвт өртөг, санхүүжилт” сэдэвт судалгаа хийсэн судлаач Д.Лхамсүрэнтэй ярилцсанаа хүргэе.
-Эхлээд ирэх оны төсвийн төсөлд өгч буй таны байр суурь, үнэлэлт дүгнэлтийг сонсож болох уу?
-2027 оны төсөвт боловсрол, эрчим хүч, зам, тээвэр зэрэг нийгэм, эдийн засгийн чухал салбаруудад багагүй хөрөнгө оруулалтыг тусгасан ч төлөвлөлт, санхүүжилтийнх нь үндэслэлд анхаарах асуудал цөөнгүй гарлаа. Тухайлбал, “Оюутолгой”-н ногдол ашгийн 1.96 их наяд төгрөгөөр 51 шинэ төсөл санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл ногдол ашиг хуваарилах албан ёсны шийдвэрийг хууль ёсны, эрх бүхий байгууллагаас гаргаагүй байсан. Улмаар ногдол ашгаас төвлөрүүлэх санхүүжилттэй холбоотой хуулийн төслийг Засгийн газар эргүүлэн татаж, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг өөрчлөх шаардлага үүслээ. Энэ нь төсвийн орлогын эрсдэл, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн тогтвортой байдлыг төлөвлөлтийн шатанд илүү сайн тооцох шаардлагатайг харуулж байна.
-Төсвийн тухай хуульд төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тавих шаардлагыг тодорхой тусгасан байдаг. Ирэх оны төсвийн төслийг аргачлал, үзүүлэлтийн хувьд хэр оновчтой боловсруулсан гэж үзэж байна вэ?
-Хөрөнгө оруулалтын төсөлд тавих хуулийн шаардлага, нарийн аргачлал бий ч үүнийг хэрэгжүүлэхдээ алдаа дутагдлууд гаргасаар байна. Үндэсний аудитын газрын дүгнэлтэд дурдсанаар ирэх онд шинээр хэрэгжүүлэх барилга, их засварын 282 төсөл, арга хэмжээний 76 нь баталгаажсан зураг төсөвгүй, 23-ынх нь зураг төсвийн хүчинтэй хугацаа хэтэрсэн байж. Мөн эдгээрийн зардал, үр ашгийн шинжилгээг бүрэн гүйцэд хийгээгүй нь аудитын байгууллагын шалгалтаар илэрсэн. Тиймээс төслүүдийн бэлтгэл, хэрэгцээ, үр ашгийн тооцоог бодитой хийж, төсөвт тусгахаас өмнө сайтар нягтлах шаардлагатай.
-Та ирэх онд шинээр хэрэгжүүлэх төслүүдийн төлөвлөлт, төсөвт өртөг, санхүүжилтийн чиглэлээр дүн шинжилгээ хийсэн шүү дээ. Голлох үр дүнгээс танилцуулаач?
-2027 оны төсвийн төсөлд шинээр тусгасан 318 төсөл, арга хэмжээнд “Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар дүн шинжилгээ хийсэн. Нийтлэг буй гол асуудал нь хэрэгжүүлэхээр төлөвлөж, төсөв хуваарилсан төслүүдийн хүрээнд юу хийх нь тодорхойгүй буюу хэчнээн км зам барих, ямар зориулалттай тоног төхөөрөмж худалдаж авах зэрэг гол мэдээллүүдийг орхигдуулсан явдал. Тухайлбал, тоног төхөөрөмж худалдаж авах 32 төсөл байгаагаас хамгийн өндөр дүнтэй нь Боловсролын яамных. Үүнийг төсөлд тусгахдаа “Боловсролын яамны тоног төхөөрөмж” гээд л орхичихсон. Яг юу авах нь тодорхойгүй. Энэ мэтчилэн зарим төслийн төлөвлөлт, төсөвт өртөг, санхүүжилтийг үнэлж дүгнэх боломжгүй байдлаар тусгасан байсан.
Мөн ижил бүлгийн буюу адил хэмжээ, зориулалттай барилга, байгууламжийн төслүүдийн төсвийг эрс зөрүүтэй тусгасан тохиолдлууд байна. Жишээ нь, 640 хүүхдийн багтаамжтай яг ижилхэн сургуулийг 8.6-23 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөсөн. Төсөвт өртөг нь 2.7 дахин зөрүүтэй гэсэн үг. Эдгээрийн ялгаа, онцлог, төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл мөн л байгаагүй. Уг нь энэ болгоныг задалж, нарийвчлан тусгах ёстой шүү дээ. Газрын үнэ, нэмэлт шугам сүлжээний зардлаас хамаараад Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн барилга барих өртөг өндөр байж магадгүй гэж үзээд төслүүдийг нийслэл, орон нутгийнхаар нь харьцуулан судалсан. Ингэхэд төсөвт өртөг нь хоорондоо 2.7 дахин зөрүүтэй сургуулийн барилга аль аль нь орон нутгийнх. Нэг нь Сэлэнгэд, нөгөөх нь Ховд аймагт. Үүнээс үндэслээд сургуулийн барилга, байгууламж барих төслүүдэд ямар нэгэн стандарт байхгүй, гагцхүү тэдгээрийг хэн бэлтгэснээс хамаарч ийм зөрүү гарсан байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. Эдгээрийг тодруулахаар салбарын яамдад мэдээлэл авах хүсэлт явуулсан ч хариу өгөөгүй.
