Дорноговь аймгийн нутгийн зөвлөл орон нутагтаа 50 ортой эмнэлэг барьж буй бөгөөд бүх сумаараа явуулын эмнэлэг ажиллуулан, нийт 13 сумын 6615 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна. Явуулын эмнэлгийн бүрэлдэхүүнд ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн, хүүхдийн мэс заслын, эх барих, эмэгтэйчүүдийн, дотрын зэрэг нарийн мэргэжлийн найман эмч багтаж, нийт 46 хүнд мэс ажилбар хийж, ЭХЭМҮТ-д 25, АӨСҮТ-д 17, ГССҮТ-д нэг, ХӨСҮТ-д хоёр иргэнийг тус тус илгээж, нэг хүнийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хагалгаа хийлгэхээр шийдвэрлэжээ.
Урьдчилан сэргийлэх үзлэгээр нийт 918 хүүхэд үзсэний дотор цавь, хуйхнагийн эмгэг, суурь өвчтэй хүүхэд олон байсан аж. Дотрын үзлэгт 2360 хүн хамруулснаас хоол боловсруулах системийн эмгэгтэй 26, ходоодны хавдар нэг, цөсний чулуутай 80, элэгний хортой хавдар найм, хоргүй хавдар 30, уйланхайтай 43, элэгний хатууралтай 18, цөсний полиптэй 38, элэгний архаг үрэвсэлтэй 29, бөөрний уйланхайтай 48, бөөр нь жижгэрсэн 11, усжсан гурав, бөөрний гажигтай зургаан хүнийг оношилжээ. Эх барих, эмэгтэйчүүдийн үзлэгээр умайн хүзүүний хорт хавдартай нэг, хоргүй хавдар 62, өндгөвчний хоргүй хавдар 49, умайн хүзүүний шарх 38, цистоцеле 36, үргүй 18, жирэмсэн 36 хүн байснаас бэлгийн замын халдварт өвчтэй таван эмэгтэй байсан аж. Чих, хамар, хоолойн өвчин харьцангуй бага байсан ч хамрын хоргүй хавдартай нэг, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй 258, залгиурын архаг үрэвсэл 102, дунд чихний архаг өвчтэй 68 хүнийг оношилсон байна.