Өрхийн хэрэгцээний гарааш, авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх саналыг Ерөнхий сайдын зөвлөх, хуульч О.Батхүү “E-zasag. mn” системд гаргасныг 20 хоногийн хугацаанд 101 097 хүн дэмжжээ. Тэрбээр энэхүү өргөдлийг Ерөнхий сайд Н.Учралд өчигдөр хүлээлгэн өгч, олон нийтийн хүсэлтийг уламжиллаа.
Өрхийн хэрэгцээний дулаан гарааш, авто зогсоолыг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд энэ үеэр илэрхийлээд “2027 он хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэдээ 1.3 их наяд төгрөгийн татварын дарамтаас чөлөөлж, ажлын байрыг нэмэгдүүлсэн жил байх болно” гэж хэлэв. Түүнчлэн холбогдох хууль, журмыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд үүрэг болгосон байна.
Харин энэхүү өргөдлийг санаачлагч болон дэмжиж гарын үсэг зурсан иргэдийн төлөөлөл “Гарааш бол бизнес хийж ашиг олдог хөрөнгө, тансаг хэрэглээ биш. Автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай дэд бүтэц. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулж, гэр бүлийн хэрэгцээний гарааш, авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хэрэгтэй.
Энэ төрлийн татварыг тэглэх нь авто замын түгжрэлийг бууруулахад ч тодорхой хэмжээнд нөлөөтэй. Зогсоол, гараашгүйгээс машинаа орц, гарц, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд тавьдаг хүмүүс зориулалтын газарт байршуулж эхэлнэ” гэсэн юм.
Н.Мишээл