“Гал үндэстэн” болоод “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний төлөөллүүд 2013 оны есдүгээр сарын 16-ны өдрийг дурсаж мэдэгдэл хийжээ. Энэ үеэр тус холбооны тэргүүнүүд өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ.
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Я.Хундаганай - АТГ Ерөнхий сайд асан С.Баярын эрүүгийн хэргийг эрүү үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн. Үүнийг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байгаа. Учир нь иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд түүний маш ноцтой хэргүүдийг баримттайгаар нотолж өгсөн. Гэтэл үүнийг эрүү үүсгэн үндэслэлгүй гэж үзэж байгаа нь харамсалтай байна. Мөн Л.Гансүхийн шүүх хурал явагдаж байгаа. Түүнийг “Нүүрс” хөтөлбөрөөр яллаж байгаад мөн харамсаж байгаа. Учир нь тэрээр Оюутолгойн гэрээгээс авахуулаад гүний ус зарсан, Дархан цаазат Богд ууланд их хэмжээний газар олгосон, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүй зэрэг олон хэргээр шүүхийн хаалга татах ёстой. Харин “Нүүрс” хөтөлбөр нь түүний шуналтайн жишээ юм.
Миний бие Баянхонгор аймгийн дөрвөн сумдаар явж ажилласан. Орогийн цагаан нуур ширгэж байна. Дээр үед шувуудаар дүүрэн байдаг байсан ч одоо цагаан дэглийгээс өөр зүйл байхгүй болжээ.
Байшин барилга барих бол хөгжил биш юм. Баянхонгорын Богд суманд ургамлын эрдэм шинжилгээний станц байдаг байсан. Гэтэл түүнийг хаагаад зочид буудал болгосон байна. Бид өөрсдөө л байгаль орчин, газар шороогоо мөхөөх зүйл хийгээд байна шүү дээ” гэлээ.
Мөн түүнчлэн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннамид хэлэхээ “Монголын ард түмэн газар шорооныхоо төлөө, байгалийн тэнцвэрт байдлын төлөө тэмцсэний хоёр жилийн ой тохиож байна. Бид энэхүү өдрийг эв нэгдлийн өдөр болгож байгаа юм. Бид маш олуулаа болж, бидэнтэй олон хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллагууд нэгдсэн. Тиймээс одоо бидэнд айх зүйл байхгүй. Монголын газар шороо, үндэсний аюулгүй байдал хөндөгдөж буй энэ үед Төр засгаас анхаарал хандуулахгүй юм бол бид тавих болно.
Өнөөдөр манай хөдөлгөөнийхөн Өвөрхангай аймгийн Уянга сум, Баянхонгор аймаг зэрэг хаана л газар шороог ухаж байна, тэнд очиж тэмцэл хийснийхээ төлөө эрүү үүсгэгдээд, прокурор, мөрдөн байцаагч, шүүгчид дуудагдаад явж байна. Үүнийг зохион байгуулалттай улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа юм” гэсэн юм.