Автобусны буудэл дээрх сурталчилгааны шилэн самбар дахь баатрууд гэнэт амилан, нийтийн тээвэр хүлээж зогсоо иргэдийг айлгаж, сандарган сурталчилгаагаа хийдэг шинэ моод барууныхны дунд дэлгэрээд буй. Тэгвэл Монголд энэ моод арай эергээр, иргэдэд ээлтэйгээр нэвтэрчээ. Иргэдэд номыг ойроос танилцуулж, сурталчлах зорилгоор “Аз хур” номын сүлжээ дэлгүүрийн хамт олон 25 дугаар эмийн сангийн болон ХУД-ийн соёлын ордны автобусны буудлын саравчний хажуугийн шилэн самбарт “Дэлхийн сонгодог зохиолууд” цуврал номыг байрлуулжээ. Монголын анхны номын сүлжээ дэлгүүр хэмээгддэг “Аз Хур” Нарны зам дагуу байрлах “Мөнхийн үсэг” компанийн байранд томоохон их дэлгүүр нээж буй. Нээлтийн үйл ажиллагаа маргааш 14.00 цагт болох гэж буйтай холбогдуулан тус компани хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг нь энэ аж. Түүнчлэн өчигдөр автобусны буудал болон автобусанд 1000 гаруй ном тараасан гэнэ.
Ном тараах үйл ажиллагаа хэзээ, хаана болохыг “Аз Хур номын дэлгүүр” фэйсбүүк хуудсанд тухай бүрт нь мэдээлж буй юм билээ.
Иргэдийг номонд дурлуулах компанит ажлын дараагийн аян нь “Миний ширээний ном”. Цахим сүлжээний хэрэглэгчид уншиж буй номынхоо зургийг постлон тус аянд оролцох бөгөөд #AzkhurBookChallenge тэмдэглэгээгээр тус аянд нэгдэж буйгаа илэрхийлэх гэнэ. Бусад цахим сүлжээний аяны адилаар найз нөхдөөсөө урилга хүлээн авсан хүмүүс 24 цагийн дотор уншиж буй номынхоо зургийг нийтлэхийн зэрэгцээ аянд нэгдэх таван хүнийг ч нэр заан урих ёстой аж.