Аялал жуулчлалтай холбоотой нийтлэлүүдийг уншигчдад хүргэдэг “Yahoo travel” вэб сайтын редактор Паула Фроелич Монгол орноор аялсан тэмдэглэлээ цахим хуудсандаа нийтэлжээ.
Тэрбээр “Зочломтой зан уу, хорломтгой авир уу” хэмээн гарчигласан тэмдэглэлдээ “Өнгөрөгч зун Монголд аялж, нүүдэлчин ахуйн өвөрмөц онцлогтой танилцлаа. Тэд босго даван орж ирсэн хэнийг ч зочин хэмээн хүндэтгэж, хоол цайгаар дайлан тэр ч бүү хэл гэртээ хонуулдаг юм билээ. Харин энэ талаар бидний хөтөч Я.Төмөр “Хэрэв гэртээ хонуулахгүй бол хол замд яваа жуулчид төөрч, хээр хонон бүр цаашилбал амь насаа ч алдах эрсдэлтэй” хэмээн тайлбарласан. Монгол Улсын өмнөд хязгаарт амьдардаг Анхаа гэх залуугийнд бид зочиллоо. Ингэний ааруул, цай хоолоор дайлж, биднийг гэртээ хонуулсан залууд архи бэлэглэн, талархлаа илэрхийлэхэд биднийг бэлэглэсэн архинаасаа хундагалан өгсөн нь бас нэгэн өвөрмөц ёс бололтой. Сонирхолтой нь тэдний хэрэглэдэг хундага бидний хэрэглэдэг шөлний аяга шиг том” гэжээ.