УИХ-ын намрын чуулганыг өчигдөр нээлээ. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой тохиосон сард нээж буйгаараа уг чуулган онцлог. Тийм ч учраас үе үеийн УИХ-ын дарга болох Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Төмөр-Очир, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд, З.Энхболд нар эл нээлтэд оролцсон юм. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, парламентад ажлаа тайлагнадаг байгууллагын удирдлагууд чуулганы нээлтэд оролцлоо. Эл өдөр гишүүдийн ирц сайн байв. Сүүлийн хэдэн сар ажилдаа ирээгүй гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэн хуралдаа суусан нь “сонин үзэгдэл” болсон.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байгааг тодотгоод, зарим сануулга өгсөн юм. УИХ байнгын хороодын тоог 11-ээс найм болгон цөөлж, шинээр Өргөдлийн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо байгуулсан тул эл бүтцээ хэвшүүлж, үр дүн гаргахад анхаарч ажиллах учиртайг хэлэв. Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, татварын дарамтыг бууруулах реформын чанартай өөрчлөлт хийхээ ч дахин нотолсон. Түүнчлэн боловсролын салбарт тулгамдаад буй асуудлыг хөндөж, “Нэг ангид 70 хүүхэд суралцаж байхад төсөвгүй гэж шалтаглах эрх бидэнд үгүй. Улсын хэмжээнд 124 сургууль хэт өндөр ачаалалтай байна. Анги дүүргэлтийг 40 хүүхдээс хэтрүүлэхгүйн тулд нийт 108 сургууль шинээр барих шаардлагатай. Үүний өртөг нь 1.6 их наяд төгрөг болно. Асуудлыг ирэх гурван жилдээ үе шаттай шийдэхэд жил бүр 36 сургууль, 32 цэцэрлэг барих төсөв зайлшгүй хэрэгтэй” гэв. Түүнчлэн ул¬сын 2026 оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авсан нь сайшаалтай ч олон нийтийн анхаарах ёстой гэж үзсэн эрүүл мэнд, боловсролын салбарын мөнгийг нэмээгүйг шүүмжилсэн юм. Мөн өмнөх жилийн зарчмаас зөрж, 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв оруулж ирсэн тул УИХ-ын гишүүдийг анхаарч, сайтар хянахыг хүсэв.
С.Уул
