Олон улсын “HelpAge International” байгууллагаас ахмад настны амьдралын түвшингийн индекс “Global agewath index 2015” гаргалаа. Үүнийг НҮБ-ын статистик мэдээлэлд тулгуурлан гаргасан үндсэн дөрвөн үзүүлэлтээр (дээд оноо 100) дүгнэн гаргадаг.
Энэ онд ахмадууд амьдрахад хамгийн таатай орноор Швейцарь нэрлэгдэж, Норвеги, Швед, Герман, Канад удаалан, Мозамбик, Малави, Афганистан хамгийн ээлгүй орноор тодорлоо. Монгол орон судалгаанд хамрагдсан 96 орноос 72 дугаар байрт жагссан байна. Манайх ахмадуудын баталгаат орлогоороо дээгүүр байр эзэлсэн ч хөдөлмөр эрхлэх боломж, аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт муу үзүүлэлт авснаар 72 дугаар байрт орсон гэж судлаачид дүгнэжээ.
Монгол Улсад 65-аас дээш насны иргэд 100 хувь тэтгэвэр авдаг нь Ази тивд эхний байрт орсон. Ахмад настны ядуурлын түвшин 7.7 хувь гэж гарсан байна. Эрүүл мэнд нь 20.5 оноо буюу 93 дугаар байр. Боломж, чадвар 27.9 оноо (64 дүгээр байр). 55- 64 настнуудын 38.6 хувь нь л хөдөлмөр эрхлэх боломжтой. 60-аас дээш насныхны 57.7 хувь нь дунд, дээд боловсролтой байна.
Амьдрах орчин 62.9 оноо (62 дугаар байр). 50-иас дээш насны хүмүүсийн 92 хувь нь гай зовлон тохиолдоход тусламж авах ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэй байна. 53 хувь нь шөнө ганцаараа явахад аюултай гэж хариулжээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