Нийслэлийн нийтийн тээврийн салбарынхан “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхантай дахиад л хэл ам хийж эхэллээ. Автобус компанийн захирлууд тулгарч буй бэрхшээлээ “Улаанбаатар смарт карт” болон нийслэлийн Тээврийн газрын удирдлагуудад уламжилж, даруй шийдвэрлэхийг шаардаж буй юм. Түлш, засварын хөрөнгө, ажилчдын цалингийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол нийтийн тээврийн салбар иргэдэд үйлчлэх боломжгүй болох гэнэ.
Өнгөрсөн наймдугаар сарын 15- наас нийтийн тээвэр төлбөрийн цахим системийг нэвтрүүлсэн. Ингэхдээ олон улсын туршлага судлан, БНСУ-ын сүүлийн үеийн загварын төхөөрөмж оруулж, суурилуулсан гэдгийг “Улаанбаатар смарт карт”-ынхан хэлж байгаа. Мөн төлбөрийн систем ухаалаг болсноор нийтийн тээврийн салбарынхны орлого ч ил болно гэж байсан.
Өөрөөр хэлбэл, өдрийн орлогоос жолооч, кондуктор хумсалдаг байдлыг зогсооно гэж байв. Гэтэл өдөрт 20-30 мянган төгрөг хумсалдаг байсан кондукторуудыг халж хэдэн арван саяар нь хулгайлдаг төвтэй боллоо гэдгийг автобус компанийн захирлууд хэлсэн юм. Учир нь “Улаанбаатар смарт карт” ХХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын орлогоос 10 хувийн шимтгэл авдаг байна.
Компаниуд 500 сая төгрөгийн орлого бүрдүүлсэн бол 50 сая төгрөгийг нь авдаг аж. Энэ нь төхөөрөмж суурилуулсны төлбөр ажээ. Гэхдээ компанийн захирлууд энэ хураамжийг 10 хүртэл байна гэсэн болохоос яг 10 хувийг нь авна гэж тохироогүй, гэрээ байгуулж гарын үсэг ч зураагүй гэдгийг хэлж байна лээ. Үүнээс гадна автобус компаниуд өдрийн орлогоо банкинд тушаадаг боловч орлого хуваарилагдан ирэхэд хураалгасан мөнгөнөөс нь их хэмжээгээр дутдаг аж.
Тухайлбал, “Блюбус” компанийн орлогоос 30 сая, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс 537 сая, “Атибус” ХХК-ийн орлогоос 55 сая төгрөг дутсан аж. Үүнийг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу машин цагаар тооцоолол хийж орлого хуваарилж байгаа” гэж тайлбарласан. Харин компанийн удирдлагууд үүнийг эсэргүүцэж байгаа юм.
Г.БАЯРМАГНАЙ: НИЙГМИЙН ДААТГАЛД ӨРТЭЙ БОЛЧИХЛОО
Энэ талаар “Атибус” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнайгаас тодрууллаа.
-Автобус компаниуд эсэргүүцэл илэрхийлж, ажил хаяна гэлээ. Ямар шалтгаанаар ажил хаях гэж байгаа юм бэ?
-Бид ажилчдынхаа цалинг ч тавих мөнгөгүй болчихлоо. Уг нь найм, есдүгээр сар бидний хамгийн их орлоготой үе. Компани шаардагдах хөрөнгийнхөө эх үүсвэрийг бүрдүүлдэг. Гэтэл өнөөдөр бид нийгмийн даатгалд сүүлийн гурван сар шимтгэл төлөөгүй явж байна. Үүнээс гадна манай байгууллага банкнаас зээл авч, автобуснуудаа шинэчилсэн. Зээлээ ч төлж чадахгүй боллоо.
Тиймээс бид “Улаанбаатар смарт карт”-ын төвөөс орлогыг хэрхэн хуваарилж байгаа болон машин цагийг яаж тооцоолж байгаагаа тодорхой болгохыг хүсэж байгаа юм.
-Тушаасан орлогын мөнгийг хуваарилахдаа дутаадаг гэлээ. Энэ талаар тодруулна уу?
-Манайх өдөрт найман сая төгрөгийн орлоготой ажилладаг. Гэтэл хуваарилалтаар таван сая төгрөг ирдэг. Гурван сая төгрөгийг нь бусад компанид шилжүүлчихэж байгаа юм. Бүгдээрээ биш ч, нийтийн тээврийн зарим компанид мөнгө хийж байгаа хайрцгаа ухаад авчихаж байна. Харин ажилласан цаг нь системд бүртгэгдээд л байдаг.
Ингээд мөнгөө өөрсдөдөө авчихаж байгаа байдлыг нь хянаж чадахгүй, ажилласан цагийг нь тооцон бидний орлогоос тэдэнд хуваарилж байна. Манай компани 21 хоног банкинд орлогын бэлэн мөнгөө тушаахад 54 сая 902 мянган төгрөг тушаасан орлогоос дутаж ирсэн.
-“Улаанбаатар смарт карт” ХХК компаниудын орлогын 10 хувийг авдаг гэж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Тоног төхөөрөмжийг өртөг гэнэ лээ. Энэ төхөөрөмжийг “Улаанбаатар смарт карт” ХХК 4400 ам.доллараар оруулж ирсэн гэдэг. Тэгээд дөрвөн жилийн турш компаниудын орлогоос 10 хувийг нь авна гэж байгаа юм. Үнэндээ оруулж ирсэн төхөөрөмж нь 2300 ам.долларын үнэтэй байна лээ. Тэгэхээр энэ бол мөнгө угааж байгаа ажил. Хотын удирдлагууд бодит байдлыг мэдэхгүй, энэ хүмүүсийн үгэнд итгэж байгаа нь харамсалтай байна гэсэн юм.
ХАЙРЦАГТ МӨНГӨ ХИЙДЭГ БОЛСНООС ХОЙШ МӨНГӨН ДЭВСГЭРТИЙГ ХУУРАМЧААР ҮЙЛДДЭГ БОЛЖЭЭ
Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр компаниуд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсноос гадна олон асуудлыг ар араасаа дагуулж байгаа ажээ. Кондукторууд ажилгүй болсон, оюутнууд хөнгөлөлтгүй үнээр зорчиж байгаа гэх мэт. Монголын оюутны холбоо оюутнуудыг өнгөрсөн жил ашиглаж байсан смарт картаараа явж болно гэжээ.
Ингээд өчигдрөөс (уржигдраас) оюутнууд хуучин картаа үзүүлэн автобусанд үнэгүй зорчиж байна. Гэтэл автобус компаниудын толгойны өвчин болсон энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэнэ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид тус картаар зорчино гэсэн журмыг хүчингүй болгохоос нааш картыг хураах боломжгүй аж. Үүнээс гадна хайрцагт мөнгө хийдэг болсноос үүдэн хуурамч мөнгө дэвсгэрт үйлчилгээнд гарч байгаа ажээ.
Компаниудын тушаасан орлогын мөнгөн дотор канондсон дэвсгэрт олон байсныг Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл онцолсон. Ямартай ч өчигдөр автобус компанийн удирдлагууд асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй юм. Гэхдээ тэд цахим төлбөрийн системийг эсэргүүцээгүй, ард нь байгаа мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаагаа хэлсэн. Мөн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхгүй бол үйлчилгээнд гарахгүй болохоо ч илэрхийлсэн юм.
Г.БАЯРЦЭЦЭГ