Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хүй долоон худаг орчмоор их хэмжээний тарваганы мах тээвэрлэсэн хоёр жийп машин өчигдөр хот руу орох гэж байсныг хууль хяналтынхан илрүүлэн саатуулжээ. Завхан, Улаанбаатарын дугаартай дээрх хоёр машинд 351 тарваганы мах ачсан байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дэд ахлагч Бямбабаяр 17.40 цагт илрүүлсэн боловч нэг жийп нь зугтсан аж. Зугтсан машины жолоочийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах ахлагч Батхишиг гүйцэж саатуулсан байна. “Хэргийн газарт НОБГ-ын Гэнэтийн шалгалтын бүлэг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I, II хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч байна” хэмээн албаны эх сурвалж хэллээ. Өвчсөн болон тулам байдлаар их хэмжээний тарваганы мах нэвтрүүлэх гэж байсан дөрвөн иргэнд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэнэ. Мөн Зоонозын өвчин судлалын төвийнхөн дээрх тарваганы махнаас шинжилгээний дээж авч, нас, хүйсийг тогтоосны дараа мэргэжлийн хяналтын байцаагч нар байгаль орчны хохирлын үнэлгээ гарган, торгууль ногдуулах юм байна.