Нийслэл дэх авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, хотын эмх замбараагүй байдлыг цэгцлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байгуулж буй Авто худалдааны цогцолборыг энэ сард багтаан ашиглалтад оруулахаар болжээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг үүнтэй холбоотойгоор өчигдөр цогцолборын бүтээн байгуулалттай танилцав.
Авто худалдааны цогцолборын эхний ээлж болох 6375 авто зогсоол бүхий 30 га газрын бүтээн байгуулалтыг дуусгаад буй аж. Зогсоолын барилгын ажил, талбайн гэрэлтүүлэг, зогсоол дээрх тэмдэг, тэмдэглэгээг 100 хувь дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Одоогоор Улсын комисс дүгнэлтээ гаргаагүй, уг дүгнэлтийг гарсан даруйд нь зогсоол худалдан авсан иргэд, бизнес эрхлэгчид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэх аж.
Мөн хуучин 22-ын товчооноос цогцолбор хүрэх 30 метр өргөнтэй, 1.5 км урт авто замыг нь ашиглалтад оруулсан тул нийтийн тээврийн маршрут төлөвлөх, автобусны зогсоол байгуулахаар зэхэж буй гэнэ. Одоогоор цайны 26, нийтийн бие засах тав, авто угаалгын дөрөв, авто засварын хоёр газар байгуулахаар байрыг нь бэлджээ.
Үүнээс гадна нэг нотариат ч, даатгалын гурван компани, арилжааны хоёр банк, Авто тээврийн үндэсний төвийн салбар, оношлогооны төвийн түр барилга барьжээ. Цаашид авто тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах үед үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын бүх салбар нэгжийг энд төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Жил орчим хугацаанд үргэлжилсэн цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж буйтай холбогдуулан, хотын төв дэх автомашины болон тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгслийн ил задгай худалдаа, үйлчилгээний газруудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх талаар энэ үеэр хэлэлцсэн юм.
Худалдаа эрхлэгчдийн олонх нь уг ажлыг дэмжих болсон тул нэлээд урагштай байж, өдгөө эхний ээлжээ дуусгачихаад байгаа гэнэ. Гэхдээ цогцолбор байгуулах тухай ярьж эхэлсэн цагаас л эсэргүүцэж байсан зарим нь өчигдөр ч эсэргүүцлээ илэрхийлж, цаашид жагсаал цуглаан зохион байгуулахаа мэдэгдэв. Нэгэнт ийм цогцолбор барьчихсан, удахгүй ашиглалтад оруулах гэж байхад хэчнээн эсэргүүцээд үр дүнд хүрэхг үй болов уу гэсэн тайлбарыг ажлын хэсгийнхэн тэдэнд өгсөн юм.
Ч.МӨНХ