Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ)-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Отгонцэцэгт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх түүний гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцлээ. Тэрбээр эл ажлыг эрхэлж байхдаа албан хэрэгцээнд дрон авна хэмээн 2024 оны арванхоёрдугаар сард “Хөрөнгө гаргах тухай” гэсэн тушаал гаргаж, “Өлзий сувдан гоёл трейд” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан аж. Улмаар тус компанийн ХААН банкны данс руу зургаан сая төгрөг шилжүүлсэн гэнэ. Гэвч худалдан авах ажиллагаа явуулалгүйгээр өмнө нь “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-т Канадын “Мерит” (Merit)” төслөөс хандиваар үнэ төлбөргүй олгосон дроныг “Өлзий сувдан гоёл трейд” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авсан хэмээн эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлжээ. Ингээд тус компани руу шилжүүлсэн зургаан сая төгрөгөө охиныхоо дансаар болон бэлнээр тухайн аж ахуйн нэгжийнхнээс авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт буруутгагдсан байна. Л.Отгонцэцэгт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жил зургаан сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял шийтгэжээ.
Давж заалдах шатны шүүх түүний гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх хамгийн хөнгөн ял оноосон” гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
Г.Орчлон