Мөн улсын төсвөөс санхүүжүүлэх 218 барилгын төслийн 180-ынх нь эхний жилийн санхүүжилтийг хуулийн доод шаардлагаас багаар төлөвлөсөн нь анхаарал татсан. Түүнчлэн 202 төслийн мэдээлэлд хүчин чадлын үзүүлэлтийг нь тусгаагүй, 100 төслийг хөгжлийн холбогдох баримт бичгүүдээс нэрээр нь хайгаад олоогүй. Тухайн онд хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан төслийн хэрэгцээ шаардлага, өртөг, санхүүжилтийн үндэслэлийг илүү нээлттэй, харьцуулж болохуйц байдлаар ил тод болгох шаардлагатайг эдгээр жишээ харуулж байна.
-Ирэх оны төсвийн төслөөс хамгийн их анхаарал татаж буй тоо аль нь вэ. Өөрөөр хэлбэл, эдийн засагт халтай, бодитой тооцоолол, дүн шинжилгээнд үндэслэлгүй гаргаж ирсэн үзүүлэлт юу байна вэ?
-Дээр дурдсанчлан барилгын 180 төслийн эхний жилийн санхүүжилтийг хуулийн доод шаардлагаас багаар төлөвлөсөн нь нэлээд анхаарал татлаа. Төсвийн тухай хуульд зааснаар шинээр эхлүүлж буй барилга, байгууламжийн төслийг гурван жилд багтаан санхүүжүүлж дуусгах зохицуулалттай. Бодит байдалд манай улсад хуулийн эл зохицуулалт огт хэрэгждэггүй. Ялангуяа барилга, байгууламжийн төслүүд хугацаандаа дуусахгүй, хэдэн он дамнан сунжирч, төсөвт өртөг нь анхныхаасаа хэд дахин нэмэгдэх асуудал байнга гардаг. Тухайлбал, өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн, 320 суудалтай сургуулийн барилгын төслүүдийн төсөвт өртөг хэрэгжүүлэх явцдаа медианаар 33 хувиар өссөн байна. Эхний жилийн санхүүжилтийг дутуу төлөвлөх нь төслийн ажил сунжирч удаашрах, хэрэгжүүлэх явцад өртөг зардал нь үлэмж хэмжээгээр нэмэгдэх, улмаар төсөвт дарамт үүсгэх нөхцөл болдог юм.
-318 шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь манай улсын яг одоогийн эдийн засгийн чадамж, нөхцөл байдалд хэр нийцэж байгаа бол?
-318 гэдэг тооноос илүү санхүүжилтийн хэмжээ, хэрэгжүүлэх боломж зэргийг анхаарах шаардлагатай. 2027 оны нийт хөрөнгө оруулалтын 56 хувийг шинэ төслүүдэд хуваарилсан байна. Үүний зэрэгцээ “Оюутолгой”-н ногдол ашгийн зориулалтыг өөрчилснөөр анх төлөвлөсөн төслүүдийн санхүүжилтийг дахин шийдвэрлэх шаардлага үүсээд буй. Шинэ төсөл эхлүүлэхдээ санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломж нөхцөл, бэлэн байдал, дараагийн жилүүдэд төсөвт үзүүлэх ачааллыг нь тооцох ёстой.
-2027 онд шинээр эхлүүлэх төслүүдээс эрэмбэ, ач холбогдол, хэрэгцээ шаардлагын хувьд хойшлуулж, эсвэл түдгэлзүүлж болох ажлууд байна уу?
-Төсвийн төсөлд тусгасан төслүүдийг хэрэгцээ, үр ашиг, хэрэгжүүлэх бэлэн байдлаар нь эрэмбэлж, санхүүжилтийн боломжтой уялдуулан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, тус бүр 300 ортой, ижил өртөгтэй дотуур байрыг 15 аймагт байгуулахаар анхны төсөлд тусгасан байсан. Эдгээрийн нийт өртөг нь 256.5 тэрбум төгрөг. Хөдөө, орон нутагт дотуур байр гарцаагүй хэрэгтэй гээд тооцоо, судалгаагүйгээр баахан барилга “хувилаад” тавьчих биш, аймаг бүрийн сурагчдын тоо, одоо байгаа дотуур байрны хүчин чадал, дүүргэлтэд үндэслэн хэрэгцээ шаардлагыг нь бодитоор тодорхойлж, санхүүжилтийн дарааллыг нь тогтоох хэрэгтэй.
