Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасаг, ангиографийн лабортарийнхан зүрхний архаг дутагдлыг эмчлэх орчин үеийн арга болох ресинхронизаци (cardiac resynchronization therapy CRT)-ийг Монголдоо нэвтрүүллээ. Ингэснээр зүрхний дунд болон хүнд зэргийн дутагдалтай, ховдлын үйл ажиллагаа нь доголдсон өвчтөнүүд эл аргыг сонгох боломж бүрдэв. Өөрөөр хэлбэл, зүрхний булчингийн эмгэгийн (кардиомиопати) улмаас дутагдалд орсон хүмүүст ресинхронизаци эмчилгээ хийдэг юм байна. Дэлхий дахинаа тус эмчилгээний аргыг өргөн хэрэглэж байгаа аж. Олон улсад өмнө нь зөвхөн зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний заалттай өвчтөнийг түүгээр эмчилдэг байсан бол өдгөө зүрхний хөнгөн хэлбэрийн дутагдалтай хүнд ч ийм хагалгааг санал болгож буй гэнэ.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар дээрх хагалгааг хийхдээ ресинхронизацийн хамгийн сүүлийн үеийн шийдэл болох зүүн ховдолд дөрвөн туйлт пэйсинг өгөх боломжтой CRT-пейсмекер электродыг ашигласан аж. Ингэснээр пейсмекерээр цохиулах боломжтой байршлын тоо эрс нэмэгдэж, нийт 10 хүртэл тооны векторыг ашиглах боломж бүрджээ. Энэ нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, дахин мэс ажилбар хийлгэх давтамж болон хагалгааны үед электродыг давтан суулгахыг бууруулдаг ач холбогдолтой гэнэ. Мөн электродын тогтвортой, хөдөлгөөнгүй байдлыг алдагдуулалгүйгээр зүрхний ховдлыг суурь хэсгээс хүчдэл өгч цочроох зэрэг олон давуу талтай аж.