
Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаарх мэдээллийг Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулав. Үүний дараа Ерөнхий сайд наадмын цогцолбор байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг Шадар сайдад, зураг төслийн ажилд дэмжлэг үзүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Эл цогцолборыг Хүй долоон худагт 30 мянган хүний суудалтай байгуулж, үндэсний бөх, сурын харваа, хурдан морины уралдаан, олон улсын спорт, соёл урлагийн томоохон арга хэмжээг нэг дор зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжийн бүтээн байгуулалт болох Төрийн хүндэтгэлийн хүрээг ашиглалтад оруулаад буй аж. Төслийн нийт хөрөнгө оруулалтыг 100 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон бөгөөд улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшил, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан ил тод, нээлттэй, хяналттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Н.Мишээл