-Ер манай Засгийн газар төсөл, хөтөлбөрүүдээ нийгэм, эдийн засгийн ач холбогдол, хэрэгцээ шаардлагаар нь эрэмбэлж чаддаггүй. Жил болгон төсөв хэлэлцэх үеэр л үүнтэй холбоотой шүүмжлэл, маргаан ёс юм шиг гардаг уламжлал тогтлоо.
-Төслүүдийг эрэмбэлэх аргачлал бий ч тус бүрийнх нь үнэлгээ, эрэмбэлсэн жагсаалтыг төсвийн төсөлтэй хамт ил тод байлгах ёстой гэж үзэж байна. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд төслүүдийг хэрэгцээ, үр ашгийн үнэлгээ, эрэмбэд үндэслэн төсөвт тусгах зохицуулалтыг тусгасан. Ийм зохицуулалттай болчихвол төсөв хүрэлцэхгүй үед өндөр эрэмбэтэй төслүүдээ түрүүлж санхүүжүүлэх, шаардлагагүйг нь хойшлуулах байдлаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн иргэд, олон нийт, судлаач, шинжээчид, хэвлэл мэдээллийн салбарынхан төслийн сонголт, үндэслэлийг хянах боломжтой болно.
-2027 оны төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг. Үүнийг бууруулахын тулд ямар зардлыг хэмнэж, тэвчиж болох вэ?
-Миний хувьд ирэх жилээс шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад төвлөрөн судалгаа хийсэн учраас энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Харин хөрөнгө оруулалтын хувьд хэрэгцээ, үр ашгийн үндэслэл болон зураг төслийн бэлэн байдал хангалтгүй төслүүдийг дахин нягталж, эрэмбийн дагуу санхүүжилтийг нь шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
-Олон он дамнан хэрэгжүүлж буй болон шинээр эхлүүлэх төслүүдийн харьцаа, тэнцвэрийг хэрхэн хангах ёстой вэ. Олон улсад ямар жишиг үйлчилдэг, манайхан хэрхэн төлөвлөдөг юм бэ?
-2027 оны төсвийн анхны төсөлд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 497, шинээр эхлүүлэх 318 төслийг тусгасан бөгөөд санхүүжилтийн ихэнх хувийг шинэ ажлуудад хуваарилсан. Нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай биш л бол хэт олон шинэ төсөл зэрэг эхлүүлэх нь эдийн засагт халтай. Үүний оронд хуучин төслүүдээ анх төлөвлөсөн хугацаа, төсөвт өртөгт нь багтаан дуусгахад анхаарах шаардлагатай. Нэгэн жишээ дурдахад, 2022 онд эхлүүлсэн авто замын зургаан төслийн төсөвт өртөг хэрэгжүүлэх явцад медианаар 60 хувь өссөнийг бид судалгаагаар тогтоосон. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд барилгын материалын үнэ мөн мэдэгдэхүйц өссөн. Шинэ төсөл эхлүүлэхээсээ урьдаар он дамнан үргэлжилж буй ажлуудын үлдэгдэл санхүүжилтийг бодитой тооцож, төсөвт өртөг нэмэх болон хугацаа сунгах шийдвэр бүрийг үндэслэлтэй гаргах шаардлагатай.
-2027 оны төсвийн төслийг ирэх жилүүдэд болох сонгуульд зориулж боловсруулан, хэт өөдрөг төсөөллөөр тэлсэн гэх шүүмжлэл зонхилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хэт өөдрөгөөр төлөвлөсөн гэдэгтэй санал нийлнэ. Харин сонгуультай холбоотой зорилгоор боловсруулсан, эсэхийг мэдэхгүй. 2027 оны төсвийн төслийг анх 2.3 их наяд төгрөгийн алдагдалтайгаар боловсруулсан. Гэтэл “Оюутолгой”-н ногдол ашгийн хоёр их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөж байснаа иргэдэд бэлнээр олгох хувилбарыг ярьж эхэллээ. Зардлыг ижил хэмжээгээр орлуулбал төсвийн алдагдал шууд өсөхгүй. Харин анх төлөвлөсөн төслүүдийг өөр эх үүсвэрээр санхүүжүүлэх тохиолдолд дараагийн жилүүдийн төсөвт ачаалал үүснэ. Мөн энэ шийдвэр нь цаашид бусад төрийн өмчит компанийн төрд хамаарах ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хүлээлт бий болгож болзошгүй. Ийм бодлого давтагдвал Баялгийн сангийн хуримтлал, ирээдүйн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд нөлөөлөх эрсдэлтэй. Тухайн жилийн төсвийн шийдвэрийг дараа дараагийн жилүүдийн санхүүгийн үр дагавартай нь хамт үнэлэх шаардлагатай.